Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ярилцлага

Хамааралтай компаниуд нийлж 15+15 хувийг авчих нөхцөл бий

Ярилцсан Н.Ариунтуяа

Энэ долоо хоногт УИХ-аас нэгэн чухал шийдвэр гарч мэднэ. Стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль УИХ-аар хэлцэгдэн батлагдвал урин дуудаж ирсэн Монгол улсын хөрөнгө оруулалтын бодлого хянах хязгаарлах болж өөрчлөгдөж ч магадгүй. Нэг талаас үндэсний аюулгүй байдлаа эрхэмлэх, нөгөө талаас гадаадын хөрөнгө оруулалтыг үргээчихгүй байх хоёр талын ашиг сонирхлын гол цэгийг зөв онох учиртай энэ хуулийн төслийн талаар “Нээлттэй нийгэм форум”-ын менежер, судлаач Н.Дорждарийн байр суурийг сонирхлоо. 

Стратегийн ач холбогдол бүхий салбартаа гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхээр боллоо. Гадаадын хөрөнгө оруулалтад баримтлах Монгол улсын бодлогод томоохон өөрчлөлт орж мэдэх энэ алхамыг та хэрхэн хүлээж авч байна вэ?    


Энд хоёр асуудал байгаа юм. Монгол улс хамтрах түншээ сонгох эрхгүй болчихоод байна гэсэн асуудал сая “Саусгоби сэндс”-ээс үүдэн босч ирлээ. Хоёрт, Монголын лиценз, Монголын баялаг дээр тулгуурлаж гадаадад хөрөнгө босгон ашиг хийгээд байдаг. Тэр нь Монголд буудаггүй, монголчууд ямар нэгэн хувь хүртдэггүй. Энэ санаачилсан хуулийн төслөөр нэг л асуудлыг нь шийдэх гэж оролдож байна. Өөрөөр хэлбэл, бид хэнтэй ажиллахаа өөрсдөө мэдэх эрхтэй гэдэг утгаараа хуулийн төсөл орж ирж байх шиг байна. Хуулийн санаа бол огт болохгүй зүйл биш. Монгол улс үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалаа баталчихсан. Түүндээ эдийн засгийн асуудлаа түлхүү оруулсан учраас тусгаар улсын хувьд хэнтэй түншлэхээ шийддэг байх нь зөв.

Хоёр дахь асуудал буюу хэн нэгэн Фридланд Монголын баялаг дээр тулгуурлаад тэрбумтан болоод байхад Монголын тал тэндээс ямар нэг ашиг хүртэхгүй байна гэдгийг энэ хууль шийдэхгүй. Гадаадад хувьцаагаар ашиг хийж байгаа тохиолдолд тэр ашгийг Монголоос үүсэлтэй ашиг гэж үзээд түүнд татвар ногдуулах асуудлыг  шийдэх хууль ч юм уу зохицуулалтыг ойрын үед яаралтай хийх хэрэгтэй. Энэ хоёр асуудлыг хамтад нь шийдсэн бол их зүгээр байсан юм. Харамсалтай нь чуулган одоо дуусах гэж байна. Гэхдээ оройтох юу байхав. УИХ-аас ажлын хэсэг байгуулаад намар гэхэд татварын асуудлыг тавих нь зөв байх. Татвар бол эдийн засгийн аргаар асуудлыг шийдэх оролдлого гэдэг утгаараа илүү давуу талтай.

Хуулийн төслийн хувьд хэр санагдсан бэ? Дутуу дулимаг зүйл анзаарагдав уу?   

Нэлээд чамбайруулах шаардлагатай санагдсан. Бодох ёстой хамгийн чухал зүйл бол гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих болон үргээхийн нарийн заагийг зөв олох явдал юм. Хуулийн төслийг харж байхад хоёр зүйл ажиглагдаж байна лээ. Хэт өргөн хүрээний, олон асуудлыг хамарсан байдалтай байсан. Тэр олон чиглэлийн үйл ажиллагааг бүгдийг хянаж чадах уу, үгүй юу. Хэрэгжүүлэхэд ямар хүндрэл учрах вэ. Мэдээж нарийн зохицуулалтууд гаргаж болно. Гэхдээ амьдралд гарч болох элдэв нөхцөл байдлыг бүгдийг тусгаж чадахгүй нь ойлгомжтой учраас салбар, үйл ажиллагаа гэж хэт өргөн томьёолсноо эргэн харж зохицуулах хэрэгтэй санагдсан.

Салбар гэдэг их ерөнхий томьёолол. Эрдэс баялгийн салбар гэхэд барилгын материал хайрга, элсийг зэс, алттай зэрэгцүүлж үзэх үү. Том жижиг ордууд байна. Тэгэхээр нарийн зохицуулалтууд нэлээд хэрэгтэй юм шиг байна лээ.
Хоёрт, стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжид Монголын тал дор хаяж 51 хувийг эзэмшинэ гэсэн хэт ээдрээтэй, эргэлзээтэй гэхээр заалт байсан. Ялангуяа гадаадын хөрөнгө оруулалтыг үргээх тал дээр энэ заалт хүчтэй нөлөөлж магадгүй.

