Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Байгаль орчин

Өвс, ургамал, нарны энергиэс Монголын эдийн засаг хамаардаг

“Бороо гоулд” ХХК-ийн Байгаль орчны захирал Стив Макинтоштай уул уурхайн нөхөн сэргээлтийн талаар ярилцлаа.

Х.ХУЛАН


Та уул уурхайн нөхөн сэргээлтийн чиглэлээр хэчнээн жил ажиллаж байна вэ? Нөхөн сэргээлт хийхэд хамгийн чухал нь юу байдаг юм бол?

Би Монгол Улсад 2003 оноос хойш ажиллаж байна. Завсарт нь хоёр жилийн хугацаанд Пакистан, Өмнөд Америкт ажилласан. Ер нь бүх тивд ажиллаж үзсэн. Африкийн орнуудад мөн ажилласан. Уул уурхайн нөхөн сэргээлтийн чиглэлээр 25 жил ажиллаж байгаа. Миний суралцсан мэргэжил ургамлын өвсөн бүрхүүлийн менежмент. Уул уурхайн нөхөн сэргээлтээр магистр хамгаалсан.
Мэдээж, байгаль орчин, түүний нөхөн сэргээлтэд маш олон зүйл хамаатай. Ус, хөрс, ургамал, газрын хэлбэр, үзэгдэх байдал гэх мэт. Үүнээс бидний хамгийн гол анхаардаг зүйл нь гадаргын болон гүний усны чанар, нөөц байгаа юм. Харин газрын бүтцээс хамгийн чухал нь хөрс. Яагаад гэхээр хөрс олон мянган жилийн турш бүрэлдэж өөрийн гэсэн онцлогийг хадгалж ирдэг. Үүний дараагийн буюу арай бага ач холбогдолтой нь ургамлан бүрхүүл. Ургамал ургахгүй бол дахиад тариад байж болдог учраас тэр. Үүнд хугацаа, зардал бага ордог юм. Тэгэхээр нөхөн сэргээлтийн хамгийн чухал хэсэг нь хөрс хамгаалах ажил.

“Бороо гоулд”-ын нөхөн сэргээсэн одоогийн талбай байгалийнхаа өмнөх бүтэц, шинжид хэр ойртсон бол?

Бидний баримталж байгаа стандартаар 95 хувьтай байх ёстой. Өөрөөр хэлбэл бидний хийсэн нөхөн сэргээлт байгалийнхаа өмнөх бүтэцтэй 95 хувь нийцдэг.      Бид орчин тойрныхоо хөрс, ургамлыг төрөл зүйл бүрээр нь нарийн судалдаг. Ингээд ургамлан бүрхүүлийг өмнө байсантай нь яг адил хэмжээгээр, зүйл бүрээр нь тарьж ургуулдаг. Дараа нь түүнийгээ зэргэлдээ унаган, хөндөгдөөгүй газрынх нь хөрстэй нийлүүлнэ. Энэ нөхөн сэргээлт өмнөх байгальтайгаа хамгийн багадаа 95 хувь нийцэж байх ёстой. Нөхөн сэргээсэн талбайн хөрсийг хамгаалахын тулд тэнд  өвсийг маш хурдан хугацаанд ургуулах хэрэгтэй байдаг. Тэгж байж хөрс  бэхжиж, бороо салхинд элэгдэж эвдрэхгүй болдог юм. “Бороо гоулд”-ын ил уурхайн үйл ажиллагаанд өртсөн талбайг орчныхтой нь харьцуулахад маш бага газар бий. Тэнд ургадаг бүхий л ургамал, зүйлийг тарьсны дараа тэрхүү бага талбайг хүрээлж байгаа унаган байгаль түрж орсноор байгаль 100 хувь нөхөн сэргэдэг.

