Хүнд даацын тоног төхөөрөмжийн “Комацу” үйлдвэрийн албан ёсны дистрибьютер “Трансвест Монголиа” компани Улаанбаатар хот дахь Засварын төвийн байгууламж, үйлчилгээний цар хүрээгээ танилцуулах зорилгоор “Нээлттэй өдөрлөг”-ийг тавдугаар сарын 12-нд “Уран ган” төв дээр зохион байгууллаа.
“Трансвест Монголиа” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Дэвид Төрнбулл “Бид анхнаасаа Монголын зах зээлд чанартай техник, тоног төхөөрөмжийг нийлүүлэх, борлуулалтын дараах үйлчилгээ үзүүлэх гэсэн хоёр зорилгыг өмнөө тавьж ажилласан”
Уг арга хэмжээний хүрээнд тус компанийн уул уурхай, зам, барилгын салбарын харилцагчид болон Канад, Австрали, Их Британи улсын Монгол Улс дахь Элчин сайдын яамдын төлөөлөл болсон 140 гаруй зочид оролцожээ
“Трансвест Монголиа” компанийн зүгээс зах зээлд шинээр нэвтрүүлж буй хүнд даацын тоног төхөөрөмжийн засварын үйл ажиллагаатай биечлэн танилцаж, харилцан туршлага солилцох боломжийг бүрдүүлж өгсөнөөрөө онцлог болов.
Тус компани нь зөвхөн сүүлийн үеийн тоног төхөөрөмжийн ололт амжилт, техник нийлүүлэлтийн талаар хэрэглэгчдэдээ мэдээлэл өгөхөөс гадна сайн чанарын засвар үйлчилгээ дэргэд ирсэн гэдгийг энэхүү өдөрлөгөөрөө илүү таниулсан юм.
“Трансвест Монголиа” компанийн олон улсын стандартад нийцсэн нийт 6000 квадрат метр талбайтай Засварын үйлчилгээний төв нь бүх төрлийн хүнд даацын тоног төхөөрөмжийн сэлбэг, эд ангийн баталгаат засвар үйлчилгээ, сэргээн засварлалтыг хийдэг бөгөөд явуулын үйлчилгээ, 40 фүүтийн бүрэн тоноглогдсон чингэлэг зэргээр засвар үйлчилгээ үзүүлэх олон давуу талтай аж.
“Трансвест Монголиа” компанийн зүгээс хэрэглэгчдэдээ нэг цэгийн цогц үйлчилгээг санал болгох зорилготойгоор засварын төвийн нэмэлт тоноглол, байгууламжийн өргөтгөл зэрэгт 2017 оны нэгдүгээр улирлын байдлаар 1.5 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ.
Тус компани нь уул уурхай, зам барилгын тоног төхөөрөмжийн төрөлжсөн засвар үйлчилгээг хэрэглэгчдэдээ санал болгон ажиллаж ирсэн өргөн туршлагатай.
Эдгээрт хүнд даацын механизмын бүх төрлийн эд ангийн сэргээн засварлалт, гагнуур болон шугаман зоролт, механик, токарийн цехүүд, цахилгаан эд ангийн засварлалт, тэнцвэржүүлэлт зэрэг багтдаг байна.
Өдөрлөгийн үеэр зочдыг дөрвөн бүлэгт хувааж, Гагнуурын цех, Засварын цех, Агуулах, Техникийн судалгааны төв, Сэргээн засварлах төвийн үйл ажиллагаатай танилцуулсан юм. Засвар үйлчилгээний төв нь “Сэргээн засварлах төв”, “ Техникийн дүн шинжилгээний төв”, “Shop-2” буюу гагнуурын цех, “Shop-1” буюу Засварын цех, Агуулах гэсэн таван хэсэгтэй.
“Трансвест Монголиа” компанийн зохион байгуулсан энэхүү “Нээлттэй өдөрлөг”-ийн үйл ажиллагаанд харилцагчид идэвхтэй оролцож, брэнд бүтээгдэхүүний эд ангиудын хадгалалт, нийлүүлэлт, засвар үйлчилгээнд сэтгэл өндөр буйгаа илэрхийлж байлаа.