CIRDI буюу Канадын Олон улсын баялгийн хөгжлийн хүрээлэн, Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Гадаад харилцааны яам хамтран Монгол, Киргиз, Афганистаны уул уурхайн чиглэлээр ажилладаг төр, хувийн хэвшлийн залуу мэргэжилтнүүдийг чадавхижуулах семинарыг зургадугаар сарын 19-23-ны хооронд зохион байгуулж байна. Энэ хүрээнд энэ сарын 19-нд Налайхын уурхайтай танилцах өдөрлөгийг Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгууллаа.
Налайхын уурхай монголчуудыг 1910 оноос 1990 он хүртэл галыг нь таслалгүй авч явж, эрчим хүчний нэгэн тулгуур болж ирсэн ч зах зээлийн нийгэмд шилжихтэй зэрэгцэн уурхайг ашиглалтгүйгээр эзэнгүй орхисон юм.
Налайхын уурхай нь нийт 3628.9 га газрыг хамардаг бөгөөд уурхайн талбайд 88 тусгай зөвшөөрөл (69 ашиглалтын тусгай зөвшөөрөл буюу 2493.5 га, 19 хайгуулын тусгай зөвшөөрөл буюу 1135.4 га газар) аж ахуйн нэгж, иргэдэд олгосон байгаа тухай тус дүүргийн Засаг даргын Үйлдвэр, ногоон хөгжил хариуцсан орлогч С.Тунгалаг хэллээ.
Өвлийн ид улиралд Налайхын уурхайн 150 ам дээр 1500 орчим гар аргаар олборлогчид үйл ажиллагаа явуулдаг байна.
Налайхын уурхайн амьд нэвтэрхий толь гэж хэлж болох гавьяат уурхайчин Л.Дамдинсүрэн гуайн хэлснээр Налайхын уурхай нь Монголд аж үйлдвэрийн суурийг тавьж, ажилчин ангийг бүрдүүлэх үндэс болжээ.
С.Тунгалаг даргын мэдээлснээр хууль бус нүүрс олборлогч иргэдийн олборлож дууссан 32 ам цооногийг дарж, 16.02 га газарт техникийн нөхөн сэргээлт хийжээ.
Дүүргийн захиргаа уурхайн байгууламжийг соёлын өвд бүртгүүлэн уурхайг Налайхын бахархал музей болгохоор зорьж буйг С.Тунгалаг дарга тайлбарлалаа. Гэвч суурь хэсгийн хөрсөн доогуур энд тэндгүй хонгил үүссэн тул энэхүү уурхайн байгууламжийг одоо сэргээн засах ямар ч боломжгүй болжээ.
Уурхайн үйлдвэр-байгууламжийн талбай нь 18 га газрыг хамардаг бөгөөд энэ нь бүхэлдээ “Жиншентан” компанийн ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд харьяалагдаж байжээ.
Тус компанийн талбайд олборлолт явагдаж байсан нүүүрсний амуудын далд малталт уурхайн байгууламжийн суурь хэсгээр нэвтэрсэн тул барилга байгууламжид суулт өгч, улмаар уурхайн орхигдсон барилга сүүлийн 3-4 жилийн хугацаанд ноцтой сүйджээ.
Налайхын уурхайг тухайн үед ямар ч хаалтын төлөвлөөгүйгээр хааж, уурхайг түшиглэсэн нийгэм, эдийн засгийн байдлыг хэрхэн хангах бодлогогүй орхисон нь өнөө хэр байгаль орчин, хүн малын эрүүл оршихуйд сөргөөр нөлөөлсөөр байна.