Өнөө
үед байгаль экологид ээлтэй сэргээгдэх эрчим хүч ашиглахыг дэлхий даяар
эрмэлзэж байна. Өргөн уудам нутагтай манай орны сум суурин бүрийг
нийтэд нь эрчим хүчний нэгдсэн системд холбоход хүндрэлтэй. Алслагдсан
хөдөө орон нутагт сэргээгдэх эрчим хүч ашиглахыг хамгийн тохиромжтой
арга зам гэдэг.
Нарны энергийг хуримтлуулагч цэнэг хураагуурыг
хийхэд хэрэглэдэг гол түүхий эд болох цахир буюу болор манайд элбэг тул
ашиглах бүрэн боломжтой гэдгийг мэргэжилтнүүд хэлдэг. Болрын тархац
ашиглалтын талаар Геологи, эрдэс баялгийн музейн захирал, ШУТИС-ийн
Генетик минералогийн лабораторийн эрхлэгч, гавьяат багш, доктор,
профессор Ж.Лхамсүрэнтэй ярилцлаа.
Болор нарны зай хураагуурыг хийхэд ашигладаг гол түүхий эд юм байна. Энэ эрдэс чулуулгийг өөр юунд ашиглаж байна вэ?Өнөөгийн
хүмүүсийн хэрэглээ болсон бугуйн цаг, электрон цаг, телефон, компьютер,
өнгөт телевизор, радио хүлээн авагчаас эхлээд угаалгын машины эд ангид
хүртэл цахилгаан оронд хэлбэлзэгч болрын нимгэн ялтас ордог. Даралтат
болрын тусламжтайгаар гэрлийн хурдаар дуу, дүрсийг дамжуулж байна.
Монголоос Америкийн Вашингтонд байгаа хүнтэй ярихад асар хурдан
хугацаанд дуу, дүрсийг дамжуулж байгаа зүйл нь даралтат болор юм.
Даралтат болрыг ашиглан өчүүхэн багаас эхлээд асар өндөр даралтыг хэмжих
багаж хэрэгсэл хийж, үйлдвэрлэл техникийн маш олон салбарт хэрэглэж
байна. Аливаа тэслэх дэлбэлэх ажил болон их буугаар буудахад хүртэл гол
төмөр дотор үүсэх агшин зуурын их даралт, мөн сансарт нисч яваа хүний
юмуу эмнэлэгт хэвтэж буй өвчтөний судасны даралтыг хэмжих багаж
хэрэгслийг хийхэд хүртэл даралтат болрыг ашиглаж байна.
Даралтат болрын бусад төрлийн болроос ялгарах онцлог нь юү вэ?Болрын
талстыг хоёр талаас нь шахаж дарахад цахилгаанждаг сонин үзэгдлийг
пьезо цахилгаан шинж гэх ба тийм болрыг даралтат болор /пьезокварц/ гэж
нэрлэдэг. Болрын найрлага бүтэцтэй холбоотой энэ үзэгдлийг анх Францын
физикч Пьер ба Жак Кюрри нар 1880 онд нээж, улмаар радио техникт
үелзлийг тогтворжуулах хэрэгсэл болгон хэрэглэсэн түүхтэй. Даралтат
болор нь маш цэвэр цул тогтоцтой байдгаараа онцлог юм. Түүнчлэн даралтат
болор нь цахилгаан оронд хэлбэлзэл үүсгэдэг онцлог шинж чанартай.
Монголд цахир, болор хэр их түгээмэл байдаг вэ?Монголын
бараг бүх аймаг, нутагт болор түүний төрөл зүйлүүд олддог. Энэ төрлийн
баялаг ихтэйгээрээ Монгол улс дэлхийд алдартай. Өнөөдөр манайхан метал,
нүүрс рүү хошуураад цахир, болрыг нэг их ойшоохгүй байна. Болор бол
жинхэнэ стратегийн түүхий эд. Дайны дараа 1950-иад оны үед Монголд
инженер ховор, оросууд голдуу ажиллаж байлаа. Тэр үед Монголын бүх
нутгаар болрыг судалж улмаар ашиглаж байсан. Дэлхийн хоёрдугаар дайнд
ЗХУ-ын ялсан шалтгаануудын нэг нь даралтат болроор хийсэн техник
хэрэгсэл ашиглаж байсантай холбоотой гэдэг.
Болрыг яаж олборлодог юм бэ?Болор
олборлохын тулд ордын геологийн тогтоц бүтцийг судлан, эрдсүүдийг
цогцоор нь ашиглах үүднээс том хөндлөн огтлолтой босоо малталт хийдэг.