Норвегийн газрын тосны “Статойл” гэж мундаг компани Монголд орж ирээд олборлолт хийлээ гэж бодоход стратегийн ач холбогдолтой гээд 51 хувийг нь Монголын тал эзэмших ёстой гээд яваад байх уу, үгүй юү. Магадгүй “Статойл” 100 хувь удирдлагаа хэрэгжүүлэн үйл ажиллагаагаа явуулж, тэндээс Монголын тал авах ёстой татвараа бүрэн аваад явбал илүү үр ашигтай байж ч мэднэ. Яагаад гэвэл “Статойл”-ын бизнесийн ёс зүй, стандартууд их өндөр. Дээрээс нь технологи, мэдлэг нь байж байна. Манайх 51 хувийг эзэмшчихээр тэр мэдлэг, соёл нь бидэнд бий юү гээд асуудлууд үүснэ.

Яагаад гадаадын хөрөнгө оруулалттай “Статойл” шиг мундаг том компаниуд Монголд ажиллаж болохгүй гэж. Заавал тэр компанийн 51 хувийг эзэмших гээд байгаа нь ямар учиртай юм. “Оюутолгой”-н 34 хувийг эзэмшиж байгаатай нэгэн адил 51 хувийг эзэмшинэ гэхэд түүндээ тохирсон хөрөнгө оруулалт хийнэ гэвэл тэр хөрөнгийг яаж оруулах вэ. Газрын тосны 10 тэрбум долларын хөрөнгө оруулалтын төсөл байлаа гэхэд бид 5 тэрбумыг гаргах уу. Тэр “Статойл”-оос ч юм уу, “Петро Чайна”-гаас, гадны хөрөнгө оруулагчаас зээл аваад 51 хувиа санхүүжүүлээд яваад байх уу.

Гадны хөрөнгө оруулагчид яг үнэндээ Монголыг газрын тос, уул уурхайн чиглэлээр л сонирхож байгаа. Гадныхны сонирхоод байгаа салбарт бид байгаа хэдэн төгрөгөө аваачаад хийгээд байх уу. Эдийн засгаа олон тулгууртай болгоно, хүнээ хөгжүүлнэ гэсэн мөртлөө тэртээ тэргүй гадны хөрөнгө оруулалт орж ирж байгаа ганц салбартаа байгаа мөнгөө хийгээд байх нь хэр зохимжтой вэ гэдгийг бодох л ёстой. 

Мэдээж улс орны үндэсний аюулгүй байдлын үүднээс нэг улсаас хэт хараат болох, түншээ сонгох асуудал дээр бид хориг тавьж болно. Заавал Монголын тал байх ёстой, гадныхан байх ёсгүй гэдэг утгаараа биш. Тодорхой хэлцэл дээр хориг тавиад дараа нь магадгүй өөр хөрөнгө оруулагч ороод ирэхэд боломжийн байвал зөвшөөрч болно шүү дээ. Тэр боломжийг л энэ хуулиар хаачих гээд байх шиг харагдаж байна. Гадны л хөрөнгө оруулагч бол хэн ч байсан зөвшөөрөхгүй гэсэн байдалтай. 

Дээрээс нь яг ямар үндэслэлээр зөвшөөрөл олгох нь тодорхой биш байгаа. Дотроо хэлэлцэж байгаад л Засгийн газар нэг шийдвэр гаргачих юм шиг байна. Шийдвэр гаргах үндэслэлээ хуульд нарийвчлан оруулж өгөх ёстой.  Ямар нөхцөлд зөвшөөрч болохгүйгээ тодорхой болгох хэрэгтэй. Засгийн газар бол улс төрийн  байгууллага. Ямар зорилгоор ямар шийдвэр гаргах нь тухайн үеийн нөхцөл байдлаас хамаарна. Янз бүрийн дарамт шахалт, улс төрийн наймаа явагдахыг үгүйсгэх аргагүй. Тиймээс шийдвэр гаргах үндэслэлийг тодорхой болгож өгөх нь зөв. Засгийн газар хоёр ижил нөхцөлд, хоёр өөр шийдвэр гаргах нөхцөл байдлаас сэргийлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол хөрөнгө оруулагчдыг үнэхээр үргээх асуудал болно.     

