The Mongolian Mining Journal сэтгүүлийн дэргэдэх “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” ТББ орон нутгийн сэтгүүлчдийн уул уурхай, эдийн засгийн мэдлэг, ойлголтыг тэлэх үе шаттай сургалтуудыг өнгөрсөн жилүүдэд амжилттай зохион байгуулж ирсэн билээ.
2018 оны сургалтыг Mongolian Mining Journal сэтгүүлийн редакци Оюутолгой” ХХК болон МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим, “Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачилга дэмжлэгтэйгээр зохион байгуулж байгаа бөгөөд 21 аймгийн нийт 35 сэтгүүлчид хамрагдаж байна.
2018 оны сургалт гурван үе шаттай үргэлжлэх юм. Өнгөрсөн тавдугаар сард сэтгүүлчид Улаанбаатар хотноо онолын семинарт хамрагдсан бол тэрхүү мэдлэг ойлголтоо бататган уул уурхайн үйл ажиллагаатай газар дээр нь танилцах үүднээс “Оюутолгой” компанийн уурхайн талбайд зочилсон юм. Аравдугаар сарын 13-14-ний өдрүүдэд сэтгүүлчид “Оюутолгой”-н Оюут ил уурхай, Баяжуулах үйлдвэр, Эрсдэлийг үзүүлэх төв болон гүний уурхайн бүтээн байгуулалттай бодитоор танилцав.
Оюутолгойд очсон хэн боловч С.Санждорж гавьяатын танилцуулгыг шимтэн сонсдог. Дэлхийд гуравт орох энэхүү гайхалтай зэсийн баялаг ордын үүх түүх түүний цээжнээ бэлхэн, нэг ёсондоо амьд лавлах гэсэн үг. Хаанаас нь, юу ч асуусан төвөггүйхэн хариулна. Монгол орны өнцөг булан бүрээс зорин ирсэн үзэг нэгт сэтгүүлчид маань буурал инженерээс олон зүйлийг лавлан асууж, басхүү хүссэн хариултаа авч чадсан юм. Дэлхийд тэргүүлэх зэсийн аварга ордын анхны геологи хайгуулаас авахуулаад өнөөдрийн бүтээн байгуулалт хүртэлх бүхий л цаг хугацаанд энэ хүндтэй эрхэм хувь заяагаараа холбогдож иржээ.
Оюут ил уурхай 24 цагаар ажилладаг бөгөөд нэг ээлжиндээ 12 цагаар 560 орчим хүн ажиллаж байна. Өдгөө тус уурхай төлөвлөсөн хэмжээнээс давуулж буюу өдөрт 100 мянган тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойших зургаан жилийн хугацаанд 500 сая гаруй тонн хүдэр олборлож, хоёр км өргөн, 300 метр гүн ил уурхай бий болжээ.
Сэтгүүлчдийн хувьд энэ удаагийн аяллаас хамгийн сонирхолтой хэсэг нь Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалт байлаа.
Ил уурхайтай харьцуулахад эрдсийн өндөр агуулгатай гүний бүлэг орд нь Оюутолгойн ашиг орлогын гол цөм юм. Гүний уурхайн бүтээн байгуулалт таван жил үргэлжилнэ.
Аравдугаар сарын байдлаар 20 км нэвтрэлт хийгдээд байна. Өдөрт ойролцоогоор 30-40 метр буюу сард 1000 метрийн нэвтрэлт хийж байгааг далд уурхайн инженерүүд хэлж байв.
Одоогоор 1300 метрийн гүнд гүний уурхайн бүтээн байгуулалт ид явагдаж буй бөгөөд өдөрт 610 ажилтан доош нэвтэрдэг бөгөөд 160 тоног төхөөрөмж тасралтгүй ажиллаж байна.
Сэтгүүлчдэд танилцуулсан олон сонирхолтой зүйлсийн нэг нь Ёс заншлын өргөө байв. Тус өргөө нь “Оюутолгой” компанийн талбарт байрлах бөгөөд Ханбогд сумын ахмадууд ээлжээр гэртээ ирж, ирсэн зочид гийчдийг айраг цагаагаар дайлан, нутгийн өв уламжлал, түүхэн мэдээллийг өгдөг аж.
Түүнчлэн сэтгүүлчид Ханбогд суман дахь “Малын эрүүл мэндийн төв”, “Цэвэр усны байгууламж”, “Мод үржүүлгийн төв”, “Мэргэжил сургалтын төв”, “Үлэмжийн чанар” соёлын төвийн үйл ажиллагаатай танилцлаа.
21 аймгийн 35 сэтгүүлч “Оюутолгой” компанийн төслийн талбайд зочилж, өмнийн говьд өрнөж буй их бүтээн байгуулалтын эрчмийг мэдрээд нутаг нутгийн зүг хүлгийн жолоо заллаа.