“ЗАМайн Сервисиз” компани дэлхийд алдартай “Хитачи” фирмийн техник, тоног төхөөрөмжүүдийг “Хүрэн шанд” уурхайд хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээ долоодугаар сарын 22-нд боллоо.
Өмнөговь аймгийн Гурвантэс суманд орших нүүрсний “Хүрэн шанд” уурхай дээр зохион байгуулсан энэхүү арга хэмжээнд “ЗАМайн Сервисиз” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Эйжи Тоёошима, “ЗАМайн Сервисиз” ХХК-ийн Үйл ажиллагаа эрхэлсэн захирал Ю.Ариунсайхан, “Өсөх зоос” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Билэгтөр, “Өсөх зоос” ХХК-ийн Уул уурхай, үйлдвэрлэл хариуцсан захирал Д.Баясгалан нар оролцон үг хэлж, тууз хайчилсан юм.
Арга хэмжээгээр “Хитачи” фирмийн ZX-450, ZX-470, EX-1200, EX-1900 загварын нийт зургаан экскаваторыг “Хүрэн шанд” уурхайн хамт олонд ёслол төгөлдөр хүлээлгэн өглөө.
“1996 оноос хойш Японы “Марубени” корпораци Монгол улсад томоохон дүнтэй худалдааны хэлэлцээр хийж байгаагүй юм билээ. Өнөөдөр бид “Хитачи” фирмийн техникийг уурхайдаа авахаар нийт 11 тэрбум төгрөгийн худалдааны гэрээг “ЗАМайн Сервисиз” компанитай хамтран амжилттай хэрэгжүүллээ” хэмээн “Өсөх зоос” ХХК-ийн Уул уурхай, үйлдвэрлэл хариуцсан захирал Д.Баясгалан онцлов.
“Экскаватор бол уурхайн үйл ажиллагааны анхдагч тоног төхөөрөмж юм. Өөрөөр хэлбэл, хамгийн түрүүнд ашиглагдах техник гэсэн үг. Тиймээс техникийн бэлэн байдал өндөр, эвдрэл гэмтэл багатай байж бусад техник, тоног төхөөрөмж үр ашигтай ажилладаг онцлогтой” гэж уурхайн инженер, техникчид ярьж байлаа.
Ийнхүү өнөөдрөөс “ЗАМайн Сервисиз” болон “Өсөх зоос” компаниудын хамтын ажиллагаа эхэлж байна. Бид “Хүрэн шанд” төсөл дээр өөрсдийн нөөц бололцоог 200% дайчлан ажиллахад бэлэн байх болно.
Нүүрсний “Хүрэн шанд” төсөл Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт Нарийнсухайтын нүүрсний сав газарт багтах Хүрэн шандын нүүрсний орд газарт түшиглэн хэрэгжих төсөл юм. Төслийг хэрэгжүүлэгч “Өсөх зоос” компани нь 2008 онд байгуулагдсан байна.