Мөн хуулийн төсөлд Монголын тал гэсэн тодорхойлолт байгаа. Монгол нэртэй Монголын нэг иргэн компани байгуулаад л Монголын тал болчих уу. Эсвэл хөрөнгө оруулалтыг нь харах ёстой юм уу. “Энержи ресурс” буюу ММС энэ хуулийн дагуу бол Монголын тал биш болчихож байна. Офшор бүсэд бүртгэлтэй завсрын компанитай, мөн Хонконгт хөрөнгө босгосон компани учраас. Иймэрхүү компаниуд бүгд Монголын тал биш болчихоор байна. Түүнээс гадна “Статойл” шиг мундаг технологи, мэдлэгтэй гадны компанийг оруулж ирэх сонирхол бидэнд байлаа ч Монголын тал гэдэг зүйл хаагаад хаячихна. Энд асуудлыг буруу шийдэж байгаа юм болов уу л гэж харж байна. Гэхдээ батлагдаагүй байгаа учраас хэлцэгдэж, өөрчлөгдөх байх л даа.

Таны ярьсан хоёр дахь шийдэх ёстой асуудал гээд байгаа хувьцааг нь худалдан авах замаар ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг худалдаж буй арилжаанаас төр татвар хураах асуудлыг Сангийн яам судлаад Ашигт малтмалын тухай хууль болон Аж ахуйн нэгжийн татварын хуульд оруулах өөрчлөлтүүдийг бэлэн болгосон гэж байсан? 


Энэ талаар сайн мэдэхгүй байна. Манайд суутгал татваруудыг давхар татварын гэрээгээр үндсэндээ үйлчлэхгүй байхаар нөхцөл үүсгэчихсэн байгаа. Монголын ордыг барьцаалан хөрөнгө босгоод, хувьцаа гаргаж зараад дундаас нь ашиг олж байгаа үйл явцад татвар ногдуулахад хамгийн гол бодолцох зүйл нь олон улсын гэрээнүүд. Тэр асуудлаа эхлээд шийдэх хэрэгтэй.

Ер нь давхар татварын гэрээнүүдийг өөрчлөх ёстой гэдгийг Оюутолгойн гэрээ батлагдахаас өмнө л манайх ярьсан. Оюутолгойн гэрээг манайх дөрвөн хуулиа өөрчилж байж баталсан. Түүнээс өмнө манайх яагаад давхар татварын гэрээнүүдээ өөрчилж болоогүй юм. Одоо ямар ч хуулинд өөрчлөлт оруулаад Оюутолгойд хамаарахгүй. Манайд Оюутолгой шиг орд дахиад гарах уу, үгүй юу гэдэг эргэлзээтэй. Газар нутаг маань бүрэн судлагдаагүй, зөндөө Оюутолгой байгаа гэж ярьдаг ч амьдрал дээр их өөр асуудал. Олон улсын нөхцөл байдал, эрдсийн зах зээл ч их өөр болж байна. Ерээд оны хайгуулын нөхцөл байдлыг одоогийнхтой харьцуулах аргагүй. 

Тэгэхээр одоо байгаа хамгийн том ордоо бодож л аливаа өөрчлөлтийг хийхээс өөр арга зам үгүй. Стратегийн ач холбогдолтой аж ахуйн нэгж дээр гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай энэ хууль батлагдлаа гэхэд  Оюутолгойд хамаарахгүй. Оюутолгой дээр өмчлөгч нь өөрчлөгдвөл зөвшөөрөл авна гэсэн заалт сүүлд оруулсан. Гэхдээ өмчлөгч нь хэд хэдэн шатлалтай, олон давхар компани байгаа шүү дээ. Тэгэхээр энэ гэрээний дагуу бид нэг л шат явахаас хоёр шат явж зохицуулалт хийж чадахгүй. Өөрөөр хэлбэл, Айвенхоугийн эзэн солигдоход манайхтай зөвшилцөх хэдий ч Рио Тинтогийн эзэн солигдвол бид хориг тавих боломжгүй байгаа.

Олон улсын арилжаанаас татвар авахад хэрэгжих боломж бололцоо нь хэр байх бол?

Гадаадын хөрөнгийн бирж дээр явж байгаа арилжаанаас татвар авах асуудал харьцангуй шинэ. Олон улсад бүрэлдсэн практик ч их бага. Ямар нэг улсын туршлага, энэ талаар бичсэн материал ерөөс олддоггүй. Зарим нэг улс орон хэрэгжүүлэх гэж оролддог ч амжилттай болсон гэж хэлэхээр жишээ одоогоор байхгүй байгаа. Гэхдээ боломжтой гэдэг нь харагдаж байна. Зарим хөрөнгө оруулагчид ч иймэрхүү татвар байж болохыг хүлээн зөвшөөрдөг. Ер нь компанийн хувьд хаана татвар төлөх нь чухал биш. Нийт татварын хэмжээ л чухал байдаг. Ялангуяа ашигт малтмал, баялаг, үл хөдлөх хөрөнгө маань Монголд байна гэдэг утгаараа тэндээс үүсч байгаа ашгаас татвар авлаа гэхэд компаниуд эсэргүүцээд байх үндэслэл байхгүй л дээ.

