Э.Оджаргал (Ханги-Мандал-Бугат хот.БНХАУ)
Монголын нүүрс, төмрийн хүдрийн үнийг тодорхойлдог Хятадын аж үйлдвэрийн хамгийн том хот Бугатыг зорихдоо Монгол улсын Ханги боомтоор гарч Замын-Үүд боомтоор орж ирэв. Ингэхдээ манай улсын уул уурхайн экспортын гол түүхий эд ямар замаар Хятадын зах зээлд хүрдэг талаар бага ч атугай ойлголттой болох зорилго өвөртөлсөн юм.
Хил залган хамгийн ойр орших Монгол улсын хувьд Бугат хот руу хүрч очих хамгийн дөт зам бол Ханги-Мандал боомт юм. Хятадын Мандал боомт орших Дархан Муумянган холбоот хошуу нь Бугат хоттой хурдны авто замаар холбогддог.
Харин Дорноговь аймгийн төвөөс Ханги боомт хүртэл зурайж цайсан шороон ч зам үгүй. Энхэл донхолтой “жимээр” бут сөөг дээгүүр харайлган 300 гаруй км туулж хүрнэ гэдэг чанга даваа.
Энэ замаар Ханги боомтоор гарч байгаа Монголын нүүрс, төмрийн хүдэр 280 гаруй км туулан хоёр өдөр хүрэхгүй хугацаанд Бугат хотын ган төмөрлөгийн үйлдвэрүүдэд хүрч байна.
Монгол улсын хилийн 757 дугаар баганы дэргэд 2002 онд байгуулагдсан ч ердөө жил гаруйн өмнөөс байнгын үйл ажиллагаатай болсон Ханги боомтоор өнөөдөр уул уурхайн бүтээгдэхүүн нүүрс, төмрийн хүдрийн экспорт хийгдэж буй.
Тус аймгийн нутагт нүүрс олборлох үйл ажиллагаа явуулж буй 5 компаниас “Их говь энержи”, “Айл баян” компаниуд Ханги боомтоор, “Штайнколе”, “Алаг тогоо”, “Фриендшип Монголиа” компаниуд төмөр замаар Замын-Үүдийн боомтоор нүүрсээ экспортолж, Хятадын зах зээлд нийлүүлж байгаа юм. Мөн “Мон Лаа” компани төмрийн хүдрээ Ханги боомтоор гаргаж байна.
Эргэн тойрон үл үзэгдэх шороо тосон дундуур өнөөх “там” болсон ганц замаараа нүүрс ачсан уртаас урт машинуудтай хойно урдаа орж “уралдана”. Нойроо хүргэхгүйн тулд 1,5 литрийн цэвэр усанд 2-3 пакет кофе найруулж уугаад шөнөжин нүүрс тээвэрлэдэг гэх жолоочийн яриа чих дэлсэв. Ханги боомтын ирээдүйд Гашуунсухайт боомтын “гашуун түүх” давтагдах вий.
өнөөдөр Ханги боомтын сууринд зам байтугай гэрэл цахилгаан ч үгүй. Суурин руу Хятадын талаас цахилгаан татаж эрчим хүчинд холбох ажил энэ өдрүүдэд хийгдэж байна. Гаалийн ажилчдын 4 давхар орон сууцнаас өөр байгууламж энд алга. Гаалийн захиргааны байгууламжаас ердөө 50 хүрэхгүй метрийн зайнд гал түймэр гарч байна уу гэмээр бөөн хар утаа агаарт дэгдэж харагдсан нь уурхайгаас тээвэрлэж ирсэн нүүрсийг буулгаж байгаа нь тэр гэнэ. Боомтын нүүрсний ачих буулгах цэг бололтой.
Монголын бусад боомттой харьцуулахад Ханги боомтоор экспортлогдох түүхий эдийн хэмжээ “хариугүй жаахан”.
Ойрын жилүүдэд Ханги боомтоор гадаад зах зээлд гарах ачаа тээвэр нэмэгдэх нь тодорхой.
Гашуунсухайтын боомт шиг нөхцөл байдалд хүрэхгүйн тулд одооноос Ханги боомтыг анхаарч, өргөжүүлэх хэрэгтэй байгаа юм. Ойрын ирээдүйд энэ бүс нутагт зэс, молибдений Цагаансуваргын төсөл хэрэгжиж, газрын тосны үйлдвэр байгуулагдах учиртай.
Одоо Хятад улс “Шинэ Торгоны зам” санаачилгыг хэрэгжүүлэх төрийн бодлогоор Бугат-Мандал чиглэлийн төмөр замыг барьж дуусгаад байгаа юм. Тэрхүү төмөр зам нь Ханги-Мандал боомтоос 10 км зайтай хүрч иржээ. Өөрөөр хэлбэл аж үйлдвэрлэлийн төв Бугат хот руу хамгийн ойр дөт, төмөр замын тээврээр уул уурхайн түүхий эдийг Монголоос татаж авахаар бэлтгэж байна гэсэн үг.
Аж үйлдвэрийн хот гэхээр үйлдвэрийн утаанд сүүмийсэн “саарал” гудамжуудыг төсөөлж явснаа нуух юун. Гэтэл аж үйлдвэрээс гадна ашиг орлого бүрдүүлдэг эдийн засгийн гол салбарын нэг нь аялал жуулчлал аж. Жилдээ 3 сая жуулчин зорин ирдэг учир хотын соёл тохижилтод онцгой анхаардаг бололтой.
Хятадын худалдааны гол судасны нэг Бээжин, Шиньжан чиглэлийн төмөр зам дайран өнгөрдөг учир Бугат хот нь Хятадын хойд бүс нутгийн эдийн засгийн стратегийн төвд тооцогддог. Дэлхий нийтэд сүр ихтэй зарласан “Бүс ба зам” стратегийн “Шинэ Торгоны зам” санаачилгын хүрээнд Хятадын зүүн хойд бүсийн худалдаа, эдийн засаг, аж үйлдвэрийн гол зангилаа төвийг Бугат хот болгох алс хэтийн зорилттой. Их гүрний стратегийн бодлогоор анхаарч хөгжүүлнэ гэсэн үг.
Бугат хотод хаашаа ч харсан тэнгэр баганадсан шилэн барилгууд шинээр баригдаж байна. Метро барих бүтээн байгуулалт ид явагдаж байна. Дундад улсын шинэ цагийн аж үйлдвэрийн төв энэ хот ердөө хэдхэн жилийн дараа гэхэд Нью Йорк, Токиог санагдуулам орчин цагийн мегаполис болж өөрчлөгдөх нь лавтай.
Хятадын төмрийн хүдэр, нүүрс, газрын ховор элементийн гол нөөц энд агуулагддаг. Тэр дундаа газрын ховор элементийн 43.5 сая тонн нөөцөөрөө дэлхийн 31%, бүх Хятадын 84% хувийг дангаар эзэлнэ. Нүүрсний 100 гаруй сая тонн нөөцтэй.
Уул уурхайн түүхий эдэд тулгуурласан аж үйлдвэрлэлийн цар хүрээ, чадал тэнхээгээр Бугат хот нь Хятаддаа тэргүүлэгч төдийгүй, дэлхийд танигдсан. “Тал нутгийн ган төмрийн хот”, Газрын ховор элементийн төв” гэж нэрлэх нь ч бий.
Сэтгүүлч Э.Оджаргалын бэлтгэсэн сурвалжлагыг The Mongolian Mining Journal сэтгүүлийн 2017 оны (102) тавдугаар сарын дугаараас уншина уу.