Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого

Монгол эрчим хүчний эх үүсвэрийн арвин нөөцтэй

Монгол улсын хувьд эрчим хүчний эх үүсвэрийн арвин нөөцтэй. Тухайлбал 175 тэрбум тонн нүүрсний таамаг нөөц, 205 сая тонн газрын тосны нөөц, 68 мянган тонн ураны нөөцтэй байна. Мөн нарийн судалгаа бага ч сэргээгдэх эрчим хүчний нөөц ч хангалттай байгаа аж. 56.2 тэрбум кВт.цагийн усны, 1200-1400 кВт/метр нарны, 836.8 кВт.цагийн салхины нөөцтэй гэсэн тооцоо байгаа юм.

Харин Монгол улсын хэмжээнд ашиглагдаж байгаа эрчим хүчний эх үүсвэрийн нийт суурилагдсан хүчин чадал нь 878.43 МВт байгаагаас 95.5 хувь буюу 827.4 МВт нь дулааны болон дизель станцынх бол сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс дөнгөж 37.4 МВт эрчим хүчийг гаргаж авдаг байна. Ирэх жилүүдэд сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл тодорхой хэмжээгээр нэмэгдэх төлөвлөгөөтэй байгаа юм.

Дэлхийн нүүрсний холбооны мэдээлсэнээр 2010 оны байдлаар дэлхийн эрчим хүчний 42 хувийг нь нүүрснээс гаргаж авсан байна. Хэдий сэргээгдэх эрчим хүчний нөөцийг ашиглаж, дэлхий нийтээр үүнд ихээхэн анхаарал хандуулж байгаа ч нүүрс, байгалийн хийгээс эх үүсвэртэй  эрчим хүчний үйлдвэрлэл буурахгүй байгаа юм. Харин нүүрсний нөөц тун удахгүй дуусна гэдгийг геологичид, судлаачид сүүлийн жилүүдэд ярих болсон.  Дэлхийн батлагдсан нүүрсний нөөц нь 847 тэрбум тонн. Нийт 70 орон нүүрсний нөөцтэй бөгөөд Америк, Орос, Хятад, Энэтхэг нүүрсний нөөцөөрөө тэргүүлдэг бол Монгол улс 10 дугаарт ордог аж. Өнөөдрийн олборлолтын хүчин чадал болон цаашид нүүрсний томоохон нөөц тогтоогдохгүй гэж тооцвол дэлхийн нүүрсний нөөц 46-50 жилийн дараа гэхэд бүрэн шавхагдаж дуусах юм. Эрчим хүчний эх үүсвэр нь нүүрс давамгайлдаг улсуудыг дурдвал Өмнөд Африк 93 хувь, Польш 90 хятад 79 хувь, Австрали 76 хувиар тэргүүлдэг бол АНУ 45, Герман 44 хувьтай байдаг байна.

С.Болд