Тавантолгой цахилгаан станцын Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурах ёслол Шангри-Ла зочид буудалд боллоо.
Монгол улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөр болон УИХ-аас баталсан Төрөөс эрчим хүчний салбарт баримтлах бодлогын баримт бичигт Тавантолгойн нүүрсний орд газрыг түшиглэн цахилгаан станц барьж, Оюутолгойн төсөл, өмнийн говийн аж үйлдвэрийн болон уул уурхайн цогцолборуудыг эрчим хүчээр хангах зорилт тусгагдсан юм
Энэхүү гэрээнд Монгол улсын Засгийн газрыг төлөөлж Монгол улсын сайд М.Энхсайхан, төслийн компанийг төлөөлж “Тавантолгой Цахилгаан Станц” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Мөнхтөр, хөрөнгө оруулагчийг төлөөлж “М-Си-Эс-Пауэр” ХХК-ийн Ерөнхий захирал Ш.Мөнхбат нар гарын үсэг зурав.
Арга хэмжээг нээн Монгол улсын сайд М.Энхсайхан Тавантолгой цахилгаан станцын талаар танилцуулга хийлээ.
Энэхүү зорилтын хүрээнд барьж байгуулах Тавантолгойн цахилгаан станц нь Монгол улсын анхны бие даасан эрчим хүч үйлдвэрлэгч буюу “Independent Power Producer” /IPP/ төсөл бөгөөд Төслийн санхүүжилт хэлбэрээр хэрэгжин, төсөлтэй холбоотойгоор Монгол улсын Засгийн газар ямар нэгэн төлбөрийн баталгаа гаргахгүй гэдгээрээ онцлогтой.
Монгол улсын Засгийн газрын харьяа Төслийн нэгжээс зохион байгуулсан сонгон шалгаруулалтын үр дүнд төслийн гадаадын хөрөнгө оруулагчаар Японы Марубени корпораци, дотоодын хөрөнгө оруулагчаар М-Си-Эс компани тус тус шалгарсан билээ.
Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулснаар үндсэн худалдан авагч болох Оюутолгой ХХК-тай хамтран Эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ байгуулах, төслийг санхүүжүүлэгч олон улсын банк санхүүгийн байгууллагуудтай хэлэлцээр хийх зэрэг томоохон ажлын эхлэл тавигдаж байна.