Тиймээс давхар татварын гэрээнүүд, олон улсын татвар ногдуулалтын дүрмүүдийг сайн судалж байгаад хийхэд бүрэн боломжтой. Олон улсын гэрээ хэлэлцээрүүдтэйгээ уялдуулах, татвараа хурааж авах бололцоотой байх, амьдрал дээр хэрэгжих бололцоотой байх, тэр бүгдийг бодолцож хийх асуудал байгаа юм. Дээрээс нь ямар арилжааны хувьд ямар татвар авах ёстой юм, бүх арилжаанаас авах нь түвэгтэй тул тэр өртөг зардлаа ч бодолцох л ёстой. Бас тэдгээр компанийн олж байгаа ашгаас манайх татвар хурааж чадах уу гэдэг асуудал бий. Яагаад гэвэл Монголд болоогүй хэлцэл, Монголд болоогүй арилжаа. Манай татварын байгууллага тэр компаниас мөнгөө яаж авах вэ гэдэг асуудлыг бодолцоод хийвэл болохгүй зүйл байхгүй. Хамгийн гол нь баялаг нь, газар нь манайд байгаа болохоор татвар авах бүрэн үндэслэлтэй.

Шийдэх өөр аргууд ч байна. “Оюутолгой” компанийн хувьцааг биш “Айвенхоу Майнз” компанийн хувьцааг Монголын төр эзэмшиж болохоор л байгаа. Иймэрхүү өөр арга замууд байж болох ч татвараар зохицуулах нь илүү эдийн засгийн арга юм уу гэж бодогдоод байгаа. Дээрээс нь төр маань өөрөө бизнес рүү маш их ордог боллоо. Үүн дээр ч гэсэн харьцангуй хязгаарлалт болох давуу талтай юм.

Бид гадаадын хөрөнгийн бирж дээр явагдаж байгаа томоохон арилжаа, хэлцлүүдээс яаж татвар авч болох вэ гэдэг талаар тусгайлан санал болгохоор бэлдэж байгаа. Энэ сард бэлэн болгоод холбогдох байгууллагуудад өгнө. Манайх төрийн бус байгууллага. Өөрсдийнхөө хувь нэмрээ оруулж чадна, өөрчлөх шаардлагатай гэсэн итгэл үнэмшилтэй асуудлаа өөрчлөхийг санал болгоно.

Төр ашигт малтмалын хуулийг өөрчилнө гээд багагүй хугацаа өнгөрч байна. Дотроо нэг юм бодоод, бэлтгээд л байх шиг байна. Ямар өөрчлөлт хийх гэж байгаа, ерөнхий концепцийг нь мэдэхгүй болохоор тодорхой зүйл дээр санал өгөхөд түвэгтэй байна л даа. Аливаа татварын хувьд нийт татварын ачаалал, тогтолцооны эрсдэл, татвар хураах чадамж зэргийг багцаар нь харахгүй болохоор тэр татварыг тэгж өөрчлөөч гэж санал хэлэхэд хэцүү. Төр засаг маань ямар байдлаар бодлогын орчноо өөрчлөх гэж байгаа нь тодорхой биш болохоор бидний санал иж бүрэн, бүгдийг бодолцсон байж чадахгүй болчихоод байгаа юм.

Ашигт малтмалын хуулийн төслийг бэлдэж байгаа бол түүнийгээ олон нийтээр хэлэлцүүлэх хэрэгтэй байна. Хуулийн төслүүдийг тодорхой хугацаанд хэлэлцүүлдэг,  олон нийтийн санал авдаг процесс үнэхээр дутагдаж байна. Мэдээллийн ил тод байдал, мэдээлэл авах эрхийн тухай хууль дээр аливаа хуулийн төслийг вэб сайт дээр байрлуулаад 30 хоног болно гэсэн заалт бий. Тэгсэн мөртлөө иймэрхүү чухал асуудлууд дээр хэлэлцүүлэг явахгүй, олон нийтийн санаа бодлыг авахгүй байгаа. Ер нь татвартай холбоотой асуудал хөрөнгө оруулагч талдаа эмзэг байдаг учраас урт удаан хугацаанд хэлэлцээд байх нь түвэгтэй байдаг юм шиг. Гэхдээ нөгөө талаас мэргэжилтнүүдийн хүрээнд ч юм уу, илүү өргөн хүрээнд хэлэлцүүлээд, хөрөнгө оруулагчдад зөв сигнал өгөөд явах ёстой, ингэвэл тухайн батлагдсан хууль хэрэгжих магадлал илүү өндөр байх болно. 

