Монголын уул уурхайн салбарын тэргүүлэх ханган нийлүүлэгчдийн нэг, Катерпилларын албан ёсны дилер “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” компани харилцагч байгууллагууддаа чиглэсэн “CAT CARE” өдөрлөгийг гуравдугаар сарын 2-нд “Корпорейт Конвейшн центр”-т зохион байгуулсан юм.
170 гаруй харилцагч оролцсон өдөрлөгт “Caterpillar Eurasia” компанийн Бүсийн худалдааны менежер Сергей Минко, Бүтээгдэхүүн дэмжих газрын үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Артем Александрович Оскин, CАТ-ын Бүтээгдэхүүн хариуцсан мэргэжилтэн Николай А.Молгачев нарын эрхмүүд уригджээ.
Энэ удаагийн өдөрлөг алтны салбарынханд түлхүү хандсан ба Монголын Алт үйлдвэрлэгчдийн холбооноос сүүлийн жилүүдэд алтны салбарт өрнөж буй үйл явдал, хууль эрх зүйн орчны талаар байр сууриа тодорхой илэрхийлэв.
Олон улсад нэр хүндтэй “Катерпиллар” компани нь CAT CARE өдөрлөгийг дэлхийн улс орнуудад буй дистрибьютерүүдээрээ дамжуулан өндөр түвшинд зохион байгуулдаг бөгөөд энэ удаа ч тэрхүү жишгийг баримталсныг зохион байгуулагчид онцолж байлаа.
Бүсийн худалдааны менежер Сергей Минко өдөрлөг дээр хэлсэн үгэндээ “Катерпиллар” компанийн хөгжлийн дараагийн үе шат болон үйл ажиллагааны онцлогийг танилцуулсан юм.
Катерпилларын тоног төхөөрөмжүүдийн үйлдвэрт ажилладаг бүс нутгийн инженер, техникийн мэргэжилтнүүд өдөрлөгт оролцон, харилцагчидтайгаа уулзаж, сүүлийн үеийн дэвшилтэт техник технологийн ололт амжилтын талаар санал солилцох өргөн боломжийг CAT CARE олгожээ.
Өдөрлөгийн үеэр Бүтээгдэхүүн дэмжих газрын үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Артем Александрович Оскин, CAT-ын Бүтээгдэхүүн хариуцсан мэргэжилтэн Николай А.Молгачев, Худалдааны төлөөлөгч Ж.Эрдэмбилэг нар “Алтны уурхайн бүтээлд тоног төхөөрөмжийн нөлөө” сэдвээр тус тус танилцуулга хийсэн юм.
Мөн “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” компанийн Бүтээгдэхүүн дэмжих ахлах мэргэжилтэн Д.Ариунбаяр, Засвар үйлчилгээний газрын Ерөнхий менежер Б.Сүхбаатар, Сэлбэгийн хэлтсийн Ерөнхий менежер Ш.Хадбаатар, ЕвроАзийн бүсийн худалдааны төлөөлөгч Игор Анциперов нар сэлбэг болон засвар үйлчилгээ, бага зардал-өндөр бүтээмжийн талаар мэдээлэл өгч, санал солилцов.
Өдөрлөгийн төгсгөлд “CAT-лизинг” хөтөлбөрийн гарын үсэг зурах ёслол болж, “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” ХХК-ийн Худалдаа, түрээс хариуцсан захирал Э.Энхдэлгэр, Хас банкны Ерөнхий захирал Г.Амартүвшин нар санамж бичигт гарын үсэг зурсан юм.
Түүнчлэн тос болон тоног төхөөрөмж худалдан авах CAT CARE арга хэмжээний тусгай нөхцөлт гэрээнд “Монполимет”, “Авто кали”, “Анандын зам”, “Бага таян”, “Ухаалаг зам”, “Алтан ёндоо”, “Шаазгай бадмаараг”, “Хоту”, “Зул буян ундрах”, “Илт гоулд”, МNO зэрэг компаниудын төлөөлөл гарын үсэг зурж, “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээг сонголоо.
“Монполимет” группын захирал С.Энхтуяа:
“Монполимет” групп нь “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” компанитай 1997 оноос хойш хамтран ажиллаж байна. Катерпилларын техникүүд бол дэлхийн уул уурхайн салбарт тодорхой үүрэг гүйцэтгэж байгаа, чанар, үр бүтээлээрээ тэргүүлэгч гэдгийг монголчууд сайн мэднэ. Манай компанийн хувьд энэ брэндийг 20 жил ашиглаж байгаа учраас давуу тал, чанар чансааг нь сайн мэднэ. Аль болох Катерпилларын техникийг ашиглах сонирхолтой байдаг.