Э.Оджаргал
ОХУ-ын Дубна хот, 2018-10-12
ОХУ-ын Дубна хот дахь Цөмийн шинжилгээний нэгдсэн институт (ЦШНИ)-ын үүсгэн байгуулагч гишүүн орны нэг нь Монгол Улс. 1956 онд үүсгэн байгуулагдсан энэхүү шинжлэх ухааны хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцаж, монгол мэргэжилтнүүдтэй уулзах аяллыг Оросын төрийн өмчит “Росатом” корпорацийн Зүүн Азийн бүс хариуцсан "Русатом Оверсиз" компаниас зохион байгуулсан юм.
Аравдугаар сарын 11-13-ны өдрүүдэд үргэлжилсэн тус аялалд Монголын төрийн өмчит “Мон Атом” компанийн удирдлага, МОНЦАМЭ агентлаг болоод The Mongolian Mining Journal-ийн сэтгүүлчид оролцлоо.
Монголын төлөөлөгчдийг Дубна хотноо Цөмийн шинжилгээний нэгдсэн институтын Дэд захирал М.Г.Иткис, хүрээлэнгийн Мэдээллийн технологийн лабораторийн орлогч захирал О.Чулуунбаатар, хүрээлэнгийн хэвлэл мэдээлэл хариуцсан Нарийн бичгийн дарга Б.М.Старченко болон “Росатом” корпорацийн Зүүн Азийн бүс хариуцсан "Русатом Оверсиз" компанийн орлогч захирал Д.А.Стрельников нар хүлээн авч уулзсан юм.
Профессор М.Г.Иткис ЦШНИ-ыг байгуулсан түүх болоод хүрээлэнгийн бүрэн эрхт гишүүн 18 орон, ажиглагч 6 орны оролцоо, гишүүн орнуудын цөмийн физикийн шинжлэх ухааны хамтын ажиллагаа, сүүлийн үед хэрэгжүүлж байгаа томоохон төслүүдийн талаар танилцуулав.
Профессор М.Г.Иткис: ЦШНИ-ын ИБР-2М реактор нь 2МВт чадалтай, импульсийн горимд ажилладаг судалгааны реактор ба нейтроны урсгал (~1016n/cм2сек) нь дэлхий дээр одоо ажиллаж буй судалгааны реакторуудын дунд хамгийн өндөр нь аж.
Одоо уг реактор дээр судалгааны 18 төхөөрөмж суурилуулагдсан ба үүнээс 14 нь материал судлалын судалгаа шинжилгээнд 2 нь цөмийн физикийн салбарт, 1 нь цацрагийн радиографийн салбарт болон нейтрон идэвхжлийн анализийн салбарт ашиглагдаж байна.
ЦШНИ-д цөмийн физикийн 40 гаруй нээлтүүд хийгджээ. Дээрх нээлтүүд нь олон орны эрдэмтдийн 35 жилийн нөр их зүтгэлийн хүчээр бий болсон юм.
Одоо хүрээлэнгийн хэрэгжүүлж байгаа хамгийн том төсөл нь NICA (Nuclotron-based Ion Collider fаcility) бөгөөд барион материйн нягтын шинж чанарыг судлахаар загварчлагдсан Цөмийн шинжилгээний нэгдсэн институт дэхь хурдасгуурын цогц байгууламж юм.
ЦШНИ-ын хэрэгжүүлж байгаа дараагийн нэг чухал төсөл бол Байгаль нуурын гүнд суурилж буй нейтринийн телескоп Baikal-GVD (Gigaton Volume Detector) юм.
Хүрээлэнг үүсгэн байгуулалцсан цагаас хойш өнөөг хүртэл Монгол Улсаас эрдэм шинжилгээний 100 гаруй ажилтан ЦШНИ-д урт хугацаагаар томилогдон ажиллаж, 50 орчим мэргэжилтэн дэд эрдэмтэн (PhD), 9 мэргэжилтэн шинжлэх ухааны докторын (ScD) зэрэг хамгаалжээ.
ЦШНИ-ын Нейтроны физик, Цацрагийн биологийн болон Цөмийн асуудлын лабораториуд, РЕГАТА төхөөрөмж, туршилтын танхим, Анагаах ухаан-техникийн цогцолбортой удирдах эрдэмтэд танилцуулсан юм.
Цөмийн судалгааны нэгдсэн институт нь олон улсын Засгийн газар хоорондын шинжлэх ухааны эрдэм шинжилгээний байгууллага юм.
Хүрээлэн нь Онолын физик, Цөмийн асуудал, Цөмийн урвал, Их энергийн физик, Нейтроны физик, Цацрагийн биологийн, Мэдээллийн технологийн гэсэн үндсэн 7 лабораторитой.
Өдгөө 62 жилийн түүхтэй энэ хүрээлэн 5500 гаруй ажиллагсад, 1200 судлаачидтай бөгөөд үүний 400 гаруй нь гишүүн орнуудын эрдэмтдээс бүрдэж байна.
ЦШНИ нь дэлхийн 62 орны 800 гаруй эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран ажиллаж буй.
Шинжлэх ухаан техникийн музей
Музейн дарга, хатагтай Н.С.Кавалерова “Хүрээлэнг байгуулж, хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсан бүх эрдэмтдийнхээ дурсамжийг хадгалахыг бид хичээдэг. Тэр агуу эрдэмтдийн нэг бол яах аргагүй академич Н.Содном юм.