Монголд ашигт малтмалын хайгуул явуулж байгаа Австралийн “Юмералла Ресурс” компани Австралийн хөрөнгийн бирж дээр IPO хийхээр болжээ. Австралийн хөрөнгийн биржийн зүгээс тус компанийн хувьцааг бүртгэж авахыг зөвшөөрсөн байна. Ирэх сарын гурван буюу пүрэв гаригт хувьцааны арилжааг эхлэх аж.
Компани нь нийт 20 сая ширхэг хувьцаатай бөгөөд 17,5 сая ширхэг хувьцааг нэгж бүрийг нь 0,20 австрали доллараар үнэлэн гаргахаар болжээ. IPO хийснээр багадаа 3,5 сая доллар босгоно хэмээн Австралийн proactiveinvestors.com сайтад мэдээлсэн байна.
“Юмералла Ресурс” нь Монголд вольфрамын хайгуул хийдэг. Дорнод аймгийн Дашбалбар сумын нутагт Чулуун хороот гэдэг вольфрамын талбай дээр хайгуулын лиценз эзэмшдэг. Чулуун хороотын хайгуулын лиценз нь Дашбалбар сумын төвөөс 20 км зайтай, 12,657 гектар талбайг хамардаг юм байна. Уг ордыг хуучин 1945-1955 оны үед ашиглаж байжээ.
С.Болд