Өмнөговьд нүүрсний хэд хэдэн томоохон уурхай эзэмшдэг “Саутгоби Сэндс” компанийн толгой компани “Саутгоби Ресорсез”-ийн хувьцааны үнэлгээ Торонтогийн бирж дээр өнөөдөр 9 хувиар буурч 6.21 канад доллар болоод байна. Үүнээс гадна тус компанийн 57.6 хувийг эзэмшдэг “Айвенхоу Майнз” компанийн хувьцааны ханш ойрын хоёр жил есөн сар орчмын хугацаан дахь хамгийн доод түвшиндээ хүрч 9.88 канад доллар болж буурчээ.
Гэхдээ “Саутгоби Ресорсез” компанийн хувьцааны ханш өчигдрийн байдлаар 13 хувиар буурч 5.80 доллар болсонтой харьцуулахад одоо хувьцааны үнэлгээ нь ялимгүй өсөөд буй юм. Хувьцааны ханш нь огцом буурсан уг нөхцөл байдлыг “Саутгоби Ресорсез” компани Монгол улс стратегийн ордуудын 51-ээс доошгүй хувийг төр эзэмших заалт бүхий гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах хуулийн төслийг батлахаар хэлэлцэж буй, мөн Авлигатай тэмцэх газар тус компанийн охин компани болох Саутгоби Сэндс-ээс зарим нэг мэдээлэл авахаар хүсэлт гаргаснаас үүдэлтэй гэж тайлбарлажээ.
“Айвенхоу Майнз”-ын хувьцааны үнэ өнгөрсөн долоо хоногт дунджаар 11 канад долларын үнэтэй байсан бол “Саутгоби Ресорсез”-ийнх 6.85 канад доллар байжээ.
Гэхдээ хоёр компанийн хувьцааны үнэлгээ ийнхүү буурсан нь дэлхийн хөрөнгийн захын ерөнхий байдалтай ч бас холбоотой юм. Учир нь өнгөрсөн даваа гаригаас эхлэн “Dow Jones”, “S&P 500”, “STOXX 50”, “FTSE 100”, “Hang Seng”, “Nikkei” зэрэг бүхий л гол гол индексийн үзүүлэлтүүд унаж эхэлсэн юм. Энэхүү уналт нь Грекийн саяхан болж өндөрлөсөн парламентын сонгуульд чамгүй их суудал эзлээд авсан зүүний намын удирдлага Алексис Ципрас тус улсын өрийн хямралыг арилгахаар Европын холбооноос гаргах 130 тэрбум еврогийн санхүүжилтийг авах шаардлагагүй гэж мэдэгдсэнтэй холбоотой ажээ.
Өнөөдрийн байдлаар индексийн үзүүлэлтүүд үргэлжлэн буурсан хэвээр байна.
Б.Төгс