Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Байр суурь

Түлш, эрчим хүчний тогтвортой хөгжлийн стратегийн шинэ хандлага

Уулын инженер, академич Пунсалмаагийн Очирбат

Энэ сэдвийг гарчгаас нь эхлээд тайлбарлая. Монголчуудын олон жил нэршиж заншсан нэр томъёог хуучнаар нь хэрэглэхгүй бол ойлголтын зөрүү гарч, улмаар улс төр болж хувирдаг гашуун туршлага бийг мартах аргагүй. 1992 оны Засгийн газрын бүтцэд хуучин Түлш, эрчим хүчний үйлдвэрийн яам гэж байсны “түлш” гэдэг үгийг хасч, Эрчим хүчний яам гэж нэрлэснийг уурхайчид эсэргүүцэн жагсаж, Төрийн ордныг тойрон гороолж, нүүрсгүйгээр эрчим хүч яаж үйлдвэрлэхийг харъя, уурхайчид ажил хаяна гэж айлгаснаар тэр даруйд хуульд өөрчлөлт оруулан Түлш, эрчим хүчний яам болгож байсан түүхтэй.

Уг нь эрчим хүч буюу энергетик гэдэг ойлголт нь өргөн утгаараа эрчим хүчний эх үүсвэрийг байгалийн баялгаас гаргаж авахаас эхлээд түүнийг боловсруулж хэрэглэх, энергийг хувиргах бүх төрлийн нарийн үйлдлийн (эрчим хүчний эх үүсвэр нүүрс, нефть, хий, уран, нар, салхи, ус зэргийг олборлох, боловсруулах, цахилгаан, дулаан үйлдвэрлэх, тээвэрлэх, хуваарилах, борлуулах, хэрэглэх) нэгдлийг хэлнэ гэсэн шинжлэх ухааны тодорхойлолт байдаг.

Хэдий тийм боловч энергийн асуудлыг түлш, эрчим хүчний балансын бүтэц, түлш, эрчим хүчний цогцолбор талаас нь салгаж, тэдгээрийн тогтвортой хөгжлийн стратегийн шинэ хандлагыг тодорхойлох шаардлага тулгарч байна. Энэ нь нэг улс орны төдий бус дэлхий нийтийн асуудал болж байна.

Түлш, эрчим хүчний тогтвортой хөгжлийн асуудлыг эрчим хүчний уламжлалт эх үүсвэр болсон нүүрс, нефть, байгалийн хийн хүрээнд ярьж, зөвхөн цахилгаан, дулаан үйлдвэрлэх түүхий эд болгон хэрэглэх үе нэгэнт өнгөрчээ. Эрчим хүчний өөр нэг эх үүсвэр ураныг цэрэг-стратегийн зориулалтаар ашиглах явдал хүйтэн дайны үетэй хамт өнгөрчээ.

Тогтвортой хөгжлийн стратегийн шинэ хандлага гэж юүг хэлнэ вэ?

XX зууны хоёрдугаар хагасаас “Өсөлтийн хязгаар” гэж яригдах болов. Дэлхийн хүн ам өссөөр, хэрэглээ нэмэгдсээр, байгалийн нөөц хорогдсоор буй үйл явц тасралтгүй үргэлжилсээр тун удахгүй нэгэн цагт байгалийн нөөц барагдах бус уу? Тэр үед хүн төрөлхтөн яах вэ гэдэг асуулт тавигдаж, хариулт шаардаж эхлэв.

Хариу нь тогтвортой хөгжил гэж гарав. Энэ юү гэсэн үг вэ? Тогтвортой хөгжил гэдэг нь «Өнөөгийн хүмүүс хэрэгцээгээ хангахдаа хойч үеийнхээ хэвийн амьдрах нөхцөлийг хадгалж үлдээх ёстой» гэсэн үг ажээ. Гэтэл нөхөн сэргээгдэж өсч үрждэг хэрэгцээг нөхөн сэргээгддэггүй байгалийн нөөцөөр яаж тасралтгүй хангах билээ гэдэг асуудал гарч ирж байна. Үүнийг шийдэх тогтвортой хөгжлийн хоёр арга байна. Нэг нь бүтээгдэхүүний орцыг нанотехнологийн түвшинд хүртэл бууруулах, нөгөө нь эрчим хүчний нөөцийг зөвхөн дэлхийн нүүрс устөрөгчийн түүхий эдийн хязгаараар бус сансар огторгуйн нээлттэй системийн хүрээнд нар, салхины тасралтгүй урсах энергийн эх үүсвэрийн хүрээнд авч үзэх шинэ хандлага юм.

Түлш, эрчим хүчний тогтвортой хөгжлийн стратегийн шинэ хандлагын мөн чанар, утга учир үүнд л оршино.

Эрчим хүчний эх үүсвэрийн тогтвортой хөгжлийн стратегийн шинэ хандлага юу байх вэ?

