Сайншандын аж үйлдвэрийн мастер судалгааг өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлээр АНУ-ын “Бэктэл” компани боловсруулж дуусна гэж мэдэгдээд байсан билээ. Энэхүү судалгааны дүнг Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо өнгөрсөн сарын эхээр мэдээлэх байсан ч судалгааны дүгнэлт гарах хугацаа хоёр сараар хойшилжээ.
Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны мэдээлж буйгаар “Бэктэл” компани мастер судалгааг дөрөвдүгээр сарын сүүлээр өргөн барих төлөвтэй байна. Судалгааг хойшлуулсны шалтгаан нь аж үйлдвэрийн цогцолборыг эдийн засгийн хувьд үр ашигтай байх нөхцөлийг нарийвчлан боловсруулахад нэмэлт судалгаа шаардлагатай байгаа ажээ.
Сайншандын аж үйлдвэрийн паркт зэс хайлуулах, кокс хими, нүүрс хийжүүлэх, ангижруулсан төмөр, цемент, цахилгаан станц, ус цэвэршүүлэх байгууламж зэрэг олон төсөл хэрэгжүүлэх юм. Урьдчилсан тойм тооцоогоор аж үйлдвэрийн цогцолборыг барьж байгуулахад 10-15 тэрбум ам.долларын санхүүжилт хэрэгтэй бөгөөд 3-5 жилийн хугацаа шаардагдахаар байна.