АСЕМ-ын уулзалтад төрийн тэргүүний түвшинд Болгар, Кипр, Латви, Мьянмар, Өмнөд Солонгос, Хорват, Чех, Швейцарь зэрэг нийт 11 орны Ерөнхийлөгч, Индонези, Энэтхэгийн дэд Ерөнхийлөгч нар, Засгийн газрын гишүүний түвшинд Орос, Хятад, Сингапур, Тайланд, Камбож, Герман, Вьетнам зэрэг 24 орны Ерөнхий сайд, Шадар сайд, бусад түвшинд Грек, Дани, Ирланд, Итали, Пакистан, Франц зэрэг 16 орны Гадаад хэргийн сайд болон бусад сайд, Тусгай элч, Элчин сайд нар, Европын холбооны Ерөнхийлөгч, АСЕАН-ы Ерөнхий нарийн бичгийн дарга нар Монгол Улсад хүрэлцэн иржээ.
Ази-Европын 51 орон, хоёр олон улсын байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалт Монгол Улсад анх удаагаа зохион байгуулагдсан нь дэлхий нийтийн анхаарлыг татаад зогссонгүй, энэ уулзалтаар АСЕМ-ын 20 жилийн ой тохиосноороо ихээхэн онцлог байв.
Ази-Европын орнуудын Засгийн газар хоорондын яриа хэлэлцээ, хамтын ажиллагааны албан бус үйл явц болсон АСЕМ-ын өнгөрсөн 20 жилийн ололт амжилт, алдаа оноог энэ удаагийн уулзалтаар дүгнэн хэлэлцэхээр 51 улс, 2 олон улсын байгууллагын удирдагчид Улаанбаатарт хуран цуглав.
Долдугаар сарын 15-ны өглөөний 7:00 цаг. Ази-Европын Дээд түвшний 11 дүгээр уулзалтад (АСЕМ) оролцох өндөр дээд хэмжээний зочдыг угтан авах ажиллагаа “Шангри Ла” цогцолборын угтах талбайд албан ёсоор эхэллээ.
“АСЕМ-ын 20 жил: Уялдаа холбоогоор өртөөлөн ирээдүйн түншлэлийн төлөө” сэдвээр зохион байгуулагдсан уулзалтын нээлт 9:00 цагт албан ёсоор эхэлсэн.
АСЕМ-ын дөрвөн дагалдах хурал болох Ази-Европын Парламентын түншлэлийн уулзалт (ACEП), Ази-Европ түмний чуулга (AEПФ), Ази-Европын Бизнесийн чуулган (AEDФ), Залуучуудын Модел АСЕМ-ын зохион байгуулагчид үг хэлж, хурлын үр дүнг танилцуулан Дээд түвшний уулзалтын баримт бичигт тусгуулах саналаа уламжилсан юм.
АСЕМ-ын уулзалтын албан ёсны нээлтийн ажиллагааны дараа хоёр хэлэлцүүлэг бүхий Нэгдсэн хуралдаан хаалттай болов. Эхний хэлэлцүүлэг нь “Түншлэлийн 20 жил: Өнгөрснөө дүгнэж, ирээдүйгээ тодорхойлох нь” сэдвийн хүрээнд болж, АСЕМ-ын түнш орнуудын төрийн тэргүүн нар сүүлийн 20 жилийн улстөрийн хэлэлцээ, эдийн засгийн хамтын ажиллагаа, соёл-нийгмийн солилцоо, хамтын ажиллагаагаа дүгнэн ярилцлаа.
Хоёрдугаар хэлэлцүүлэг нь “АСЕМ-ын Түншлэлийг хөгжүүлэх өргөн уялдаа холбоо” сэдвээр өрнөж, Ази-Европын “зөөлөн” болон “хатуу” уялдаа холбоог хөгжүүлэхэд илүү төвлөрч ярилцсан юм.
Нэгдсэн хуралдаанд оролцсон Ази, Европын төр, засгийн тэргүүн нар, Европын зөвлөлийн Ерөнхийлөгч, Европын комиссын Ерөнхийлөгч, АСЕАН-ы Ерөнхий нарийн бичгийн дарга нар хамтарсан мэдэгдэл гаргасан юм.
АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалт хоёр дахь өдрөө буюу 16-нд АСЕМ Вилла хотхоны Их гэрт хаалттай хуралдаанаар үргэлжилсэн юм.
Уг хуралдаанаар Төгсгөлийн баримт бичгүүдийг батлан гаргасан нь уулзалтын хамгийн том үр дүн байлаа.
АСЕМ-ын 20 жилийн ойн баярыг тэмдэглэх хүрээнд “Чингисийн хүрээ” цогцолборт зочилж, үндэсний уламжлалт баяр “Нүүдэлчдийн наадам”-ыг үзэж сонирхлоо.