Монгол улс, ОХУ-ын Ерөнхийлөгч нарын ивээл дор “Монгол, Оросын санаачилга 2018” арга хэмжээний хүрээнд “Орос улсын загварын цөмийн шинжлэх ухаан ба технологийн төвүүд” сэдэвт семинар 2018 оны зургадугаар сарын 7-ны өдөр Шангри-Ла зочид буудалд болсон юм.
Энэхүү семинарыг Монгол улсын Цөмийн Энергийн комиссын дэмжлэгтэйгээр Оросын төрийн өмчит “Росатом” корпораци удирдан явууллаа.
Семинарыг нээж Монгол улсын Цөмийн энергийн комиссын газрын нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Г.Манлайжав, “Росатом” корпорацийн Зүүн Азийн бус нутаг хариуцсан дэд Ерөнхийлөгч Сергей Дёмин нар үг хэлэв.
Цөмийн шинжлэх ухааны төвийн хэрэгцээ шаардлага, хүний нөөц, аюулгүй ажиллагаа, дэлхийн бусад улс орнуудад хэрэгжүүлсэн туршлага, төслүүдийн талаарх мэдээллийг Монголын цөмийн технологи ашиглагддаг салбарын мэргэжилтнүүдэд таниулахыг семинараар зорьсон юм.
“Росатом” корпорацийн Зүүн Азийн бус нутаг хариуцсан дэд Ерөнхийлөгч Сергей Дёмин “Орос улс нь цөмийн шинжлэх ухааныг 60 гаруй жилийн турш хөгжүүлж ирэхдээ 50 гаруй оронд 245 төв байгуулсан туршлагаараа дэлхийд тэргүүлдэг. Тиймээс Монгол улсад Цөмийн шинжлэх ухаан, технологийн төв байгуулах төслийн хэрэгжилтийн бүхий л шатанд ашиглалтад оруулах хүртэл дэмжих болно.” хэмээсэн юм.
Семинарын үеэр “Росатом” корпорацийн мэргэжилтнүүд Цөмийн шинжлэх ухаан, технологийн төвийг байгуулах хотхон, хүний нөөц, ашиглалтын технологийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл бүхий илтгэлүүдийг тавилаа.
Арга хэмжээнд Монгол, Орос улсын цөмийн технологи ашиглагддаг салбарын 50 гаруй төлөөлөгч оролцов.
Монгол улс анх 1956 онд Цөмийн шинжилгээний нэгдсэн институтийг байгуулж, бүрэн эрхт гишүүнээр элссэн түүхтэй.
Энэ явдал нь Монгол, Орос улсын цөмийн салбарын хамтын ажиллагааны эхлэлийг тавьж, Монгол улсад цөмийн шинжлэх ухаан, технологи, цөмийн физик болоод бусад шинжлэх ухааны салбар хөгжих томоохон түлхэц чухал алхам болсон гэж үздэг.