Манай татварын хуулиуд сайндаа л хорин хэдэн хуудас. Барууны хуулиудыг харахад дор хаяж 100 хуудас байдаг. Манайх хууль гаргахдаа Засгийн газар, Сангийн яам журам гаргана гээд л тавьчихдаг. Тэгэхээр хууль нь тодорхой биш болоод явчихдаг, журам нь хуулийн төсөлтэйгээ зөрчилддөг ч юм уу, хуулийг янз бүрээр тайлбарладаг нөхцөл байдлууд үүсээд байгаа юм. Ялангуяа татвар, мөнгө санхүүтэй холбоотой хуулиудаа их нарийн болгох хэрэгтэй байна. 

Татвар авах ёстой гэсэн санаа нь ижил ч яаж хийх вэ гэдэг дээр Сангийн яам ч юм уу, манайх шиг төрийн бус байгууллага, олон улсын байгууллагын мэргэжилтнүүд янз бүрийн санаа бодолтой л байгаа байх. Хууль гаргавал тэр бүгдийг  хэлэлцэж байж нэлээд чамбай хууль гаргах хэрэгтэй. Арилжаанд татвар ногдуулалтыг манай Засгийн газар хийлээ гэхэд татварыг буруу ногдуулсныг хөрөнгө оруулагч нотлох ёстой зарчим дээр үндэслэж явбал хэрэгжих бололцоо асар нэмэгдэнэ. Гадаад дахь хувьцааны арилжаанаас татвар ногдуулах асуудал нь зөвхөн Монгол ч биш бусад хөгжиж байгаа улс орнуудад ч гэсэн тулгамдаж байгаа асуудал. Миний мэдэхээр 2-3 улс яг ийм хууль гаргахаар оролдож байна.

Ямар улсууд вэ?

Жишээлбэл Либер улс байна. Газрын тостой холбоотойгоор ийм хууль гаргах гэж байгаа.

Гадаадын хөрөнгө оруулалт уул уурхайн салбарт 15 хувь, бусад салбарт 25 хувийг эзэмшихээр бол төрөөс зөвшөөрөл авна гэсэн хувь хэмжээний тухайд та ямар бодолтой байна  вэ?   

Хувь хэмжээ тогтоож болно. Хэрэгжүүлэхэд л ямар асуудал үүсэх вэ гэдгээ бодох ёстой. Өөрөөр хэлбэл, харилцан хамааралтай хуулийн этгээдүүд, компаниудаас гадна нэг сонирхолтой боловч харилцан хамааралгүй компаниуд байж болно шүү дээ. Тэр нөхцөлд хоёр компани нийлж байгаад 15, 15 хувийг авчих нөхцөл байдал гарч болно. Наад зах нь зохицуулалтууд маш нарийн байхгүй бол эргээд компаниуд яаж л бол яаж ашиглах бололцоо үүснэ.

Олон салбарыг хамааруулж болно л доо. Хамгийн гол нь хэрэгжүүлэхэд түвэгтэй. Манайх чинь татвараа ч бүрэн хурааж авч чаддаггүй улс шүү дээ. Олон улс оронд салбартай компани бүү хэл зөвхөн Монголдоо л ажилладаг компаниас татвараа бүрэн авч чаддаггүй улс. Тэгэхээр эргээд хэрэгжүүлэхэд их түвэгтэй болно. Хуулиа хялбаршуулаад, хамрах хүрээг нь багасгаад ч юм уу их тодорхой болгох хэрэгтэй.

Хууль боловсруулахдаа бид дандаа л дутуу боловсруулчихаад өөрсдийгөө шүүмжлээд суугаад байж болохгүй. Өнөөдрөөс аль болох төгс,  боломжийн хэрэгжчихээр хууль гаргаад байж болмоор байгаа юм.

Энэ хууль хэрхэн батлагдахыг гадаад ертөнц анхааралтай харж байгаа. Ялангуяа “Саусгоби сэндс”-тэй холбоотой асуудал үүссэний дараа хууль өргөн баригдсан болохоор нэг компанид асуудал гарахад л Монголын төр хуулиа өөрчлөөд байна уу гэсэн ойлголт төрж мэдэх юм?  

Тэгж харагдах байх л даа. Ер нь аливаа арилжаанд оролцох эрхээ хадгалж үлдсэн зүйл байх нь хэрэгтэй. Гэхдээ энэ хуулиар аль аль талаа бодолцох ёстой. Үндэсний эрх ашиг, аюулгүй байдлаа хамгаалах, нөгөө талаасаа гадны хөрөнгө оруулалтаа үргээчихгүй байх нарийн заагийг олсон байх ёстой. Монгол улс үнэхээр тусгаар улс юм бол эрхзүйн орчноо өөрчлөх эрх нь байгаа шүү дээ. Хамгийн гол нь гаргаж байгаа шийдвэрээ сайн бодож, улс орныхоо эдийн засагт хор хохирол учруулахгүй байдлаар шийдвэрлэх хэрэгтэй юм. 

