2019.01.21. Дэлхийд тэргүүлэгч Катерпиллар группын технологийн өндөр дэвшилтэт техникүүд болох CAT 824К дугуйт түрэгч, CAT 16M3 автогрейдер, хоёр ширхэг CAT 232D дугуйт юниверсал ачигчаар зууны манлай бүтээн байгуулалт "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн хүдрийн ил уурхайн техникийн баазаа өргөтгөлөө.
Хүдрийн ил уурхайн Засварын төвд болсон Түлхүүр гардуулах ёслолд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ил уурхайн цехийн дарга Б.Отгондаваа, Техникийн хэлтсийн дарга Б.Мөнхнасан, Тэргүүлэх инженер Д.Очирбат болон “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” ХХК-ийн Худалдааны хэлтсийн менежер А.Жанчив, маркетингийн бусад ажилтнууд оролцсон юм.
2018 онд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-аас зарласан тендерт “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” компанийн эдгээр шинэ техникүүд шалгарч, хүдрийн ил уурхайд нийлүүлэх гэрээнд гарын үсэг зурсан юм.
CAT 824К дугуйт түрэгч нь гинжит бульдозертой харьцуулахад богино хугацаанд түрэх боломжтой бөгөөд уулын нэг хэсгээс нөгөө рүү маневр хийхэд илүү хялбар. Дугуйт бульдозер нь уул уурхайд тохиромжтой төдийгүй 2017 онд технологийн сайжруулалт хийжээ.
Эдгээр техникүүд нь 2018 онд үйлдвэрлэгдсэн хамгийн сүүлийн үеийн загвар бөгөөд ухаалаг программ хангамж, автомат тосолгооны болон хяналтын системтэй, шинэ технологи бүхий тоног төхөөрөмжүүд юм.
“Эрдэнэт үйлдвэр” ХХК нь 2018 онд төлөвлөгөөт үзүүлэлтээ 100-116%-иар биелүүлж, 40 жилийн ойн хүрээндээ үйлдвэрийн хэтийн төлөвөө нарийвчлан тогтоож, хөгжлийн 15 жилийн үндсэн чиглэлээ гарган ТУЗ-аараа батлуулж хэрэгжүүлээд байгаа юм.
Энэ утгаараа техникийн шинэчлэлээ өргөн хүрээнд хийж, дэлхийн шилдэг, өндөр технологи бүхий техникүүдийг уурхайн үйл ажиллагаандаа нэвтрүүлээд буй юм.
“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Техникийн хэлтсийн Тэргүүлэх инженер Д.Очирбат: CAT-ын техникийн бэлэн байдлыг 97%-д хүргэж байлаа. Үнэхээр шалгарсан техник
“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Техникийн хэлтсийн дарга Б.Мөнхнасан: CAT брэнд бол дэлхийн уул уурхайн салбарт танигдсан бүтээгдэхүүн
“Вагнер Ази Тоног Төхөөрөмж” ХХК-ийн Худалдааны хэлтсийн Ерөнхий менежер А.Жанчив: Хамтын ажиллагаа сэргэж байгаад баяртай байна
“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ил уурхайн цехийн дарга Б.Отгондаваа: Техникийн шинэчлэлийг цаг тухайд нь хийж байх ёстой