Э.Оджаргал (2017.04.17-20 Гүрж. Тбилиси хот)
Үүлгүй цэлмэг тэнгэрийн зах хязгаар үл харагдах орон зайд нарны цацраг Гантиган тэнгисийн уснаа гялтганах нь уран зураг мэт харагдана.
Эх орны нийслэлээс 20 гаруй цаг үргэлжилсэн нислэг Ази, Европ тивийг холбосон хагас арал Турк улсаар дайран өнгөрч, үүр цайхтай уралдан эртний түүхт Тбилиси хотноо хүрсэн юм.
Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгийн дэмжлэгтэйгээр Гүржид зохиогдсон эрэн сурвалжлах сэтгүүл зүйн сургалтад MMJ-ийн сэтгүүлч Э.Оджаргал оролцсон юм.
Ингэснээр олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн сүлжээнд нэгдэж, мэргэжил нэгтнүүдтэйгээ мэдээллээ хуваалцах, хамтарч ажиллах боломжууд нээгдэж байна.
Гүржийн Тбилиси хотноо зохион байгуулагдсан Төв Азийн орнуудын сэтгүүлчид хамрагдсан эрэн сурвалжлах сэтгүүл зүйн сургалтад Миранда Патручич “Панамын баримт бичиг” сэдвээр хичээл заасан юм.
Эрэн сурвалжлах сэтгүүлчээр 10 гаруй жил ажиллаж буй тэрээр эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх, улс төрчдийн “далд” бизнесийг хэрхэн эрэн сурвалжилдаг өөрийн туршлагаас хуваалцсан.
Миранда Патручич “Панамын баримт бичиг” дээр биечлэн ажиллахдаа, Монгол улстай холбоотой мэдээллүүд дээр эрэн сурвалжлага явуулжээ.
“Панамын баримт бичиг”-т Монгол улсын төрийн өндөр албан тушаалтнуудын нэр багтсанд би гайхахгүй байна. Аль ч орны зарим нэг улстөрч улсаасаа ямар нэгэн байдлаар мөнгөө гаргахын тулд оффшор данстай, ийм бүсэд компанийн эзэмшилтэй байдаг нь нууц биш. Ийм асуудалгүй улс орон гэж би мэдэхгүй.
Миранда сэтгүүл зүйн салбарын бүхий л шагналыг хүртсэн сэтгүүлч юм. Тэр дундаа Пулитцерийн шагнал, эрэн сурвалжлах сэтгүүл зүйн дээд шагнал болох “Global shining light Award”, Tomb Raider зэрэг шагналын эзэн. 2016 онд Вашингтон хотноо “Life achievement” шагналыг хүртсэн байна.
Томилолтын шахуу хугацаанд олдсон багахан цаг заваар Гүрж орны хөгжил, Кавказ ард түмний ахуй соёлтой ойр танилцах ховорхон боломж олдсон юм.
Солалаки ууланд орших Ботаникийн төв цэцэрлэгт хүрээлэн Тбилиси хотын үзэсгэлэнт газруудын нэг. Байгалийн онгон төрхийг хадгалсан энэ хүрээлэнд дэлхийн өнцөг булан бүрт ургадаг олон төрөл зүйлийн моддыг нэг дороос харж болно.
Чулуун замтай, хачин нарийн гудамжнууд нь эрт үеийн лабиринтийг санагдуулна. Орон зайгаар шилжин өнө эртэд очсон мэт оюун бодлыг төөрөгдүүлэх нь гайхалтай. Хуучин Тбилиси хот чамин үзмэртэй музей мэт.
Эртний болоод шинэ цагийн Тбилиси хот Солалаки уулаар зааглагдана. Уулын орой дээр Гүржийн эх хөшөө сүндэрлэнэ. Нэг гартаа аягатай дарс, нөгөө гартаа сэлэм барьсан эмэгтэйг дүрсэлсэн 20 метрийн өндөртэй энэ хөшөөг 1958 онд Гүрж улсын нийслэлийн 1500 жилийн ойд зориулан босгожээ. Хөшөөний ойроос Тбилиси хотыг бүхэлд нь харж, хот дундуур урсах Кура гол дээгүүр агаарын дүүжингээр аялах боломжтой. Голын хоёр эргийг архитектурын өвөрмөц шийдэл бүхий “Дэлхийн гүүр”-ээр холбожээ. Солалаки уулын эсрэг талд Саакашвили Ерөнхийлөгчийн үед баригдсан шинэ Төрийн ордон сүр бараатай харагдана.
Кавказын нурууг дэрлэн сунах Гүрж орны нийслэлТбилиси хотод шулуун гудамж тун ховор. Уулыг ухаж нүхлэлгүй, модыг тайрч хаялгүйгээр байшин, зам, гүүрийг урлагийн бүтээл мэт урлаж болдгийн тод жишээ энэ хот юм. Хотоосоо ч илүү насыг элээсэн аварга модод эртний түүхт Тбилиси хотын үзэмжид улам ч өнгө нэмнэ.
Гүрж нь ашигт малтмалын нөөц, баялаг ховортой. Уул уурхайн үйлдвэрлэл гэж бараг үгүй. Харин хил залгаа Азербайжан улсын төсвийн 60%-ийг бүрдүүлэх газрын тосны экспортын тээврийг газар нутгаараа дамжин өнгөрүүлснээс Гүрж улс багагүй орлого олдог.
Шинэ Торгоны зам...Хилийн чанад дахь цөөнгүй томилолтуудын маань зорилго өөр өөр байсан хэдий ч тэр бүхэнд “Шинэ торгоны зам” дайран өнгөрөх зарим орнуудаар аялжээ. Энэ удаагийн томилолт маань Ази-Европ тивийг алс ирээдүйд холбох “торгоны” гэх тодотголтой замаар мөн л үргэлжлэн Турк улсаар дамжин Гүржийн нийслэл Тбилиси хотноо хүрсэн юм.