Индонезийн Эрчим хүч, эрдэс баялгийн нөөцийн яам ирэх сарын 6-наас өмнө эрдсийн түүхий эдийн экспортод 25 хувийн татвар ногдуулж эхлэх тухай мэдэгджээ. Индонез улсын төр засаг эрдэс баялгийг зөвхөн нэмүү өртөг шингэсэн байдлаар экспортлохоор нэлээд эртнээс хэлэлцэж байсан юм. Эрдэс баялаг, нүүрсний тухай хуулиар бол экспортын татварын хуулийг 2014 оноос хэрэгжүүлэх байсан ч хавьгүй өмнө татвар авахаар тогтож байна.
Улмаар эрдсийн түүхий эдэд экспортын татвар ногдуулах хуулийн төслийг өнгөрсөн хоёрдугаар сард өргөн барьжээ. Одоогоор уг хуулийг тус улсын Төлөөлөгчдийн танхим, салбарын компаниудын төлөөлөл, Индонезийн худалдааны танхим зэрэг байгууллагын төлөөлөл хэлэлцэж буй ажээ. Хэрэв энэ хууль биелвэл жилдээ 350 орчим сая тонн нүүрс олборлон, 280 гаруй сая тонн нүүрс экспортолдог тус улсын нүүрсний салбарт хүндхэн цохилт болох нь тодорхой юм. Үүнтэй зэрэгцэн тус улсын нүүрсний гол худалдан авагч Хятад, Энэтхэг, Өмнөд Солонгос, Япон зэрэг орнуудын худалдааны үнэ ч нэмэгдэнэ.
Мөн Индонезийн металын хүдэр экспортлогчид ч уг хуулиар хүндхэн цохилтод орох нь гарцаагүй юм.
Хэрэв компаниуд хуулийн төслийн аль нэг нөхцөлийг биелүүлэх боломжгүй нөхцөлд бид экспортын зөвшөөрлийг нь цуцлах болно гэж тус улсын Эрдэс баялаг, эрдэс баялгийн нөөцийн Сайд Тармин Сихитэ хэлжээ.
Индонезийн Засгийн газар ирэх жил экспортын татварыг 50 хувьд хүргэх төлөвлөгөөтэй байгаагаа мөн мэдэгдээд байна. Ийнхүү экспортын татвар тогтоож буй явдал нь тус улсын аж үйлдвэрийн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилготой нь холбоотой ажээ.
Ойрын жилүүдэд Индонезд 36 шинэ металлургийн үйлдвэр байгуулагдах гэж байна.
Б.Төгс