1.    Нүүрсийг зөвхөн цахилгаан дулаан үйлдвэрлэхэд ашиглах бус түүнийг энерго-технологийн чиглэлээр боловсруулах, хийжүүлэх, шингэрүүлэх замаар хагас кокс, шингэрүүлсэн хий, нийлэг нефть, химийн түүхий эд, нүүрс-химийн цогцолбор байгуулж ашиглахыг стратегийн шинэ хандлага гэнэ.
2.    Коксжих нүүрсийг зөвхөн коксын баяжмал байдлаар бус кокс-металлургийн цогцолбор болгон эцсийн бүтээгдэхүүн нь ган байхаар ашиглахыг урьтал болгохыг стратегийн шинэ хандлага гэх бөгөөд зарим тохиолдолд сонирхогч улс орон өөрийнхөө үйлдвэрлэх гангийн технологид нийцүүлсэн коксоо Монголын коксжих нүүрсний орд дээр үйлдвэрлэх боломж нээлттэй байх юм.
3.    Монгол Улсын нүүрсний ордын нүүрсийг олборлож, түүхийгээр нь экспортлох бизнесийн үйл ажиллагааг Монголд ашиггүй гэж үзэх. Эрчим хүчний эх үүсвэрийн бизнесийг зөвхөн харилцан ашигтай байх нөхцөлд хөгжүүлэх нь стратегийн шинэ хандлага мөн.
4.    Эрчим хүчний нүүрсийг экспортын зориулалттай үйлдвэрлэх, цахилгаан үйлдвэрлэх эх үүсвэр болгон ашиглах хамтын ажиллагааг стратегийн шинэ хандлагын нэг хэлбэр гэж үзэж болно.
5.    Шатах занарын онцлог чанарыг ашиглан хийжүүлэх, шингэрүүлэх технологийг эрчимтэй хөгжүүлж нийлэг нефтийн гол түүхий эд болгохыг стратегийн шинэ хандлага болгох.
6.    Нүүрсний аж үйлдвэрийн салбарт оруулах гадаадын хөрөнгө оруулалтын талаар баримтлах тогтвортой хөгжлийн стратегийн шинэ хандлагад нүүрсний гадаадын хөрөнгө оруулалтыг нүүрсийг   хар төмөрлөг, кокс-хими, энерго-технологийн зэрэг цогцолборуудад чиглүүлэх бодлого баримтлах нь нүүрсний салбарын тогтвортой хөгжлийн стратегийн шинэ хандлага мөн. Нүүрсийг ухаж, түүхийгээр нь борлуулах ажлыг монголчууд гадаадынхны оролцоогүй хийж чадна.
7.    Нефтийн хайгуул зардал ихтэй, эрсдэл өндөртэй учир гадаадын хөрөнгө оруулалтыг энэ чиглэлээр ашиглах бодлогоо үргэлжлүүлж нефть боловсруулах үйлдвэрийг дотоодын хэрэгцээг бүрэн хангах хэмжээнд хүргэх хүчин чадалтай байгуулах боломжийг бүрэн ашиглах хэрэгтэй. Байгалийн хийн хайгуулын талаар нефтьтэй адил бодлого баримталбал зохино.
8.    Ураны судалгааны талаар хамтран ажиллахаар тохиролцсон ОХУ, АНУ, Франц, Япон, Энэтхэг, БНХАУ, БНСУ зэрэг орнуудтай ураны хайгуул, олборлолт, боловсруулалтын судалгааны нэгдсэн төвийг Монгол Улсад байгуулж, МАГАТЭ-тэй хамтран ажиллавал илүү үр дүнд хүрнэ. Зарим улстай хоёр болон олон талын хамтын ажиллагааны үр ашигтай хэлбэрийг ашиглах боломж нээлттэй байвал зохино.

Эрчим хүчний үйлдвэрийн тогтвортой хөгжлийн стратегийн шинэ хандлагын тухайд гэвэл,

Тавих зорилт нь:

Монгол Улс цахилгаан эрчим хүч импортолдог орноос экспортолдог орон болоход оршино. Цахилгаан үйлдвэрлэлийн эх үүсвэрийн бүтэц, хүч чадлын сонголтыг дээрх зорилтод нийцүүлэх нь чухал. Үүнд:

Цөмийн цахилгаан станц            Дулааны цахилгаан станц
Усан цахилгаан станц            Салхин цахилгаан станц
Нарны цахилгаан станц            Сэргээгдэх эрчим хүчний бусад эх үүсвэрийг ашиглан цахилгаан үйлдвэрлэх станц

ХХI зууны эхний 50 жилийн дэлхийн хандлагыг харвал түлш, эрчим хүчний балансад тэргүүн байранд сэргээгдэх эх үүсвэр (нар, салхи, ус) дараах байранд нүүрс, гуравдугаарт цөмийн эрчим хүч орж байна.

