Г.Идэрхангай, С.Болд-Эрдэнэ
(Австрали. Брисбэн-Түвүүмба-Чинчилла)
Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага төслөөс эдийн засаг, уул уурхайн чиглэлээр нийтэлж, нэвтрүүлдэг сэтгүүлчдийг чадавхжуулах зорилгоор сэтгүүл зүй, уул уурхайн сэдэвт дөрвөн удаагийн онолын сургалтыг жилийн хугацаанд явуулсны сүүлийн шатны практик сургалт Австралид үргэлжлэв.
Квийнсланд мужийн Брисбэнд болсон сургалтын хүрээнд Монголын арав гаруй сэтгүүлч Австралийн уул уурхайн хөгжил, дэвшилтэй танилцсан юм.
Халуун орны усан бороо Австралийн зүүн хойд нутгийг нөмөрч, сүүлийн хагас зуунд үзэгдээгүй “Таша” хар шуурга Квийнсланд мужийн Түвүүмба хотоор дайрч Брисбэнийг усанд автуулсан гамшигт явдал 2011 оных. Үүнийг дэлхийн хэвлэлүүд “хуурай газрын цунами” гэж нэрлэсэн бөгөөд Түвүүмба хотын нэрийг тэгэхэд анх сонсож билээ.
Ердөө сар гаруйхны өмнө “Дэви” нэрт хар шуурга энэ нутгийг дайрч, нүүрсний уурхайнуудын үйл ажиллагаа түр зогсоход хүрсэн юм. “Энэ удаагийн хар шуурга төмөр замуудад эвдрэл үүсгэсэн ч 2011 оны гамшгийг бодвол хохирол тун бага” гэж Робин Эванс багш хэлэв.
Уурхайн гүнд цөөн тооны техник ажиллаж байна. Манай нүүрсний уурхайнууд шиг тоос шороо бужигнаж, нүүрс ачсан хүчирхэг техникүүд ийш тийшээ уухилан давхилдах дүр зургийг олж харсангүй.
Австрали хэдийгээр уул уурхайн орон ч гүний усаа нүдний цөцгий мэт хайрлан, хэрэглэхээс татгалзаж иржээ. Нью Акландын уурхай ч үүнийг чанд сахидаг.
Австралийн уул уурхайн салбарын хөгжил, түүнийг дагасан эдийн засгийн тогтвортой хөгжлийн талаар олонтаа уншиж, сонсож байсны хувьд бодит байдлыг нүдээр үзэж танилцах нь сэтгүүлчийн хувьд нэн чухал байсан юм.
Түвүүмба хотоос цаг гаруйхан давхисаар Нью Акландын уурхайн кэмпэд ирсэн бидэнд Стюарт Грийн менежер аюулгүй ажиллагааны дүрмээ хамгийн түрүүнд танилцуулав.
Нью Акландын уурхай олборлолттойгоо зэрэгцүүлэн нөхөн сэргээлтээ хийдэг бөгөөд нөхөн сэргээсэн талбайдаа үхрийн аж ахуй эрхэлж байна. Нөхөн сэргээсэн талбайд идээшилдэг үхрийн ашиг шим бусад газрын үхрээс давуутай нь батлагдсан гэнэ. Тус компанийн эзэмшил дэх 10 мянган акр газарт 2500 үхэр үржүүлдэг. Уурхайн нөхөн сэргээсэн талбайд тааваараа бэлчиж буй үхэр сүргийн зургийг Нью Акландын уурхай танилцуулгынхаа нүүрэнд нийтэлсний учир энэ.
Компани дэргэдээ орон нутгийн иргэдээс бүрдсэн Зөвлөлтэй бөгөөд үйл ажиллагаанд нь ямар нэг өөрчлөлт орохоор бол зөвлөлөөрөө хэлэлцүүлдэг. Орон нутагт хөрөнгө оруулах санг тэрхүү Зөвлөл хариуцна.
Биднийг буцсаны дараахан Нью Акландын уурхайн хэвлэлийн мэдээнд дурдагдсан нэг өгүүлбэр онцгой анхаарал татав. “Сэтгүүлчид уул уурхайн үйл явцын талаар бүрэн ойлголттой байсан тул бид хибрид машин, ашигласан усаа цэвэршүүлэн дахин ашиглаж буй шинэлэг ажлаа танилцуулах боломж олдлоо” гэжээ. Энэ бол бүтэн жил үргэлжилсэн сургалтын нэг үр дүн юм.
Далбигаас Чинчилла хүртэл нэг цаг давхив. Зам зуур хөвөнгийн тариалангийн талбай цасан хучлагад дарагдсан мэт цайран харагдана. Том томоор нь ороож, ачихад бэлтгэсэн нь энд тэндгүй. Сониуч зангаар өнөөх хөвөнг имэрч үзвэл хөнгөн, зөөлөн, сэвсгэр гэж жигтэйхэн.
Квийнсланд муж, тэр дундаа Дарлинг Даунсын энэ бүс хөвөн, улаан буудай, шийгуа тариалалтад хамгийн таатай нутаг ажээ.
Төдөлгүй Квийнсландийн метан хийн үйлдвэрийн Сургалт, мэдээллийн төв дээр ирэв. Үүдээр оронгуут метан хийн үйлдвэрийн өрөмдлөг, олборлолтыг харуулсан мэдээллийн самбарууд ханаар өлгөсөн нь нүдэнд туслаа.
Сургалт, мэдээллийн төвд тараах материалууд олноор дэлгэсэн ба сонирхсон хүн нэг мөр ойлголттой болоод гарах нөхцөл бүрдүүлжээ. “Олборлолт эхлүүлэхээсээ өмнө төвийг нээж, орон нутгийн иргэдэд мэдээлэл хүргэсэн нь маш зөв алхам болсон” хэмээн компанийн менежер бүсгүй танилцуулгаа эхлэв.
QGC компанийн Метан хийн боловсруулах үйлдвэрүүд.
Австралид байгалийн хийн үйлдвэрлэлээр толгой цохьдог дөрвөн компанийн нэг нь QGC. Тус компани Квийнсландийн Боуэн (Bowen) болон Суратын (Surat) нүүрсний сав газарт метан хийн үндсэн олборлолт явуулдаг.
Сэтгүүлч Г.Идэрхангай, С.Болд-Эрдэнэ нарын бэлтгэсэн сурвалжлагыг The Mongolian Mining Journal-ийн 2017 оны (102) тавдугаар сарын дугаараас сонирхоно уу.