16 дахь удаагийн “Дисковер Монголиа” уул уурхайн хөрөнгө оруулагчдын нэгдсэн чуулга уулзалт есдүгээр сарын 6-7-ны өдөр боллоо.
“Дисковер Монголиа” нь Монголын уул уурхайн салбарын төлөвийн талаар хэлэлцдэг, нэг ёсондоо салбарын өнгийг тодорхойлдог чухал үйл явдал.
Энэ чуулганаар жил бүр нүүрс, зэс, алт гээд бүхий л эрдсийн компани төслүүдээ танилцуулж, салбарын хууль эрх зүйн асуудал, Засгийн газрын бодлогыг ярилцдаг нь уламжлал болсон.
Хурлын үндсэн хуралдааныг нээж, уламжлал ёсоор Салбарын сайд Д.Сумъяабазар танилцуулга хийлээ. Тэрбээр “Тавантолгой” төслийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухайд итгэл дүүрэн байгаагаа илэрхийлсэн. Мэдээж “Оюутолгой” төслийн өргөтгөлийн үе шат саадгүй үргэлжлэх ёстойг мөн онцгойлон тэмдэглэлээ.
Оюутолгой” компанийн Гүйцэтгэх захирал Армандо Торрес ч төслийн цаашдын үйл ажиллагааг Монголын төр засаг тууштай дэмжинэ гэдэгт итгэж буйгаа илэрхийлсэн.
“Аспайр Майнинг” компанийн Хөвсгөл аймагт хэрэгжүүлж буй өндөр чанарын коксжих нүүрсний орд бүхий Овоот төсөл юм. Тус компанийн Ерөнхий захирал Дэвид Полл хурлын үеэр Монголын нүүрсний экспортын 30 хүртэлх хувийг тус компанийн бүтээгдэхүүн бүрдүүлэх боломжтой талаар мэдэгдсэн нь ихээхэн анхаарал татлаа.
“Эрдэнэ Ресурс” компанийн Гүйцэтгэх захирал Петер Акерли хурлын үеэр төсөлд сэргээгдэх эрчим хүч, тэр дундаа нарны эх үүсвэрийн боломжийг судална гэдгээ илэрхийлсэн нь манай улсын хувьд шинэ санаачилга гэж хэлж болно.
“Дисковер Монголиа” хурлын үеэр гадаадын дипломат төлөөллүүд санаа оноогоо хуваалцсан нь уул уурхайн салбараар дамжин мэдээллийн технологийн салбар хөгжих боломжтойг санууллаа.
Энэ хэсэгт Монгол, Орос, Япон, Их Британи, Канадын элчин сайд, дипломат төлөөлөл оролцсон юм.
Энэ удаагийн хуралд Монголын бизнесийн зөвлөл хамтарснаараа ихээхэн онцлог байлаа. “Бизнесийн байгууллагууд оролцоо, нөлөөлөл” сэдвээр тавьсан илтгэлдээ Монголын бизнес зөвлөлийн Тэргүүн Б.Бямбасайхан Монгол төрийн бодлого тууштай бус, солигдмол, тогтворгүй байгааг тэмдэглэсэн юм.
“Дисковер Монголиа 2018” эрдэс баялгийн нэгдсэн чуулганы үеэр Монголын уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт хийж буй Австралид төвтэй хөрөнгө оруулалтын сан Lion Manager-ийн Гүйцэтгэх захирал Хэдли Виддапаас MMJ-ийн Б.Төгсбилэгт зарим асуултад хариулт авлаа.
Ярилцлагыг MMJ сэтгүүлийн есдүгээр сарын дугаараас уншина уу.
“Эрнест энд Янг Монголиа” ХХК-ийн Татварын ахлах менежер Р.Хишигнэмэхтэй “Дисковер Монголиа” хурлын үеэр ярилцлаа. Ярилцлагыг MMJ сэтгүүлийн есдүгээр сарын дугаараас уншина уу.