Түрүү жил Америкийн нэг боомтыг арабчууд худалдаж авах гэхэд Ерөнхийлөгч нь хориг тавьсныг санаж байгаа байх. Америкт 1988 оноос хэрэгжиж эхэлсэн хуулиар хэрвээ үндэсний аюулгүй байдалд харшилж байна гэж үзэх юм бол аливаа хөрөнгө оруулалтад Ерөнхийлөгч нь хориг тавих эрхтэй байдаг. 

Хуулийн хувьд огт байж болохгүй хууль биш. Харин ч бид аль эрт 10 жилийн өмнө хийчихсэн байх ёстой хууль. Хөрөнгө оруулагчдын хувьд тоглоомын дүрэм өөрчлөгдөөд байх нь л хэцүү байгаа. Тоглоомын дүрэм магадгүй хатуу байж болно, тодорхой л байх ёстой. Тодорхой байвал хөрөнгө оруулагчид нэг их эмзэглээд байхгүй байх. Бид юмыг удаан хийдэг, асуудал үүссэний дараа хийдэг учраас хөрөнгө оруулагчдад янз бүрийн ойлголт төрдөг байх л даа. Гэхдээ татвар авах, өөрийн эрхийг хамгаалах нь тусгаар улсын эрх шүү дээ. Бид тусгаар улс гэдгээ үргэлж санаж явах ёстой. Одоо бол тусгаар улс биш юм шиг л яриад байдаг болж. Татвар ногдуулах, үйл ажиллагааг нь зогсоох, лиценз гэдэг чинь юуны лиценз билээ гэдгээ хүртэл бодох хэрэгтэй байгаа юм.

Лиценз бол зөвхөн  ашиглах л эрх. Түүнээс биш газар доорх баялгийн өмчлөл биш. Өмчлөлийн эрх нь төрд байна гээд хуулиараа заагаад өгчихсөн учраас олон улсын ямар ч шүүхэд очсон энэ талаар маргаад байх асуудал байхгүй. Манайх Америк биш. Америкт би хашааныхаа газар дороос зэс олвол тэр миний өмч болно. Монголд бол өмчилсөн газрынхаа дороос зэс олоход төрийн өмч. Хууль тогтоомж нь байна. Эрхзүйн хэм хэмжээ нь ч байна. Аль ч арбитрын шүүхэд очсон газар доорх баялгийн ашиглах лиценз нь нэг компанид байлаа ч ашигт малтмал нь Монголынх гээд маргахад тэнд маргаан үүсэхгүй. Гэхдээ практик дээр ашиглалтын лиценз нь өмчлөлийн эрх юм шиг үл ойлгогдох зүйл болчихоод байгаа л даа. Хуулиндаа илүү нарийвчлах зүйл юу байна гэдгийг бодолцох л ёстой юм.

Эрдэс баялгийн нөөц шавхагдаж, байгаль орчин доройтож байгаагаас үүдэн баялгийн ашиглалт дээр дэлхийн улс орнууд нэлээд хатуу бодлого барьж эхэлж байх шиг байна. Өмнөд Африкийн орнууд гэхэд уул уурхайн ордуудаа төрийн өмчид аваад эхлэх жишээтэй. Австрали, Хятад гээд олон улс орон татвараа эргэн харах, нэмэх хандлага ажиглагдаж байна? Манайх ч бас энэ чиг хандлагыг дагаж байна гэж ойлгож болох уу? 


Бизнесийн цикл шиг л зүйл. 90-ээд онд уул уурхай, газрын тосны салбарт чөлөөтэй, либерал бодлого явж ирснээс болоод жинхэнэ баялгийн эздэд орлого нь очдоггүй, үр шимийг баялгийн эзэд хүртдэггүй тогтолцоо байсаар байгаа. Гэхдээ энд хоёр зүйлийг ялгаж ойлгох хэрэгтэй байх. Нэг нь зохих татвар, орлогоо хурааж чадаж байгаа эсэх асуудал. Том том компаниуд жил бүр хэдэн тэрбумаар нь ашиг хийж байхад баялагтай улс орны төсөв, орлого нь тухайн компаниасаа хэд дахин жижигхэн байгаа нь урт хугацаанд тогтвортой зүйл биш. Энэ бүхний улмаас татварыг нэмэх тухай олон улс оронд яригдаж байна. Нөгөө нь орж ирсэн орлогыг яаж зохицуулж байна вэ гэдэг асуудал байгаа юм. Улс төртэй холбоотой цөөн хүмүүс баяжаад, ард түмэнд мөнгө нь очдоггүй тал бий.