Заримдаа ил уурхай хэлбэрээр ашиглах нь тохиромжтой. Ер нь судалт болрын
тархац тогтсон зүй тогтолгүй учраас ордын хайгуул, ашиглалтыг хамтатган
явуулдаг онцлог талтай. Ордыг олборлож дуусахад болрын нөөцийн хэмжээ
гарна. Уулын малталт явуулах үед болрын талстуудад өө сэв, гэмтэл учирч
болзошгүй тул тэсэлгээ, бутлах ажиллагааны горимыг ордын онцлогт
тохируулан өөрчилж явуулдаг.
Болрын нөөц олон улсад шавхагдсан
учраас лабораторийн нөхцөлд зохиомлоор ургуулан гаргадаг болсон. Хэдий
зохиомлоор гаргаж авах боломжтой ч түүнийг ургуулахад байгалийн болор
түүхий эд нь болдог. Тиймээс болорыг стратегийн бүтээгдэхүүн гэж онцолж
байгаа юм.
Манай улсаас экспортолж байгаа төмрийн хүдэр дотор
газрын ховор элементүүд гарч байгаа учраас судалж, агууламжийг нь
тогтоох шаардлагатай гэдэг. Мөн экспортод гарч байгаа жоншинд болор
багагүй хэмжээгээр агуулагддаг гэх юм. Үүнийг судалж тогтоох боломж
манайд бий юү? Төмрийн хүдэр дотор цайр, цайрыг дагалдаад
кадми, инди зэрэг маш чухал элементүүд агуулагддаг. Гадаад руу
экспортолж байгаа төмрийн хүдэр болон бусад ашигт малтмал дотор хэчнээн
өөр ховор элемент гарч байгааг хэн ч мэдэхгүй. Түүнийг судалдаг
лаборатори манайд байдаггүй. Зөвхөн төмрийн хүдрээр ч зогсохгүй.
Жишээ
нь: “Эрдэнэт” үйлдвэрээс гэрээ хэлэлцээр ёсоор зэс молебдин
экспортолдог. Зэсийн агуулга л хүрч байвал шууд экспортлоод гаргаж
байгаа. Гэтэл тэр хүдэр дотор алт, мөнгө, селен, рени гэх мэт маш чухал
элементүүд байгаа. Зарчмын хувьд эдгээрийн агууламж, хэмжээг тогтоож
болно. Гэхдээ манайхаас түүхий эд авч байгаа гадны оронд тэдгээр
элементийг ашиглах боломж бараг байхгүй. Түүнийг ялгаж авахын тулд өндөр
технологи хэрэгтэй. Тэр технологи нь одоогоор сайн хөгжөөгүй байна.
Нүүрс, төмрийн хүдэр, зэсийн хүдэр гээд экспотортод гаргаж байгаа бүх л
ашигт малтмал дотор олон хэрэгцээт элементүүд байдаг. Зүйрлэж хэлвэл,
бид хонио зарлаа гэхэд арьсны үнийг авахгүй байгаатай ижил юм.
Манайх
түүхий эдээ дотооддоо боловсруулдаг болчихвол экспортод гаргаж буй
түүхий эдэд агуулагдах ховор, хэрэгцээт элементүүдийг ашиглах боломжтой
юу?Боловсруулах үйлдвэртэй болоод эцсийн бүтээгдэхүүн
гаргавал ашигтай нь ойлгомжтой. Гэхдээ тийм үйлдвэрүүд байгуулахад маш
их цаг хугацаа, хөрөнгө мөнгө шаардагдана. Болгар улс эхлээд зэсийг
түүхийгээр нь экспортолдог байсан. Хэсэг хугацааны дараа ашиггүй гэж
үзээд электроникийн үйлдвэрлэл хөгжүүлж, зэсийн цувимал гаргадаг болсон.
Зэсийн цувималыг зүгээр ч нэг цувуулаад ороочихдоггүй. Электроникийн
технологи, үйлдвэрлэлийг хөгжүүлж байж л стандартынх нь дагуу хийнэ.
Болгар
улс электроникийн салбарыг хөгжүүлэхийн тулд өөрийн орондоо энэ
чиглэлийн залуу инженерүүдийг бэлтгэн өндөр хөгжилтэй Япон зэрэг улсад
жирийн ажилтнаар хэдэн жил ажиллуулж туршлагажуулдаг. Тэдгээр
мэргэжилтнүүдийнхээ туршлага дээр үндэслэн өөрийн улсдаа өндөр
технологийн үйлдвэр байгуулдаг байсан. Манайх энэ жишээнээс санаа авч
болох юм. Гэвч туршлагатай ажилтнаа бэлтгэх гэсээр байтал хэрэгцээт
түүхий эдийг экспортлоод дуусах төлөвтэй байна.
О.Хосцэцэг