УИХ-ын хаврын чуулган буюу энэ Парламентын сүүлийн чуулганы хугацаа мөдхөн өндөрлөнө. Монголын Парламент бүрэн эрхийнхээ хугацааны эхний хоёр жилд нь буурай улсын жишгээр Олон улсын санхүүгийн байгууллагуудаас тусламж авч байлаа. Харин дараагийн хоёр жилд нь Монгол улсын зээлжих зэрэглэл өсч, буурай орны жагсаалтаас гарчээ. Одоо манай улс арилжааны зээлийн эрхтэй болсон төдийгүй Монголын компаниуд олон улсын банк санхүүгийн байгууллагаас их хэмжээний хөрөнгө оруулалтын зээл авдаг болсон байна.
Өнгөрсөн дөрвөн жил бол Монгол орны хувьд сорилтын жилүүд болсон юм. Энэ хугацаанд Парламентын гишүүд олон улсын гэрээ хэлцлийн тухай ойлголт сууж, хууль тогтоомжуудыг олон улсын хэм хэмжээнд нийцүүлэн шинэчлэх ажлын гарааг эхлүүлжээ. Тэдгээрийн нэг нь Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Төсвийн тухай хууль. Нэг үгээр, Монгол улс төсвийн харилцааг шинэ зарчмаар зохицуулан, орлогоо хуримтлуулах эрх зүйн үндсэн бичиг баримттай болжээ. Уул уурхайн орлогын зохистой хуваарилалтын тухай энд онцолж буйг минь Та бүхэн анхаарсан биз ээ.
The Mongolian Mining Journal сэтгүүлийн тавдугаар сарын дугаартаа хөндөж буй хууль бол мөн л шинэ цаг үеийн шаардлагаар урган гарсан харилцааг зохицуулах баримт бичиг. Стратегийн ач холбогдолтой аж ахуйд гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах хуулийн тухай MMJ сэтгүүл энэ удаа онцлов. Сүүлийн хорин жилд баримталсан гадаадын хөрөнгө оруулалтын бодлого өөрчлөгдөж байгаа тул энэ нь онцгой сэдэв юм. Уг сэдвээр MMJ сэтгүүлийн байр суурийг Эрхлэгч Н. Ариунтуяа уншигчдадаа хүргэж байна. Түүнчлэн, олон улсын хөрөнгийн зах дээр Монголын ордуудын үнэлгээгээр хийгддэг арилжаа наймаа хяналтад орж буй тул MMJ-ийн хувьд цаашид ч энэ нь зайлшгүй анхаарах сэдэв байх болно.
Өнгөрсөн дөрвөн жилд олон чухал хууль батлагдсан. Гэхдээ яг одоо төслөөрөө байгаа, хараахан хэлэлцэгдээгүй нэгэн хуулийг мөн л тодотгоё. Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлогын баримт бичиг, Ашигт малтмалын багц хууль, уг хуулийг дагалдан өөрчлөгдөх бусад хуулийн төслийг нэгтгэн нэрлэхийг хүсч байна. Өнөөгийн Парламентын бүрэн эрхийн хугацаанд хэлэлцэж амжихгүй, гэхдээ долдугаар сараас буюу Парламентын сонгуулийн дараа олон нийтийн хэлэлцүүлэгт орох Ашигт малтмалын тухай хуулийн төсөл. Өмнөх хуулиасаа зарчмын маш олон өөрчлөлт орсон төслийг MMJ сэтгүүл долдугаар сараас эхлэн уншигчдадаа танилцуулна.
Монгол төрийн бодлогод орж буй өөрчлөлт, уламжлалт хандлага бүрийн талаар MMJ сэтгүүл цаг алдалгүй байр сууриа илэрхийлж ирлээ. Манай нийгэм дэх тал бүрийн байр суурийг ч тэнцвэртэйгээр Та бүхэнд хүргэж байлаа.
Яг энэ Парламентын дөрвөн жилтэй зэрэгцэн Mongolian Mining Journal нь 2008 оноос дөрөв дэх жилдээ хэвлэгдэн гарч байна. Эх орныхоо түүхийн хамгийн их сорилттой дөрвөн жилийг бид сэтгүүлдээ бичиглэн үлдээсэн байх юм. “Хөгжилд хүрэхсэн” гэсэн чин сэтгэлийн тэмүүлэл дунд монголчууд улирах дөрвөн жилийг ардаа орхижээ. Одоо эргээд хар даа. Монголчууд хийж чадсан ажил, бүтээн байгуулалттай, хүрэхээр зориглосон тодорхой зорилготой болсон байна. Өөдрөг байх учир шалтгаан бидэнд бий.
Л. Болормаа