ТОП
аж ахуйн нэгжүүдийн шагнал гардуулах ёслол Монголын Худалдаа Аж
үйлдвэрийн Үндэсний танхимд / МҮХАҮТ/ өчигдөр боллоо. Уг арга хэмжээг
МҮХАҮТанхим, Монгол Улсын Засгийн газартай хамтран жил бүр уламжлал
болгон зохион байгуулдаг бөгөөд энэ жил 11 дэх удаагаа зохион
байгуулагдсан юм. ТОП аж ахуйн нэгжүүдийг амжилт бүтээл, тогтвортой үйл
ажиллагаа, татвар төлөлт, эдийн засаг, нийгмийн хөгжилд оруулж буй хувь
нэмрээр нь шалгаруулдаг. Хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүдийн тоо өдрөөс
өдөрт нэмэгдэж, үйл ажиллагаа нь өргөжиж буй тул МҮХАҮТ энэ оноос эхлэн
“ТОП-150” аж ахуйн нэгжийг шалгаруулж байхаар тогтжээ.
Уг
арга хэмжээнд Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд оролцож үг хэлсний
зэрэгцээ топ аж ахуйн нэгжүүдийн салхийг хагалж шагнал гардуулсан. Энэ
жилийн жагсаалтыг анх удаа үндэсний томоохон групп М Си Эс тэргүүлж,
“Энержи Ресурс” компани удаалав. Ийнхүү эхний 10 топ аж ахуйн нэгжид
НИК ХХК, Мобиком групп, Номин холдинг, Магнай трэйд, Сод Монгол групп,
АПУ, Вагнер Ази тоног төхөөрөмж багтсан байв.
Харин Монгол улсын
“саалийн үнээ” болох Эрдэнэт үйлдвэр энэ жил оролцохоос татгалзжээ.
Зохион байгуулагчдын ярьснаар бол материалаа ирүүлээгүй гэнэ. Өмнөх
шалгаруулалтуудыг бодвол энэ жил уул уурхайн салбарын компаниуд хүч
түрэн орж ирсэн нь илт байлаа. Арга хэмжээнд оролцсон зарим төлөөлөгч
цаашдаа ихээхэн ашиг орлоготой ажилладаг уул уурхайн компаниудыг тусад
нь ангилж, шалгаруулж байхгүй бол шалгаруулалтад оролцох сонирхолтой
бизнесийн бусад аж ахуйн нэгжүүд “ТОП-150”-ийн жагсаалтаас гарч,
өрсөлдөх аргагүй болох нь гэж ярьж байсан юм.
Г.Идэр