Бид ч гэсэн байгалийн баялгийн ашиглалтаа эргэж харах л ёстой. Манайд юу дутагдаж байна гэхээр эрдэс баялгийн нэгдсэн бодлого. Эрдэс баялгаа яаж ашиглах вэ, хүндээ яаж хүргэх вэ гэсэн нэгдсэн бодлого байхгүй. Бодлогын “цагаан дэвтэр” гэдэг ч юм уу тиймэрхүү зүйл үнэхээр дутагдаж байна. Тийм учраас жил бүр ашигт малтмал, уул уурхайтай холбоотой өмнөхөөсөө огцом өөрчлөгдсөн бодлогын томоохон шийдвэрүүд гардаг.
 
Баялгаа ямар хэмжээнд ямар хурдтайгаар ашиглах, гэрээгээ ямар нөхцөлтэйгээр байгуулах, дараа нь татвараа яаж хурааж авах, хурааж авч чадах уу, үгүй юу, дээрээс нь орж ирсэн мөнгөө яаж зохистой удирдах, бэлэн мөнгийг макро эдийн засагтаа сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр, арвижуулах бололцоотойгоор яаж удирдах вэ. Цаашлаад урт хугацааны асуудлууд байна. Нэг өдөр алт, зэс маань дуусна. Тэр үед бид яах вэ гэдгээ бодсон бодлого явуулах ёстой. Хүндээ, эрүүл мэнд, боловсролдоо хөрөнгө оруулалт хийх, дээрээс нь эдийн засгаа  олон тулгууртай болгох гээд энэ бүх асуудлыг цогцоор нь багтаасан бодлогын удирдамж маягийн цагаан дэвтэр байхгүй болохоор бодлого маань ингэж ийш тийшээ саваад байгаа юм.

Манайд стратегийн ордын тухайд ойлгомжгүй зүйл их бий. “Саусгоби сэндс”-ийн орд бол стратегийн ач холбогдол бүхий Нарийнсухайтын бүлэг ордын нэг хэсэг. Энэ мэтээр стратегийн ордын лицензийг хэсэгчлээд өгчихдөг. Энэ хууль батлагдах тохиолдолд стратегийн орд тойрсон ойлгомжгүй асуудлуудаа эхлээд цэгцлэх ёстой юм шиг санагдана? 


Стратегийн ордыг хэд хуваачихсан байна гэсэн асуудал үүсэхэд түүнийг шийддэг механизм манайд байдаггүй. “Саусгоби сэндс”-ийн тухайд зөвхөн өнөөдөр үүсээд байгаа асуудал биш. Оюутолгойн гэрээг ярьж байхад л энэ асуудал яригдаж байсан. Тавантолгойтой холбоотой энэ асуудал үүсч л байсан. Тав хуваачихсан гээд л яригддаг. Тэглээ гээд энд ямар нэгэн шийдэл гардаггүй. Шийдэх сонирхол ч байхгүй харагддаг. “Бороо гоулд” дээр ч яригдсан. Киргизийн Засгийн газар яагаад “Бороо гоулд”-ын 33 хувийг эзэмшдэгвэ? Киргизэд үйл ажиллагаа явуулж байгаа компанийн хувьцааг биш, түүний толгой канад компанийн 33 хувийг эзэмшчихсэн байгаа юм. Компаниудын эзэд солигдох нь байдаг л үзэгдэл. Хятадын төрийн өмчийн том компани том орд дээр ороод ирэхээр их эмзэгээр хүлээж авч байх шиг байна.

Манайх удаад хоцроод байгаа юм. Ашигт малтмалын хуулийг өөрчилнө гээд дор хаяж бүтэн жил боллоо. Ерөнхийлөгч санал оруулна гээд нэг хууль хав дарчихаад сууж байгаа. Түүнийгээ хэлэлцүүлж байгаа юм ч алга. Бодвол хэлэлцүүлэх биз. Тэгээд батлах гэсээр байтал дахиад нэг хоёр жил болно. Татварын орчин дээр сүүлийн жилүүдэд дорвитой өөрчлөлт орсонгүй. Манай татварын хууль тогтоомж боловсронгуй биш гэдэг нь хэн бүхэнд ойлгомжтой байгаа. Тэгсэн мөртлөө үүсээд байгаа бодитой нөхцөл байдлыг засч залруулах хурдтай механизм үнэхээр алга байна. 

Ер нь уул уурхайн салбарт анхнаасаа баахан замбараагүй лиценз олгочихсон, Мордохын хазгай гэгчээр эхнээсээ бодлого нь тодорхой биш явахдаа эхний шатаа, лиценз олгох асуудлаа, хөрөнгө оруулагч оруулж ирэхээ л бодоод байсан болохоос татвараа яаж хураах вэ, гэрээгээ яаж хийх вэ гээд бусдыг бодолцоогүйн л харгай. 

Стратегийн ордын хайгуулыг улсын төсвөөр хийсэн бол 50 хүртэл, хувийн хөрөнгө оруулалтаар хийсэн бол 34 хүртэл хувийг төр эзэмшинэ гэхээр эргээд төрд бүгдийг төвлөрүүлэх хандлага ажиглагдаад байх шиг? 


