Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Гадаад дахь хэлцлүүдээс татвар авахаар боллоо

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Стратегийн аж ахуйн нэгжүүдэд гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн юм. Тус байнгын хорооноос УИХ-ын дэд дарга Н.Энхболдоор ахлуулсан УИХ-ын гишүүн Х.Наранхүү, Р.Гончигдорж, С.Оюун, Д.Одхүү нарын гишүүдээс бүрдсэн Ажлын хэсэг томилогдон гурван ч удаа хуралдаж, хуулийн төсөл дээр ажилласан байна. Ажлын хэсгийн оруулж ирсэн саналын дагуу хуулийн төсөлд нэлээд өөрчлөлт оруулжээ.

Тухайлбал хуулийн төсөлд стратегийн ач холбогдол бүхий үйл ажиллагаанд нийт 16 салбарыг оруулаад байсан бол үүнийг уул уурхай эрдэс баялгийн салбар, банк санхүүгийн салбар, харилцаа холбоо хэвлэл мэдээллийн салбар хэмээн гурав болгон цөөлсөн байна. Цаашид шаардлагатай бол өөр салбаруудыг тухай бүрт нь нэмж оруулж болно гэж Ажлын хэсгээс үзжээ. Харин хүнс хөдөө аж ахуй, эрчим хүч, зам тээврийн салбарт томоохон бүтээн байгуулалтын ажил төлөвлөгдөж байгаа, түүнд гадаадын хөрөнгө оруулалт нэн шаардлагатай байгаа болохоор оруулаагүй аж.

Харин стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулдаг бүх компанид гадаадын хөрөнгө оруулалтыг оруулахад 15 хувиас 49 хүртэл хувьд нь Засгийн газраас зөвшөөрөл авах, 49 хувиас дээш бол Засгийн газрын өргөн мэдүүлсний дагуу УИХ-аас зөвшөөрөл авдаг болохоор болгожээ. Ингэснээр элс, хайрганы карьер, давсны орд, нүүрс, алт гээд эрдэс баялгийн бүх л бүтээгдэхүүний тусгай зөвшөөрөл эзэмшигч компанид гадаадын хөрөнгө оруулалт орох бол Засгийн газар, УИХ-аас зөвшөөрөл авдаг болохоор болжээ.

Мөн анхны өргөн барьсан хуулийн төсөлд зах зээлийн үнэлгээ нь 100 тэрбум төгрөг, түүнээс дээш үнэлгээтэй компанийн хувьцааг эзэмших бол Засгийн газраас зөвшөөрөл авна хэмээн хэмжээ заасан байсныг больсон байна. 100 тэрбум төгрөг нь уул уурхайн компаниудад бага, бусад салбарын компаниудад томдож байгаа, компаниудын зах зээлийн үнэлгээг нэг бүрчлэн тогтоох бололцоо дутмаг байгаа болохоор энэхүү хязгаарыг төслөөс авчээ.

Үүнээс гадна уг хууль нь стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулдаг компанид үйлчлэхээр байсныг бага зэрэг өөрчилж, шинээр аж ахуйн нэгж байгуулахад ч гэсэн хамааруулахаар болсон юм. Өөрөөр хэлбэл стратегийн ач холбогдол бүхий салбарт гадаадын хөрөнгө оруулалттай компани шинээр байгуулагдах бол Засгийн газраас зөвшөөрөл авахаар болж байгаа юм. Ингэснээр хамгийн их анхаарал татаж байсан банк санхүүгийн салбарт гадаадын банкууд орж ирэхэд бас нэг босго нэмэгдэж байгаа юм. Манай улсад дэлхийд тэргүүлэх банкууд салбараа нээхээр идэвхтэй ажиллаж байгаа бөгөөд гадаадын том банкуудаас дотоодын банк санхүүгийн салбарыг хамгаалах том алхам боллоо гэж Монголын банкны мэргэжилтнүүд үзэж байна.

Уг хуулийн төслийн гол зорилго нь гадаадын хөрөнгө оруулалт гэхээс илүүтэй гадны төрийн өмчит компаниудыг хянахад чиглэгдэж байсан. Хуулийн төсөл дээр гадаадын Засгийн газрын хяналтад байдаг байгууллага болон олон улсын байгууллага, түүний хяналтад байдаг байгууллага гэж томъёологдсон байсныг гадаад улсын төрийн өмчит, төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, хуулийн этгээд, түүнтэй нэгдмэл сонирхолтой байгууллага хэмээн өөрчлөн томъёолсон байна.

Байнгын хорооны хуралдааны төгсгөлд уг хуулийн төсөлд нэг шинэ заалт нэмсэн. Тэр нь стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулдаг компанийн толгой компаниуд хувьцаагаа бусдад зарах бол Монгол улсын татварын тухай хуулийн дагуу татвар төлнө гэсэн утга бүхий заалт юм. Харин ганцхан стратегийн салбарт ажилладаг компани гэж зааглах уу, эсвэл нийт компанийн толгой компани гэх үү гэдгийг УИХ-ын чуулганы үеэр найруулан засахаар болов. Ингэснээр Монгол улсад ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын толгой компаниуд Монгол улсын хилийн гадна хувьцаагаа зарах хэлцэл хийхдээ Монгол улсад татвар төлдөг болох юм. Өөрөөр хэлбэл “Айвенхоу Майнз” компани Монголд үйл ажиллагаа явуулдаг “Саусгоби Сэндс” компанийн толгой компани “Саусгоби Ресурс” компанийн 57.6 хувийн хувьцааг зарахаар бол түүнээс олсон ашгаас Монгол улсад татвар төлөх нөхцөлийг бүрдүүлж байгаа юм.

Ийнхүү анх өргөн баригдсанаасаа хойш нэлээд өөрчлөлт орж, хамрах хүрээ нь хумигдсан Стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжүүдэд гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийн төслийг маргаашийн УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүлэхээр боллоо. Н.Энхболд дарга уг хуулийн төслийг энэ долоо хоногт амжуулан УИХ-аар батлуулахаар ажиллана гэж хэлсэн. Харин хуулийн төслийг санаачилсан УИХ-ын гишүүн Г. Занданшатар, Н.Батбаяр нар уг хуулийн төсөл гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлах биш, зохицуулах зөвшөөрөл олгох механизм руу шилжиж байгаа гэдгийг онцолж байв. Хуулийн төслийн талаар эдүгээ нийгэмд янз бүрийн буруу зөрүү ойлголт бий болж,  гадаад зах зээлд өрөөсгөл, хэт болгоомжилсон  мэдээлэл цацаж байгаа гэдгийг Ажлын хэсгийнхэн тэмдэглэж байлаа.

С.Болд-Эрдэнэ