Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

“Инженеринг барилга хангамжийн гэрээний менежмент” сэдэвт сургалт эхэлжээ

Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Эрдэс, баялаг түүхий эдийн Иж бүрэн санаачлага хөтөлбөрөөс “EPC contract management” буюу “Инженеринг барилга хангамж (ИБХ)-ийн гэрээний менежмент” сэдэвт сургалтыг энэ сарын 14-нөөс эхлэн дөрөв хоногийн хугацаатайгаар зохион байгуулж байна. Тавантолгойн нүүрсний ордыг эдийн засгийн эргэлтэнд оруулах болсонтой холбогдуулан Эрдэнэс Тавантолгой ХХК нь 300 МВт-ийн хүчин чадалтай цахилгаан станц барих төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа. Энэ ажлын хүрээнд гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, шалгарсан гүйцэтгэгчтэй ИБХ-ийн гэрээ байгуулах асуудал тулгарч буй юм.

Олон улсын практикт аливаа их хэмжээний хөрөнгө оруулалт шаардсан бүтээн байгуулалтын ажил нь ИБХ гэрээний дагуу хийгддэг. Манай улсын компаниудын хувьд урьд өмнө энэ төрлийн гэрээ төдийлэн хийгдээж байгаагүй. Зөвхөн Тавантолгойн орд газрыг төдийгүй бусад стратегийн ордуудаа эдийн засгийн эргэлтэнд оруулахаар төлөвлөж байгаа өнөө үед холбогдох байгууллагуудын боловсон хүчнийг бэлтгэж, тэдгээрийн ИБХ гэрээний менежмент хийх ур чадварыг сайжруулах нь нэн чухал гэж мэргэжлийн байгууллагууд үздэг.

Тиймээс “ИБХ гэрээний менежмент” сэдэвт сургалтыг ХБНГУ-ын нэр хүнд бүхий хоёр компанийн ИБХ гэрээний менежментийн газрын захирлууд хөтлөн явуулж байгаа ажээ. Ноён Мартон Хагнэр нь E.ON New Build & Technology ХХК-д ажилладаг бөгөөд уг компани нь цахилгаан станц барих төсөл хэрэгжүүлдэг захиалагч талын төлөөлөл бол ноён Норберт Кинэ нь Linde Engineering Dresden ХХК-д ажилладаг. Энэхүү компани нь ИБХ гэрээний арвин туршлагатай гүйцэтгэгч талын төлөөлөл юм. Ийнхүү манай улсын төрийн өмчит болон хувийн өмчит уул уурхайн компаниуд, холбогдох төрийн байгууллагын мэргэжилтнүүд ИБХ гэрээний талаарх мэдлэгээ дээшлүүлэх боломж бүрджээ.

Г.Идэр