Лондоны хөрөнгийн биржид зохион байгуулсан “Монголын хөрөнгийн захын өдөрлөг”-т Монголоос Сангийн дэд сайд Ч.Ганхуяг, Монголын хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирал Х.Алтай, “Эрдэнэс Тавантолгой” компанийн Гүйцэтгэх захирал Б.Энэбиш болон бусад төлөөлөл оролцсон юм. Энэ үеэр Б.Энэбиш захирал “Эрдэнэс Тавантолгой”-н IPO-ийг энэ оны сүүлээр бус ирэх оны хоёр юмуу гуравдугаар сард хийж магадгүй байгааг танилцуулсан нь хэвлэлийнхний анхаарлыг ихээр татсан юм. Тэрбээр хувьцааны анхдагч худалдааг хойшлуулснаар компанийн хөгжлийн төлөвлөгөөнд тусгагдсан төмөр замын дэд бүтэц болон нүүрс боловсруулах үйлдвэр зэрэгт шаардлагатай хөрөнгийг өөр арга замаар босгох шаардлагатай болсныг мөн мэдэгджээ. Тэрбээр боломжит хувилбарт хөрвөгч бондыг дурджээ. Гэхдээ компанийн хувьцааг аль биржид бүртгүүлэх тухайд тодорхой зүйл хэлээгүй байна.