Ер нь гадны хөрөнгө оруулалт их орж ирж байгаа салбарт төр хувь эзэмших гэж их зүтгэж байна. Оролцооны дагуу санхүүжүүлэх асуудлыг зээл авч, өр тавьж шийдэж байна. Оюутолгойд ч гэсэн 34 хувийн асуудлаа өр тавьж л шийдэж байна. Анх 5 тэрбум долларын хөрөнгө оруулна, түүний 34 хувийг Монгол гаргана гэж ярьж байсан. Тэр нь 1,7 тэрбум доллар болж байсан. Гэтэл одоо Оюутолгойн хөрөнгө оруулалт 10 тэрбумаас давах сураг байна. Тэгэхээр бид 3-4 тэрбумыг Оюутолгойд хийж байж 34 хувийг эзэмших ёстой юм уу, эсвэл 34 хувьтай холбоотой эрх мэдлийг, ашгийг өөр арга хэлбэрээр олж авахыг бодох ёстой юм уу гэдгийг бодох л хэрэгтэй байгаа юм.

Оюутолгойд бид 34 хувийг эзмшлээ гээд удирдлагад монголчууд оролцохгүй байгаа. Удирдлагад оролцохгүй байнаа гэдэг чинь компанийг удирдах ноу-хау, шинэ технологийг эзэмших зэрэгт монголчууд суралцаж чадахгүй л байна гэсэн үг. Дээрээс нь өндөр хүүтэй зээл авч 34 хувийг худалдаж авч байна. Тэр мөнгийг өөр салбарт зарцуулсан бол юу хийж болох вэ. 3-4 тэрбум доллараар энэ 10-20 жилд бид хэдэн сургууль барих вэ, хэдэн зам барих вэ гэдгийг бодох л хэрэгтэй. Одоо Тавантолгой дээр дахиад 50 хувийг эзэмшинэ гээд 5 тэрбум доллар хэрэгтэй бол бас 2,5 тэрбумыг монголчууд гаргах уу. Тэр 2,5 тэрбумаар бид өөр зүйл хийж болно биз дээ. Нөгөө л эрсдлээс хамгаалах, шавхагдах нөөцийг ашиглах, олон тулгуурт эдийн засаг бий болгох гэж байгаа бол бид уул уурхайд мөнгөө хийгээд байж болохгүй. Хүнээ хөгжүүлэх ч юм уу бусад салбарыг дэмжсэн дэд бүтэц гэх мэтэд мөнгөө оруулаад яваад байх бололцоо бүрэн байна.

Гадаадын хөрөнгө оруулалтын хувьд дээр дурдсан асуудлуудаас гадна зайлшгүй зохицуулах ёстой, хуулийн завсраар үлдээд байдаг өөр ямар асуудлууд байна вэ?

Одоо ногоон эдийн засаг гэж их ярьж байна. Түүн шиг ногоон хөрөнгө оруулалт гэж ойлголт бий. Гадаадын хөрөнгө оруулалтыг сайн уу, муу юу гээд нэлээд судалсан байдаг. Ерөнхийдөө бол гадаадын хөрөнгө оруулалт хөрөнгө багатай улс оронд хэрэгтэй. Гэхдээ тухайн улс орны шингээх чадвар гэсэн нэг ойлголт байна. Аливаа хөрөнгө оруулалтаас монгол хүн юм сурч байх ёстой. Тэнд зөвхөн ашиг бүрэлдээд түүнийг хөрөнгө оруулагч аваад явах нь гол биш. Тэр хөрөнгө оруулалтаас нарийн технологи, ноу-хауг суралцаж үлдэх ёстой. Тэгвэл дараагийн удаад гадаадын хөрөнгө оруулагч биш монгол хүн тэр бизнесийг хийгээд явах тийм хөрөнгө оруулалтыг үндсэндээ ногоон хөрөнгө оруулалт гээд байгаа юм. Улс орнууд ч гэсэн ногоон хөрөнгө оруулалтыг бодлогоор идэвхтэй дэмждэг.

Манайд харин тийм ялгаа зааг байдаггүй. Монголчуудын чадах юм дээр ч, чадахгүй юм дээр ч гадны хөрөнгө оруулалтыг ижилхэн дэмждэг. Дээрээс нь орж ирсэн хөрөнгө оруулалтаас суралцах явдал хангалттай биш. Одоо бол хамгийн том хөрөнгө оруулалт “Оюутолгой” байна. Бүх менежмент нь гадных. Нарийн технологидоо монголчуудыг сургаж байна уу, үгүй юү гэдэг эргэлзээтэй. Аль болохоор суралцах ёстой. Монголд ногоон хөрөнгө оруулалтыг түлхүү оруулж ирмээр байгаа юм.