Ярилцсан Г. Идэрхангай
Төмөр замын газрын дарга Т.Батболдтой ярилцлаа
Монгол улсын төмөр замын салбарт “Үндэсний төмөр замын суурь бүтэц” гэсэн зуун хувийн төрийн өмчит компани байгуулагдахаар боллоо. Энэ компани эхний ээлжинд ямар ажлууд гүйцэтгэх вэ?Энэ компанийг ярихын өмнө би эрх зүйн зохицуулалттай холбоотой хэдэн зүйлийг онцолж хэлье. УИХ-аас 2007 онд баталсан Монгол улсын Төмөр замын тээврийн тухай хууль бол салбарын эрх зүйн чиг баримжааг тодорхойлсон суурь бичиг баримт. Хуулийн үзэл баримтлалд суулгаж өгсөн гол санаа нь ерөөс төмөр замын суурь бүтцээр хийгдэх тээвэрлэлтийн үйл ажиллагааг зохицуулсанд байдаг.
Улаанбаатар төмөр зам нийгэмлэг 1949 оноос үйл ажиллагаа явуулж байна. Энэ компани нэг талаасаа суурь бүтэц эзэмшигч. Нөгөө талаас төмөр замын тээврийн үйл ажиллагааг хамтад нь эрхэлдэг. Гэтэл олон улсад төмөр замын суурь бүтэц эзэмшигч нь тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулахгүй байх зарчмыг мөрддөг. Тэгэхээр шинээр байгуулагдах шинэ компаниудыг ийм буруу бүтэц рүү оруулж болохгүй. Харин суурь бүтэц дээгүүр хэн ч тээвэр хийх эрх нь нээлттэй байх ёстой. Өрсөлдөөн өрнөж байх ёстой.
“Үндэсний төмөр замын суурь бүтэц” гэж одоохондоо нэрлээд байгаа компанийг байгуулахын учир ийм. Энэ бол яг оноосон нэр биш. Шинээр баригдах төмөр замын суурь бүтцийг эзэмшинэ гэдэг утгаар л хэлж байгаа хэрэг. Суурь бүтцийг гэрээний үндсэн дээр нийтэд тээвэр хэлбэрээр ашиглуулах зарчмыг энэ компани баримтална. “Улаанбаатар төмөр зам”, “Монголын төмөр зам”-аас гадна хувийн хэвшлийн, төрийн хөрөнгө оруулалттай компаниуд энэхүү суурь бүтцээр тээвэр хийх боломжтой.
Өөрөөр хэлэх юм бол компаниуд суурь бүтэц ашигласны төлбөр хураамжаа Үндэсний төмөр замын суурь бүтэц гэж нэрлэгдээд байгаа компанидаа төлж байх юм. Засгийн газрын зүгээс энэ компанийг байгуулах чиглэл өглөө. Тэгэхээр төрийн өмчит компани яаж байгуулагддаг билээ, яг л тэр зарчмаараа, Төрийн өмчийн хороо хариуцаад явна. Компани байгуулагдсаны дараа эхний ээлжиндээ өөрийнхөө суурь бүтэц байгуулах үе шат болгоныг удирдаж явах ёстой.
Шинэ компани байгуулагдсанаар төрийн өмчит “Монголын төмөр зам” компанийн эрх үүрэг хумигдлаа гэсэн мэдээллүүд хэвлэлээр нэлээд гарч байна. Энэ компани анхнаасаа төмөр замын суурь бүтэц барих, ашиглах, тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэх чиг үүрэгтэй байгуулагдсан юм биш үү?Анхнаасаа гэдэг зүйл дээр зөв ойлголт өгмөөр байгаа юм. “Монголын төмөр зам” компани ондоо зорилгоор байгуулагдсан. Тодруулж хэлбэл, Мянганы сорилтын сангийн төслийн хүрээнд 30 зүтгүүр, 180 гаруй вагон авна, дохиолол холбоог сайжруулна. Улаанбаатар төмөр замын аж ахуйг сайжруулна, тэр бүх хөрөнгийг өмчилж ашиглана гэсэн зорилгоор байгуулагдсан юм. Тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэх үүрэгтэй гэсэн үг л дээ. Түүнээс биш төмөр замын суурь бүтэц барих ажилд энэ компанийг оролцуулах ойлголт анхнаасаа байгаагүй.
Мянганы сорилтын сангийн төсөл тодорхой шалтгаануудын улмаас зогссоныг та бүхэн мэдэж байгаа. Ингээд явцын дунд “Монголын төмөр зам” компани “Шинэ төмөр зам” төсөл рүү зүгээр гүйгээд орчихсон байдаг юм. Би дээр хуулийн үзэл баримтлал, зохицуулалтын тухай цухас дурьдсан. Тээвэрлэлт, суурь бүтэц өмчлөл, ашиглалт тусдаа байх ёстой. “Монголын төмөр зам” компанийн тухайд зүтгүүр, вагонууд өмчилж байна. Энэ бол тээвэрлэлтийн л үйл ажиллагаа.
