Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам 2017 онд төв, баруун, зүүн, өмнөд бүсийн уул уурхайн чуулганыг хөдөө орон нутагт бүсчлэн зохион байгуулсан ба нэгдсэн зөвлөгөөн 2017 оны арванхоёрдугаар сарын 8-нд Шангри Ла зочид буудалд боллоо.
Зөвлөгөөнд УИХ, Засгийн газар, яам, агентлаг, аймаг орон нутаг, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагын төлөөллүүд өргөн бүрэлдэхүүнээр оролцож, салбарын бодлого, эрх зүй, өрсөлдөх чадварын талаар санал бодлоо солилцов.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар өөрөө хурлыг биечлэн удирдсан бөгөөд хурлын эхэнд хэлсэн үгэндээ уул уурхайн салбарын суурь асуудлуудыг засаглал, хууль эрх зүй, байгаль орчин, орон нутаг-хамтын ажиллагаа, дэд бүтэц, хөрөнгө оруулалт гэсэн үндсэн таван тогтолцоонд томьёолж, цаашид хэрхэн сайжруулах, олон улсын туршлагад хэрхэн нийцүүлэх талаар дурдсан юм.
Хэлэлцүүлгийн үеэр яригдсан гол сэдвийн нэг нь уул уурхайн салбарын тогтвортой хөгжил.
Эдийн засагч, нийтлэлч Д.Жаргалсайхан Манай уул уурхайн салбарт нэгдсэн тодорхой стратеги, алсын хараа алга. Наад зах нь стратегийн ач холбогдол бүхий 15 орд газрыг эзэмшиж ашиглах компаниуд байгуулсан хэдий ч нэг нь ч ашигтай ажилладаггүй.
Байгалийн баялагтай улс орнууд баялгаа ашиглаад хөгжих явцад оролцогч талууд нь сэтгэл хангалуун үлддэг хүчин зүйлийг 12 зүйлээр зурагласан тухайгаа Геологи, уул уурхайн мэргэшсэн институт ТББ-ын тэргүүн, судлаач М.Дагва танилцууллаа.
Эрдэнэт үйлдвэрийн энэ оны эхний 11 сарын үйлдвэрлэлийг тооцож үзэхэд нэг ажилтан 90 сая төгрөгийн баялаг бүтээсэн нь нэг талаас бахархалтай, нөгөө талаас хариуцлагатай бөгөөд нийгмийн хариуцлагаа өндөр түвшинд авч яваа нэг жишээ хэмээн тус үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн илтгэлдээ танилцуулав.
“Тогтвортой хөгжилд уул уурхай” бодлогын зөвлөгөөний үеэр сонсогдсон нэгэн гэрэлтэй мэдээлэл нь уул уурхайн экспортын дүн мэдээ байв. Гаалийн ерөнхий газрын энэ оны эхний 11 сарын гадаад худалдааны байдлаар Монгол улсын нийт экспорт 32,9%-иар өсөөд, 5,7 тэрбум ам.долларт хүрчээ. Үүн дотроо уул уурхайн салбарын экспорт ойролцоогоор 80%-ийг эзэлж байна. “Ийм сайхан амжилттайгаар бид Уул уурхайн салбарын 95 жилийн ойгоо угтаж байна” хэмээн Н.Энхбаяр зөвлөх тодотгон хэллээ.
Монголын уул уурхайн салбарт ил тод нээлттэй засаглал үгүйлэгдэж байгааг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар онцлоод, Эрдэнэт үйлдвэр, Шивээ-Овоо зэрэг төрийн өмчит үйлдвэрүүдийг нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт оруулж, компанийн засаглалыг сайжруулахгүй бол өнөө улстөржсөн томилолт, хардалт сэрдэлт хэзээ ч арилахгүй гэдгийг хэлсэн.
Хурлын төгсгөлд “Тогтвортой хөгжилд уул уурхай” бодлогын зөвлөгөөн болон уул уурхайн салбарын 95 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан бүсийн чуулга, уулзалтуудын нэгдсэн уриалга, зөвлөмжийг гаргаж, хуралд оролцогчдод танилцуулсан юм.