Монгол Улс шиг энергийн төвлөрсөн хэрэгцээ багатай таруу байрлалтай хэрэглэгч бүхий онцлогтой орны хувьд дотоодын цахилгаан эрчим хүчний хэрэгцээг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт суурилсан цахилгаан станцаар хангах бодлого баримтлах нь тогтвортой хөгжлийн стратегийн чухал хандлага мөн. УИХ-аар батлагдсан эрчим хүчний үндэсний хөтөлбөр бий. Сэргээгдэх эрчим хүчний хууль ч бий. Эхний ээлжинд төрийн бодлогын эдгээр баримт бичгүүдийг хэрэгжүүлж, тодоохой түвшинд хүрээд түүндээ тулгуурлан цаашид энэ чиглэлийг эрчимжүүлэх нь эрчим хүчний тогтвортой хөгжлийн стратегийн үндсэн хандлага болох учиртай. Монгол Улсын салхины эрчим хүчний нөөцийн атласт тодорхойлсноор улсын хэмжээнд 13 аймгийн нутаг дэвсгэрт 20000 мВт-аас доошгүй салхины эрчим хүчний нөөцтэй, 9 аймгийн нутагт 50000 мВт-аас дээш нөөцтэй гэж тогтоосон байна. (Сэргээгдэх эрчим хүчний хөтөлбөр)

Улсын цахилгааны төвлөрсөн хэрэгцээг хангаж, эрчим хүч экспортлогч орон болохын тулд цөмийн болон дулааны цахилгаан станцуудыг зохистой харьцаагаар хөгжүүлэх нь тогтвортой хөгжлийн стратегийн шинэ хандлагыг тодорхойлно.
“Монгол Улсын төрөөс цацраг идэвхтэй ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого”, “Цөмийн энергийн тухай” Монгол Улсын хуулийг УИХ-аас 2009 онд баталсан.

Энэхүү бодлогынхоо зорилтыг “цөмийн эрчим хүч үйлдвэрлэхэд оршино” гэж тодорхойлсон. Монгол Улсын цахилгааны хэрэгцээг 2025 оны түвшинд 2500 мВт гэж тодорхойлсон бөгөөд 2012 оны байдлаар улсын эрчим хүчний суурилагдсан чадлыг 993 мВт, үүнээс төвийн бүсэд 814 мВт гэж үнэлсэн. Цахилгааны давтамжаа өөрөө тохируулж, эрчим хүчний эх үүсвэрийнхээ боломжийг цахилгаан болгон экспортлохын тулд багаар бодоход 4000 мВт чадал буй болгох шаардлагатай.
Энэхүү чадлын хэдэн хувийг цөмийн цахилгаан станцаар хангах боломжтойг туршлагатай орнуудтай зөвлөлдөж, тодорхойлох нь зөв байх. Монголд цацраг идэвхт ашигт малтмалыг ашиглах бодлогын тухайд цөмийн циклийн эхний алхмуудыг хийж эхлэх нь зүйтэй байж болох юм.

Тухайлбал:

Ураны ордыг хайх         Ураны хүдрийг олборлох
Ураны хүдрийг боловсруулах-шар нунтаг U3O8- ийн хэмжээнд хүргэж экспортлох.

Цөмийн цахилгаан станцын тухайд цөмийн реакторуудын найдвартай, аюулгүй ажиллагааг хангах баталгаа сайжрах хүртэл жижиг дунд чадлын цөмийн реакторыг (100- 400 мВт) ашиглах боломжийг судалж шийдвэрлэж болох юм. Энэ бүхнийг эрчим хүчний тогтвортой хөгжлийн стратегийн шинэ хандлага гэж үзэх үндэстэй юм.

Эдгээр алхмуудыг хийх бодит боломж Монголд байна. Судлагдаж нөөц нь тогтоогдсон Хайрхан, Хараат, Гурванбулаг, Мардай, Дорнод Гурвансайхан зэрэг орд байна. Эдгээрээс дэс дараалан ашиглаж, U3O8--ийг үйлдвэрлэж эхлэх боломж байна.

Зарим судлаачдын үнэлгээгээр Монголд ураны 10 орд, ураны хүдрийн 100 орчим илрэл, бараг 1000 шахам эрдэсжсэн цэг байдаг тухай мэдээлэл бий. (Миронов Ю.Б.) Эдгээр илрэл цэгүүдээс сонгон судалж хайх хэрэгтэй юм. Тэгэхдээ хайсан, олсон болгоноо ашиглаж болохгүй, хадгалах хэрэгтэй. Энэ бол тогтвортой хөгжлийн зарчим.

Монгол Улсын түлш, эрчим хүчний тогтвортой хөгжлийн стратегийн шинэ хандлагын талаар товчхон тоймлоход ийм байна. Шүүн хэлэлцэж, санал бодлоо нэгтгэж, төрийнхөө бодлогыг томьёолцгооё.



  • Erdenebayar (202.131.225.226)
    Энэ нөхөр одоо Шарын голыг дампууруулчаад юугаа яриад байгаан бол до төсвийн хөрөнгөнд гар дүрж хүүхдүүдээ гадагшаа явуулсан одоо гадныхантай нийлж Ову Толгойд тэнэгтэж явна
    2012 оны 04 сарын 24 | Хариулах