Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт Газрын тос боловсруулах үйлдвэрийн шав тавих ёслол боллоо.
Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх зургаадугаар сарын 21-22-ны өдрүүдэд Дорноговь аймагт ажиллаж байгаа билээ. Айлчлалын хүрээнд өнөөдөр тус аймгийн Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт Газрын тос боловсруулах үйлдвэрийн шав тавих ёслол боллоо.
Үйлдвэр нь жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулж, евро-4.5 стандартын шаардлага хангасан 560 мянган тонн авто бензин, 670 мянган тонн дизель түлш, 107 мянган тонн шингэрүүлсэн шатдаг хий болон бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай. Газрын тосны боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор жилд 1.2 тэрбум ам.долларын борлуулалт хийн, улсын болон орон нутгийн төсөвт татвар, хураамж хэлбэрээр жил бүр 150 сая ам.доллар төвлөрүүлэх тооцжээ. Бүтээн байгуулалтын ажлын явцад 1200-1500 ажлын түр байраар хангагдах бол үйлдвэр ашиглалтад орсноор байнгын 600 хүний ажлын байр шинээр бий болох юм. Газрын тосны үйлдвэр 2021 онд бүрэн ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй.
Хорин жилийн хугацаатай тус зээл нь жилийн 1.75%-ийн хүүтэй, үндсэн төлбөрөөс таван жил чөлөөлөгдөх нөхцөлтэй. Өнөөгийн өртгөөр 1.4-1.5 тэрбум ам.долларыг хорин жилийн дараа эргүүлэн төлөх ч үйлчилгээний төлбөрийг 1.75%-иар тооцон зөрүүг Энэтхэгийн Засгийн газар төлж барагдуулах тул харьцангуй хямд өртөгтэй. Төслийн нийт 1 тэрбум ам.долларын 700 саяыг үйлдвэрийн бүтээн байгуулалт, үлдсэнийг бүтээгдэхүүн дамжуулах шугам хоолойн тавихад зарцуулах юм.
Шав тавих ёслолд Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, “Улаанбаатар төмөр замын” ХНН-ийн дарга Р.Жигжиднямаа болон бусад холбогдох мэргэжилтнүүд оролцжээ.