Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

“Future Mongolia”-д технологийн дэвшлийг танилцуулж байна

Уул уурхай, барилга угсралтын тоног төхөөрөмжийн олон улсын үзэсгэлэн “Future Mongolia өнөөдөр өглөө 10:00 цагт “Буянт-Ухаа” спорт цогцолборын төвд эхэллээ. Энэхүү үзэсгэлэнд өөрсдийн тоног төхөөрөмж, үйл ажиллагаагаа танилцуулахаар 14 орны 100 гаруй компани хүрэлцэн ирсний дотор Германы 70 гаруй компани байгааг үзэсгэлэнгийн зохион байгуулагч тэмдэглэлээ. Германы “VF Messen компани болон хоёр орны төрийн байгууллагуудын дэмжлэгтэйгээр зохион байгуулж буй энэхүү арга хэмжээ нь Монголд зохион байгуулагдаж буй олон улсын түвшний тоног төхөөрөмжийн анхны үзэсгэлэн гэдгээрээ онцлог юм.

Future Mongolia үзэсгэлэнд дан ганц уул уурхай бус, барилга угсралт, нөхөн сэргээлт болон байгаль орчны бусад чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд оролцож буй юм. Иймээс үзэсгэлэнг сонирхогчид бүхий л чиглэлийн тоног төхөөрөмж нийлүүлэгчтэй энд уулзаж, бизнес яриа хэлэлцээр өрнүүлэх боломжтой юм. Уг үзэсгэлэнгээс ихээхэн эерэг үр дүн гарна гэдэгт үзэсгэлэнд оролцогчид ч итгэлтэй байна. Монголчуудын хувьд урьд нь олон улсын түвшний тоног төхөөрөмжийн үзэсгэлэн зөвхөн гадаад оронд очиж үзэх боломжтой байсан бол энэ удаа Монголд, тэр тусмаа уул уурхайн салбарын хөгжлөөрөө дэлхийд тэргүүлэгч Германы зохион байгуулалттайгаар болж буй нь манай улсын ашигт малтмалын салбарын хөгжилд жинхэнэ утгаараа ахиц гарсныг харуулж байна.  

Үзэсгэлэнд Германы “Siemens, ThyssenKrupp AG,  Mercedes-Benz, BASF, Ferrostaal гэх мэт олон томоохон компаниуд оролцож байгаагаас гадна “Metso", "Hyundai, “Wagner Asia”, “Оросын төмөр зам”, “Liebherr” зэрэг бусад орноос оролцож буй олон олон компани үйл ажиллагаагаа танилцуулж байна.

Монголд уул уурхайн салбар үсрэнгүй хөгжлийнхөө гараан дээр ирээд буй нөхцөлд салбарын тоног төхөөрөмжийн олон улсын түвшний үзэсгэлэн зохион байгуулж буй явдал нь Монголын хэрэглэгч болоод дэлхийн түвшний нийлүүлэгчийг ойртуулсан явдал болж буйг Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд Ц.Гарамжав үзэсгэлэнгийн нээлтийн үеэр өгсөн ярилцлагадаа онцолж байсан юм.

Future Mongolia үзэсгэлэн “Буянт-Ухаа” спорт цогцолборт тавдугаар сарын 16-19-нд үргэлжилнэ.

Үзэсгэлэнг сонирхож буй хүмүүст дөхөм болгох үүднээс үзэсгэлэнгийн өдрүүдэд салбар салбарын компаниудын үйл ажиллагааг илүү дэлгэрэнгүй танилцуулах тусгайлсан өдөрлөг болно. Өөрөөр хэлбэл энэхүү үзэсгэлэнгийн эхний өдөр байгаль орчны компаниуд үйл ажиллагаагаа танилцуулах бол маргааш барилга угсралт, дэд бүтцийн байгууламжийн компаниудын өдөрлөг болно. Харин тавдугаар сарын 18-нд уул уурхайн компаниуд үйл ажиллагаагаа танилцуулах юм байна.  

Монголын уул уурхайн салбарт дэлхийн түвшний технологийг санал болгосон "Future Mongolia" үзэсгэлэн үргэлжилж байна.

Б.Төгс