 Бидний нөхөн сэргээсэн талбай яваандаа эргэн тойрныхоо талбайтай яг ижилхэн болно. Нөхөн сэргээсэн талбайгаа хэлбэржүүлэхэд нарийн судалгаа шаардлагатай байдаг. Эргэн тойрных нь уул толгод ямар хэлбэртэй байна вэ, хаашаа харсан, аль тал нь налуу, урт байна гэх мэт. Манай хөрс, газрыг хэлбэршүүлж байгаа ажилчид ихэвчлэн Баруун хараа, Зүүн хараагийн иргэд, хар багаасаа мал маллаж тэр газар нутагт өссөн залуус бий. Тэд уул, толгод, нутаг усныхаа онцлогийг сайн мэддэг болохоор бидэнд ямар ч мэргэжлийн хүнээс илүү тус болдог юм.

Мод ургамлаас гадна тэнд амьдардаг амьтдыг нутагшуулах, уул, овооны хэлбэр, дүрсийг өмнөхтэй нь адилхан болгож бүтээх боломжтой юу?

Нөхөн сэргээлтийн ажилд юуны өмнө тухайн газраа хэлбэршүүлж, түүн дээрээ хөрсөн бүрхүүл, хөрсөн бүрхүүл дээр ургамлан бүрхүүл бий болгох, ан амьтан нутагшуулах, харагдах байдлыг нь сайжруулах, усны нөөц, чанарыг хадгалах гээд олон зүйл багтдаг. Дээр өгүүлсэнчлэн, бидний чухалчилж үздэг зүйл бол хөрсийг тогтвортой байлгах асуудал юм. Тиймээс бид хөрсийг тогтвортой байлгаж, орчных нь уул толгодыг тэр хавийн байгалийн тогтоцтой нь адилхан болгохыг хичээдэг юм. Ингэж чадвал эргэн тойрных нь ургамал ургаж, амьтад аяндаа нутагших боломж бүрдэх юм. Бид нөхөн сэргээсэн талбайдаа тарвага, зурам нутагшуулж эхэлсэн.

“Бороо гоулд”-ын байгаль орчин хариуцсан хэлтэст хэчнээн хүн ажиллаж байна вэ? Нөхөн сэргээлтийн ажилд орон нутгийн иргэдийг хэрхэн хамруулдаг талаараа тодруулахгүй юу?

Байгаль орчны хэлтэст зургаан хүн ажиллаж байна. Улирлын чанартай, түр ажлуудад орон нутгийн иргэдийг аль болохоор татаж оролцуулдаг. Баруун хараа, Зүүнхараагаас түр ажилтнууд үр тарих, эсвэл хөрсний эвдрэлийг хянах, усалгааны ажлуудад оролцож байна. Тухайлбал, удахгүй ургамлын үр тарих ажил эхлэх гэж байна. Үүнд 20 хүнийг Баруун хараа, Зүүн хараагаас авч ажиллуулна.

Нөхөн сэргээлт хийхэд тохиромжтой усны эх үүсвэр хангалттай байж чаддаг уу? Монгол оронд усны хомсдлын тухай сэдэв хаа сайгүй яригдаж байна?

Устай холбоотой асуудал бараг гардаггүй. Яагаад гэхээр Сэлэнгэ аймаг хангайн бүсэд ордог, хур тунадас харьцангуй элбэг. Түүнчлэн манай компанийн усны хяналт шинжилгээний систем маш нарийн. Ойр ойр хугацаанд усны хяналт шинжилгээг тогтмол хийж байдаг. Тодруулбал, усныхаа дээжинд бид 50 гаруй химийн элементийн үзүүлэлтээр шинжилгээ хийдэг.

Монголд уул уурхайн нөхөн сэргээлт хийхэд бэрхшээл байна уу?


Байгаль орчны ямар нэгэн нөхөн сэргээлт хийхэд асуудал байхгүй. Африкт бол хэцүү байсан. Би өөрөө Монтана мужийнх. Сургуулиа төгсчихөөд тэнд байгаль орчны чиглэлээр ажиллаж байсан. Тэндхийн байгаль орчин, уур амьсгал Монголынхтой маш төстэй. Гэсэн ч Монголыг Монтана мужтай харьцуулахад анхаарах ёстой зүйл харьцангуй бага байна.

Үргэлжлэлийг Mongolian Mining Journal-ийн ¹005  дугаараас уншина уу.