Хятадын 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр төмөр замын салбарын хөдлөх бүрэлдэхүүнийг сайжруулах, шинэчлэх, Замын-Үүдэд ачаа шилжүүлэн ачих байгууламж барих төслийг “Монголын төмөр зам” хэрэгжүүлсэн. Эхний төсөл нь хэрэгжээд дуусч байна. Мөн Хятадаас төмөр замын барилгын машин механизм авахаар тохиролцоод эхний тоног төхөөрөмж, машин механизмууд орж ирж байна. Энэ бүх хөрөнгө өнөөдөр төмөр замын тээвэрлэгчийн үүрэг гүйцэтгэх төрийн өмч давамгайлсан “Монголын төмөр зам” компанийн мэдэлд очиж байна.
Харин төмөр замын суурь бүтцийг барих буюу “Шинэ төмөр зам” төслийг “Монголын төмөр зам” хэрэгжүүлэх нь тээвэрлэлт, суурь бүтэц эзэмшлийг хольсон хэрэг болно. Цаашдаа энэ хэвээр явбал бүр ч будлиантана. Хамгийн гол нь энэ хоёрыг зааглахын тулд хуулийн зарчмаа баримтлах хэрэгтэй.
Үндэсний төмөр замын суурь бүтцийг хариуцсан компани байгуулагдсаны дараа “Монголын төмөр зам” зөвхөн тээвэрлэлтийн үйл ажиллагаандаа төвлөрнө.
Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогоор бол эхний ээлжинд Тавантолгой ордоос Сайншанд, Чойбалсангийн чиглэлд төмөр зам барих ажлыг “Монголын төмөр зам” хариуцаж, зарим ажлаа эхлүүлсэн шүү дээ?Энэ бүтээн байгуулалтыг “Монголын төмөр зам”-аар үргэлжлүүлж хийлгэхгүй, шинэ компанид яагаад хариуцуулах гээд байгаа юм бэ гэж үү. Түрүүн хэлсэнчлэн, тээвэрлэлттэй холбоотой төслүүд энэ компани дээр аль хэдийнэ хэрэгжээд эхэлчихсэн. Шинэ төмөр замын бүтээн байгуулалт хараахан барилгын ажилдаа ороогүй байна. Зөвхөн бэлтгэл ажлаа хангах хүрээнд явж байгаа. Техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөл гэх зэргээр. Өөрөөр хэлэх юм бол тээвэрлэлттэй холбоотой ажлууд биелсэн, харин бүтээн байгуулалтын төслүүд нь цаасан дээр бий. Нөгөө талаас “Монголын төмөр зам” компанийн хэрэгжүүлж буй төсөл бол зөвхөн Тавантолгой-Сайншанд-Чойбалсан гэсэн төмөр замын маршрут бүхий тусгай зөвшөөрлийн хүрээнд хэрэгжиж байгаа. Тэгвэл суурь бүтэц эзэмших шинэ компани үүнээс өөр.
Шинэ компани “Монголын төмөр зам”-ын одоо хэрэгжүүлж байгаа төслийг эзэмшихээс гадна “Энержи Ресурс” компанийн Ухаа худаг-Гашуун сухайт, МАК-ийн Нарийн сухайт-Шивээ хүрэн, “Болд төмөр ерөө гол”-ын 90 орчим км төмөр замын суурь бүтцийг бүхэлд нь нэгтгэн зангидаж хариуцах юм. “Болд төмөр ерөө гол” компани төмөр замаа тавиад дуусч байна. Улсын комисс хүлээж авах л үлдсэн.
Төмөр замын эдгээр суурь бүтцийг барих тусгай зөвшөөрөл эзэмшиж буй компаниудтай төрийн өмчит шинэ компани гэрээ хэлэлцээ хийнэ. Үүний үндсэн дээр хувийн хэвшлийн хөрөнгийн 51 хувийг өөртөө шилжүүлэх ёстой юм. 51 хувийг нь төр өмчилж авна гэсэн үг шүү дээ. Гэхдээ энэ нь шууд шилжүүлэх юм уу, тодорхой ашиглалтын хугацааны дараа шилжүүлж авах уу, шилжүүлж авлаа гэхэд гэрээний үүрэг хариуцлага ямар байх вэ гэдэг аяндаа тодорхой болно.
Гэхдээ “Монголын төмөр зам” компанийн хувьд өнгөрсөн жилүүдэд амжуулсан ажлууд нэлээд бий биз дээ? Суурь бүтэц байгуулах чиглэлээр хийсэн ажлууд гэх юм бол нэгдүгээрт шинэ замынхаа трассын зургийг Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газар, ЗТБХБЯ-тай хамтраад гаргасан. Ерөнхий чигийн зургийг зохиохдоо дагуу огтлолын зураг хийгээгүй гэж би түрүүн хэлсэн. Энэ дутуу орхигдсон байгаа. Уг нь энэ зураг дээр үндэслээд урьдчилсан ТЭЗҮ боловсруулах ёстой байсан.
Үргэлжлэлийг Mongolian Mining Journal-ийн ¹004 дугаараас уншина уу.