Менторын төсөл-2018-ын сэтгүүлчид The Mongolian Mining Journal сэтгүүлийн редакцад зочлов
GIZ-ийн ЭТИС хөтөлбөр нь эдийн засаг, уул уурхайн чиглэлээр сэтгүүлчдийг давтан сургах, чадавхжуулах зорилгоор 21 аймгийн сэтгүүлчдийг хамруулсан “Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ” төслийг Mongolian Mining Journal сэтгүүлийн дэргэдэх Хөгжлийн төлөө сэтгүүл зүй төрийн бус байгууллагатай хамтран 2015-2017 онд хэрэгжүүлсэн билээ.
Түүний зэрэгцээ 2016-2017 онд Квийнсландын их сургуультай хамтран Монголын эдийн засаг, бизнесийн сэтгүүлчдэд онол, дадлагын сургалт явуулсан юм. Дээрх хоёр түвшний сургалтын үйл ажиллагааг хооронд нь уялдуулан өргөжүүлж, 2018 онд менторшип хөтөлбөр зохион байгуулж байна.
Энэ нь төвийн сэтгүүлчид орон нутгийн залуу сэтгүүлчдэд ажлын бодит туршлага өгч, халамжлан сургах байдлаар туршлага, ур чадвар эзэмшүүлэх хөтөлбөр юм.
Менторшип хөтөлбөрт дээрх хоёр төсөлд хамрагдсан сэтгүүлчид оролцсон бөгөөд суралцах сэтгүүлчийг GIZ-ийн төсөл хэрэгжүүлэгч Баянхонгор, Сэлэнгэ, Увс болон Өмнөговь аймгаас сонгожээ.
Менторшип хөтөлбөрт хамтрагдсан орон нутгийн болон төвийн хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчид өнөөдөр The Mongolian Mining Journal сэтгүүлийн редакцад зочлон өдөр тутмын үйл ажиллагаа болон хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдтэй танилцлаа.