Дэлхийн уул уурхайн гурав дахь томоохон компани Рио Тинто өчигдөр Айвенхоу Майнз-ын хэрэгжүүлж буй “Оaюутолгой” төслийг бүрэн ашиглалтад оруулахад шаардлагатай 6 тэрбум долларын нэмэлт санхүүжилтийг хариуцахаар гэрээ байгуулсан. Энэ хүрээнд “Айвенхоу Майнз” компанийн ТУЗ-ийн гишүүдийн бүрэлдэхүүний тал хувийг буюу долоон хүнийг нь огцруулж оронд нь өөрийн компанийн зургаан төлөөллийг томилсон. Тэрхүү огцруулсан гишүүдийн дунд Роберт Фридланд ч багтсан юм. Гэхдээ Фридландын хувьд Айвенхоу-д эзэмших хувь нь хэвээрээ байгаа юм.
Ийнхүү ТУЗ-ийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орсноор, зөвхөн “Оюутолгой” төдийгүй “Айвенхоу Майнз”-ын удирдлага “Рио Тинто”-д шилжиж байгаа юм. Тиймээс “Рио Тинто” Айвенхоу-гийн “Саутгоби Ресурс” дахь 57.6 хувийн эзэмшлээ Хятадын төрийн өмчийн “Чалко”-д 900 гаруй сая ам.доллараар худалдах гэж буй арилжааны талаар Монголын Засгийн газар ямар шийдвэр гаргахыг ажиглаж сууна. “Рио Тинто” компанийн Гүйцэтгэх захирал Том Албаниз “Айвенхоу-гийн шинэ удирдлагын хувьд бид одоогоор Монголын Засгийн газрын байр суурийг ойлгож мэдэхийг хичээж байна. Гэхдээ “Саутгоби Ресурс”, “Чалко”-гийн тохиролцоо нэлээд ашигтай наймаа байсан. “Чалко” тун өндөр үнэ санал болгосон ” гэжээ.
“Рио Тинто”-гийн хувьд “Оюутолгой” төсөл л хамгийн их сонирхлыг нь татаж буй юм. Тиймдээ ч Айвенхоу-гийн Саутгоби дахь 57.6 хувийн эзэмшлээ “Чалко”-д зарах гэж буй явдал нь “Рио Тинто”-гийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөтэй харшилдахгүй гэж мэдэгдээд байна.
Канадын Саутгоби Ресурс-ын эзэмшдэг Монгол дахь компани Саутгоби Сэндсийн хувьд Монголд хэрэгжүүлж буй нүүрсний гурван төслийнхөө хүрээнд 700 гаруй сая тонн нүүрсний нөөц илрүүлжээ. Эдгээрийн яг хэдэн хувь нь коксжих нүүрс гэдэг нь одоогоор тодорхойгүй байгаа ч багагүй хэсэг нь коксжих нүүрс болох нь Овоот толгойн нүүрсний чанараас тодорхой харагддаг.