Хүчин чадал нь гурав дахин нэмэгдсэн, 3250 м2 талбай бүхий томоохон Агрегат үйлдвэрлэлийн төвийн (Сomponent Rebuild Center) нээлтийн ёслолыг “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” ХХК өчигдөр Төв байрандаа хийлээ.
Нээлтийн ёслолд хамтран ажилладаг байгууллагуудын төлөөллүүд олноор цуглажээ. Тэдний ихэнх нь 1996 оноос хойш 22 дахь жилдээ манай улсад тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа, Монголын топ 100 аж ахуйн нэгжүүдийн эхний 20-д ямагт эрэмблэгдэж ирсэн “Вагнер Ази”-ийн итгэлтэй түншүүд юм.
Одоогоос долоон жилийн өмнө Улаанбаатар хотноо нээсэн Агрегат засварын төвийг 2018 онд өргөтгөн шинэчлэх төслийг зургаан сарын хугацаанд амжилттай гүйцэтгэжээ. Олон улсаас уригдан ирсэн шилдэг инженерүүд, “Вагнер Ази” компанийн туршлагатай инженер, техникийн ажилтнууд энэ төсөлд маш их идэвх зүтгэлтэй ажилласан байна.
Агрегат засварын төвийн өргөтгөл, шинэчлэлийн төсөл нь нэг компанийн хөгжлийн асуудал мэт боловч том дүр зургаар харвал Монголын улсын эдийн засгийн хөгжлийг дэмжих асар том ач холбогдолтой бүтээн байгуулалт ажээ.
2011 онд 10 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалтаар 1000м2 бүхий Агрегат засварын төвийг нээснээр Катерпилларын эвдэрсэн эд анги болон сэлбэгүүдийг монголчууд эх орондоо сэргээн засварлах боломжтой болжээ.
Тус төвийн нээлтийн үйл ажиллагаанд оролцсон зочдыг “Вагнер Ази”-ийнхан баг болгон хувааж, тус компанийн Засвар үйлчилгээнийн цех, Сэлбэгийн агуулах, CAT-ын нэрийн барааны дэлгүүр, Тоног төхөөрөмжийн менежментийн шийдлийн өрөө зэрэг хэсгүүдтэй танилцах аяллыг зохион байгуулсан юм.
Агрегат үйлдвэрлэлийн төвийн нээлтийн ажиллагаа CAT 6060 гидравлик экскаватор худалдан авах гэрээнд гарын үсэг зурах ёслолоор үргэлжлэв. “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” компани уг техникийг дэлхийн уул уурхайн манлайлах төслийг хэрэгжүүлж байгаа Оюутолгой компанид нийлүүлж буй юм. Мөн “Терра Энержи” компанид гурван жилийн хугацаанд сэлбэг болон засварын үйлчилгээ үзүүлэх гэрээг талууд үзэглэсэн.
“Вагнер Ази Тоног Төхөөрөмж” ХХК нь Хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдлын OHSAS 18001 менежментийн тогтолцоог нэвтрүүлэн, баталгаажуулалтын гэрчилгээ авах болзлыг хангажээ. Мөн Байгаль орчны менежментийн тогтолцооны ISO140001 стандартыг хангасан байна. Монголын стандартын баталгаажуулалтын “Эс-Эф-Си-Эс” компанийн удирдлагууд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн гэрчилгээг “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” компанид албан ёсоор гардуулсан юм.