Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Олон улсын биржийг зорих монгол компаниуд

С.Болд-Эрдэнэ

2010 онд олон улсын хөрөнгийн зах зээл Монголын уул уурхайн компаниудад ихээхэн ээлтэй байсан гэж хэлж болно. Австралийн бирж дээр “Хүннү Коал”, “Харанга Ресурс”, “Вояжир Ресурс”, Хонконгийн хөрөнгийн бирж дээр “Энержи Ресурс” IPO хийж, тухайн жилийнхээ хамгийн амжилттай IPO-нуудын тоонд орж байв. Ерөнхийдөө дэлхийн санхүү, эдийн засгийн байдал харьцангуй тогтвортой байсан болохоор тэр боломжийг ашиглах гэсэн компаниуд Монголынхоор тогтохгүй хэдэн зуугаараа байсан билээ.

Харин өнгөрсөн жил дэлхийн IPO-гийн зах зээл нэлээд бууралттай байв. 2011 онд олон улсын хөрөнгийн биржүүд дээр 338 IPO хийгдсэн нь өмнөх жилийнхээс 30 хувиар буурсан үзүүлэлт юм. Монголын компаниудад ихээхэн танил болсон Хонконг болон Австралийн хөрөнгийн биржийн өнгөрсөн жилийн тоон үзүүлэлтүүдийг харьцуулж үзье.

2011 оны эхний хагаст Хонконгийн хөрөнгийн бирж дээр 38 компани шинээр бүртгүүлж, 187,2 тэрбум хонконг доллар босгосон нь шинжээчдийн зүгээс хамгийн сайн хагас жил гэсэн үнэлгээг авч байв. 2010 оны эхний хагаст Хонконгийн бирж дээр дөнгөж 27 компани бүртгүүлж, 50 тэрбум хонконг доллар босгож байсан бөгөөд босгосон мөнгөний хэмжээгээр 2011 оныхоос 2,7 дахин байгаа юм. Гэхдээ энэ өсөлттэй үзүүлэлт жилийн турш хадгалагдаж чадаагүй.

Өнгөрсөн жилийн эхний хагаст ганцхан Грекийн өрийн асуудал байсан бол сүүлийн хагаст Европ, АНУ-ын эдийн засаг тогтворгүйжих болсноос үүдэн зах зээлийн тогтвор алдагдсан. Тиймээс ч 2011 оны турш 90 компани бүртгүүлж, 271,4 тэрбум хонконг доллар босгосон байх юм. Үүнийг 2010 онтой харьцуулахад бүртгүүлсэн компанийн хувьд 12 хувиар /102/, босгосон хөрөнгийн хэмжээ 40 хувиар бага /449,5 тэрбум/ байгаа юм.

“PriceWaterhouse Coopers”-ын Хятадын IPO-гийн зах зээлийн талаарх тайланд өнгөрсөн жил Шанхай, Шензен, Хонконгийн биржүүд дээр жижиг дунд компануд IPO хийх сонирхол их байсан бол том компаниуд зах зээлийн байдлыг ажиж, харзнасан байдалтай байлаа хэмээн тэмдэглэсэн байна. Үүнийг бүртгэгдсэн компаниудын тоо нэмэгдсэн ч босгосон хөрөнгийн хэмжээ илт буурсантай холбон тайлбарлаж байгаа юм.

Гэсэн хэдий ч Хонконгийн хөрөнгийн бирж өнгөрсөн жил олон улсын IPO-гийн зах зээлд гол тоглогч байсан юм. Дэлхийд алдартай тансаг хэрэглээний брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Prada, Samsonite зэрэг компани Хонконгийн хөрөнгийн бирж дээр IPO хийсэн нь багагүй шуугиан тарьсан. Харамсалтай нь дээрх хоёр компанийн хувьцааны үнэ 30 гаруй хувиар доошилсны эцэст дөнгөж энэ оны хоёрдугаар сараас л IPO-гийн  үнээсээ дээшээ гарч байна.

Тэгвэл Австралийн Хөрөнгийн бирж дээр өнгөрсөн жилийн турш уул уурхай, эрдэс баялгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 88 компани IPO хийж, 758 сая австрали доллар босгосон хэмээн Australian Resources&Investment сэтгүүл өнгөрсөн гуравдугаар сарын дугаартаа мэдээлжээ. Энэ нь өмнөх оныхтой харьцуулахад буурснаас гадна ихэнх IPO нь амжилтгүй байсан гэж болохоор байгаа юм.

Учир нь дээрх 88 компанийн дөнгөж 23 компанийнх нь хувьцаа 5-225 хүртэл хувь өссөн бол 55 компанийнх нь 3-76 хувь хүртэл буурсан байгаа юм. Ердөө гуравхан компани 100 хувиас дээш өсөлттэй байсан нь цэвэр компаниудын амжилттай үйл ажиллагаатай холбоотой. Нийтдээ 2011 онд тус бирж дээр IPO хийсэн 88 эрдэс баялгийн компанийн хувьцааны ханш дунджаар 23 хувиар буурсан байна.

Харин уул уурхайн салбарын хувьд өнгөрсөн жилийн хамгийн том IPO нь Glencore International AG компанийнх байлаа. Дэлхийн хамгийн том түүхий эдийн худалдаа эрхлэгч Glencore Лондон, Хонконгийн хөрөнгийн бирж дээр тавдугаар сард ойролцоогоор 530 пенсээр /8,6 ам.доллар/ нэгж хувьцаагаа гаргаж, нийт 11 тэрбум орчим доллар босгосон байна. Гэвч өнөөдрийг хүртэлх хугацаанд хувьцааных нь үнэ анх гарч байснаасаа 25 хувийн уналттай байгаа юм.
Өнгөрсөн жилийн IPO-гийн зах ийнхүү уналттай байсныг шинжээчид хэд хэдэн үндсэн шалтгаанаар тайлбарлаж байна.

Энэ жил IPO хийх төлөвлөгөөтэй Монголд үйл ажиллагаа явуулж байгаа компаниудтай MMJ сэтгүүлийн ¹004 дугаараас танилцана уу.