“Олборлолт” ХХК-ийн хамт олон дөрөвдүгээр сарын 25-ны балжиннямтай билэгт сайн өдөр дэлхийд алдартай Катерпиллар брэндийн шинэ техникүүдээр хүчээ зузаатгалаа.
“Бүтээмжээр тэргүүлнэ” уриаг үргэлжид дэвшүүлэн ажилладаг, үндэсний шилдэг “Олборлолт” ХХК-ийн засвар, үйлчилгээний талбайд Монголд анх удаа орж ирж буй, 98.2 тонны даацтай CAT 777E загварын дөрвөн шинэ автосамосвалыг байрлуулсан нь содон харагдана.
Морин хуур, уртын дууны эгшиглэнт аялгуугаар эхэлсэн Түлхүүр хүлээлгэн өгөх ёслолыг “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” ХХК-ийн Худалдаа ба түрээсийн газрын захирал Э.Энхдэлгэр нээж үг хэлэв.
Түлхүүр хүлээлгэн өгөх ёслолд “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” ХХК-ийн Аналитик, инновацийн газрын захирал С.Цэрэнням, Худалдааны төлөөлөгч Ц.Баяраа болон “Олборлолт” ХХК-ийн Үйл ажиллагаа хариуцсан захирал Д.Золжаргал болон “Мера” ХХК-ийн хамт олон оролцсон юм.
“Эрдэнэс Тавантолгой” компани нь бүхий л үйл ажиллагаандаа Оюутолгойн хөдөлмөр, аюулгүй ажиллагааны стандарт, хэв журмыг нэвтрүүлж эхлээд байгаа ба энэ нь гэрээт олборлогч компаниудын хувьд ч мөн зайлшгүй мөрдөх ёстой жишиг болж байгаа аж. Яг ийм нөхцөлд чанартай, бүтээмж сайтай, аюулгүй ажиллагааг хангах техникүүдийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн нь “Олборлолт” компанийн хувьд нэн чухал алхам болж байна.
“Вагнер Ази Тоног Төхөөрөмж” ХХК нь Монголын уул уурхайн зах зээлд CAT 777D загварын 100 гаруй техникийг нийлүүлжээ. Харин CAT 777E брэндийн хувьд эдгээр техникээс ялгагдах хэд хэдэн онцлогтой. Тухайлбал, энэ хоёр техникийг гаднаас нь харахад төдийлөн ялгарахгүй ч технологийн шийдлүүд, тэр дундаа машины хөдөлгүүрийн шийдлийн хувьд ихээхэн өөрчлөлт гарсныг “Вагнер Ази” компанийнхан онцолж байв.
Операторуудын хувьд өмнө нь “Багануур”, “Энержи Ресурс”-ын уурхайд олон жил ажилласан туршлагатайгаас гадна Катерпиллар брэндийн чанар чансааг сайн мэддэг, “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” компанийн зүгээс зохион байгуулдаг сургалтуудад хамрагдаж ирсэн тухайгаа ярьж байлаа.