Алтны салбарыг дэмжин ажиллаж, зах зээлд тодорхой байр суурь эзэлж буй утгаараа Голомт банкнаас энэхүү салбарыг онцолсон ажил хэрэгч форумыг зохион байгуулах болсон юм. Хоёр дахь удаагийн “Голомт алтны форум 2019” энэ сарын 22-ны өдөр "Туушин" зочид буудалд чуулав.
2018 онд Монгол Улсын эдийн засгийн өсөлт 6.9%-д хүрсэн. Гэхдээ эдийн засгийн үзүүлэлт нь өсч, буурдаг циклтэй. Одоо өсөлт ажиглагдаж байгаа ч буурах нь тодорхой. 2020 оны дундаас эдийн засгийн өсөлт саарах магадлалтай гэсэн таамгийг Голомт банкны Эрсдлийн удирдлагын газрын Ахлах шинжээч Г.Ганзориг дэвшүүлсэн юм.
“Голомт алтны форум”-ыг зохион байгуулснаар алтны бизнес эрхлэгчдэд зах зээлийн төлөв, түүхий эдийн ханш, макро эдийн засгийн орчны талаарх шинжээч, мэргэжилтнүүдийн сүүлийн үеийн судалгаа хүргэхийг зорьдог. Салбар дахь төрийн бодлого, зохицуулалт, хууль эрх зүйн мэдээллийг хүргэнэ. Мөн алтны салбарт банк санхүүгийн үйлчилгээ, техникийн бүтээгдэхүүний шинэ трендүүдийг танилцуулдаг.
“Голомт алтны форум”-ын хамгийн сонирхолтой хэсэг хараат бус эдийн засагч, салбарын шинжээчдийг оролцуулсан хэлэлцүүлэг байлаа.
Өнөөдөр Голомт банкаар дамжуулан Вагнер Ази, Моннис, Транвест, АОДЭ зэрэг томоохон компаниуд алтны салбар дахь техник, тоног төхөөрөмжийн худалдаа, түрээсийн үйлчилгээгээ хийж байна. Энэ удаагийн форумд тус компаниуд өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулсан бөгөөд 2019 онд Голомт банктай хамтран ажиллах санамж бичгийг байгууллаа”
Энэхүү хэлэлцүүлэгт эдийн засагч Ч.Хашчулуун, зах зээлийн шинжээч А.Билгүүн болон “Эм Си Эс” группийн Дэд Ерөнхийлөгч Д.Энхтүвшин нар оролцож, олон улсын зах зээл болоод ханшийн төлөв, Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар өөрсдийн байр суурийг илэрхийлэв.
Шинжлэх ухааны сургуулийн Нийгмийн ухааны салбарын эдийн засгийн тэнхмийн профессор, Эдийн засагч Ч.Хашчулуун “2019 он бол Засгийн газар мөрийн хөтөлбөрөө бүрэн биелүүлэх, амалсан, төлөвлөсөн ажлаа хэрэгжүүлэх боломжтой бүтэн жил. Улс төрийн тогтворгүй байдал харьцангуй арилсан гэж бодож байна. Төсөвт суулгасан нэлээд хэмжээний хөрөнгө оруулалттай төслүүдийг ирэх 3-4 дүгээр сараас эрчимтэй хэрэгжүүлнэ гэсэн хүлээлт байна.
MIBG компанийн Гүйцэтгэх захирал А.Билгүүн “Алт, нүүрс, зэс гэсэн түүхий эдийг тодотгож ярья. Алтны ханш өнгөрсөн оны 1200 ам.доллараас өсч, өнөөдөр 1345 ам.доллараар арилжаалагдаж байна. Одоогийн байдлаар Монголбанк алт худалдан авалтаараа дэлхийд зургаад жагсаж байгаа. 2018 онд дэлхийн Төв банкуудын алтны худалдан авалт 74% буюу сүүлийн 50 жил байгаагүй их хэмжээгээр өссөн. Энэ нөхцөл байдал алтны ханш өсөхөд тодорхой хэмжээгээр нөлөөллөө. 2019 онд ч алтны ханш өсөх төлөвтэй.
Эм Си Эс” группийн Дэд Ерөнхийлөгч Д.Энхтүвшин “2019 оныг өөдрөг харж байгаа. Сонгуулийн өмнөх жил учир Засгийн газар хөрөнгө оруулалтын томоохон төслүүдийг явуулах бодлого, чиглэл барих байх. Төмөр замын төслүүд, Тавантолгойн цахилгаан станц гэх мэт. Энэ талаасаа эдийн засгийн өсөлтүүд бий болно гэж бодож байна.
Голомт банкны Ерөнхийлөгч Г.Ганболд “Голомт банк алтны салбарынханд зориулсан шинэ үйлчилгээ, бүтээгдэхүүнийг нэвтрүүлээд байна. 500 орчим тэрбум төгрөгийн урьдчилсан болоод суурь санхүүжилт, 50 орчим тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийн зээл, алт барьцаалсан зээл зэрэг банкны бүтээгдэхүүнийг нэрлэж болно.