Т. Баасанпүрэв /MSc in Mineral Economics/Ашигт малтмалын газрын цахим хуудаст “Монгол улсын уул уурхайн салбарын хууль эрх зүйн орчин ба татварын ачааллын судалгаа” хэмээх судалгааны ажил тавигдсан байхыг олзуурхан олж хараад энэ төрлийн судалгааг өмнө нь хийж байсны хувьд сонирхон уншлаа. Гэтэл уул уурхайн хууль эрх зүйн орчинд одоогоос 5 жилийн өмнөхтэй харьцуулахад их зүйлс өөрчлөгдсөнийг дүгнээд дараах хэдэн зүйлсийг бичлээ.
Монгол улс уул уурхайн салбарт татварын ачаалал багатай улсуудын нэг болжээ
Ашигт малтмалын газраас гаргасан уг судалгааны ажилд тусгаснаар Монгол улсын уул уурхайн салбарын татварын ачаалал буюу нийт орлогод эзлэх татвар, төлбөр, хураамжуудын нийлбэр дүн 33 хувь буюу дэлхийн бусад улс оронтой харьцуулахад харьцангуй доогуур, татварын түвшин багатай орнуудын жагсаалтад эхнээсээ 3 дугаарт, Швед (28 хувь), Канад (29 хувь) –ын дараа бичигджээ.
Татварын ачаалал 2007 онд ямар байсан талаар эргэн харахад, 22 хувь буюу эдийн засаг нь уул уурхайн салбараасаа хамааралтай байдаг дэлхийн бусад орны түвшингээс хамгийн их байлаа. Мөн уг татварын ачаалал 2006 оноос мөрдөгдөж эхэлсэн Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын нөлөөгөөр хэлбэлзэж, хөрөнгө оруулалтын тогтвортой байдал хэмээх зүйл үгүй болсон тухай бичигдэж байжээ. Тухайлбал, 1 тонн зэсийн үнэ 5000 орчим ам.доллар байхад татварын ачаалал 24 хувь, 7000 ам.доллар байхад 36 хувь болж, үнээс хамааран өөрчлөгдөж байжээ. Тухайн жилд Fraser хүрээлэнгээс гаргасан судалгаагаар Бодлого Боломжийн Индекс (Policy Potential Index) нийт 65 орноос 62 дугаарт буюу өмнөх жилийнхээсээ 29 орны ард ухран бичигджээ.
Судалгааны дүгнэлтэд хөрөнгө оруулагчид Монголоос гарч Австрали, Канад руу хошуурч байна гэж дүгнэж байжээ. 2007-2008 онд АМХЭГ (хуучин нэрээр)-аас гарсан судалгаанууд Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн татвар Монгол улсын уул уурхайн салбарын нэр хүндийг унагасан, хөрөнгө оруулагчийг үргээсэн үйлдэл болсон талаар дүгнэж байлаа.
Тухайн үед дэлхийн улс орнууд уул уурхайн салбар дахь хөрөнгө оруулалтын тааламжтай нөхцөл, тогтвортой байдлаараа өөр хоорондоо өрсөлдөж, хөрөнгө оруулагчдыг хайгаад, олоод, ашигла, бид 10-20 хувь татвар авна хэмээн урин дууддаг байсан бол энэ бүх зүйл өөрчлөгдөж өнөөдөр доод тал нь 40 хувийг авна хэмээн шалгуур тогтоочихоод байна.
Тоглоомын дүрэм дэлхийн бусад орнуудад өөрчлөгджээ
Эрдэс түүхий эдийн олборлолтын эрчимтэй өсөлт, хүрээлэн буй орчны доройтол нь улс орнуудыг уул уурхайн салбарын хууль эрх зүйн орчноо эргэн харж, шинэтгэл хийхэд хүргэж байна. Энэхүү шинэтгэл нь Ашигт малтмалын газраас гаргасан татварын ачааллын судалгаанаас харагдаж байна. Тухайлбал, уул уурхайн салбарт үлгэрлэгдэх Австрали (36.4%), Чили (49.5%)-ийн татварын түвшин Монгол улсынхаас харьцангуй өндөр байна. Мөн түүнчлэн, сүүлийн үед уул уурхайн тэсрэлт (boom) болж байгаа Африк тивийн улсууд, Өмнөд Америкийн зарим улсуудын татварын түвшин 40-50 хувьд хэлбэлзэж байна.
Яагаад бусад улс оронд татварын шинэтгэлийг хийж эхлээд байгаа талаар дараах тайлбарыг дурьдах нь зүйтэй.
1. Эрдэс түүхий эдийн бүтээгдэхүүний эрэлтийн талаас нь авч үзэх юм бол, эрэлт одоогоос хэдэн жилийн өмнө Хойд Америк, Япон болон Европын улс орнууд руу чиглэгдэж байсан бол өнөөдөр Номхон далайн эргийн улс орнууд тэр дундаа Хятад, Энэтхэг зэрэг хөгжиж буй, эдийн засаг нь хурдацтай тэлж байгаа орнууд рүү чиглэгдэж өмнөхөөсөө их хэмжээгээр өсөн нэмэгдсэн байна. Шинжээчид дээрх 2 улсын эдийн засгийн өсөлт, хотжилтын улмаас эрэлтийн хэмжээ цаашид ч өсөх хандлагатай гэж үзэж байна.
2. Ашигт малтмалын нийлүүлэлт талаас нь авч үзэх юм бол 2011 онд нүүрс олборлолт дэлхийн хэмжээнд 400 сая тонноор буюу 7.6 хувиар өсч, төмрийн хүдэр 350 сая тонн буюу 19 хувиар, алт 53 тонн буюу 2 хувиар өнгөрсөн оныхоос тус тус өссөн үзүүлэлтэй байна. Харин зэсийн үйлдвэрлэл Чили болон Пэруд болсон ажил хаялтын үр дүнд 300 мянган тонн буюу 2 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ (PWC). Австралийн PWC судалгааны байгууллагаас гарсан дээрх судалгаанд дэлхийн зэсийн нөөц 41 жилийн дараа, алтны нөөц 18 жилийн дараа, төмрийн хүдрийн нөөц 22 жилийн дараа, коксжих нүүрс 51 жилийн дараа, чулуун нүүрс 53 жилийн дараа тус тус шавхагдах төлөвтэй байна. Уг тооцоог технологийн өнөөгийн түвшин, одоо олборлож байгаа хүчин чадалд тулгуурлан тооцоолсон. Гэхдээ геологи хайгуулын үр дүнгээс хамаарч шинэ ордууд нээгдэж ,улмаар дээрх тоонууд өөрчлөгдөхийг үгүйсгэхгүй. Хэрэв энэ хэмжээгээр явбал ойрын 50 жилд ашигт малтмалын нөөцийн доройтолд орох нь тодорхой байгаа юм.
3. Эрдэс бүтээгдэхүүний үнийн талаас нь авч үзэх юм бол бүтээгдэхүүний эрэлт болон нийлүүлэлтийн өсөлтийн үр дүнд зарим ашигт малтмалын үнэ 2007 оныхоос, төмрийн хүдрийн үнэ 7 дахин, зэсийн үнэ 5 дахин, дулааны нүүрс 2,5 дахин, алт болон хөнгөн цагаан 2 дахин өссөн дүнтэй байна.
4. Уул уурхайн компаниудын ашиг орлогын талаас нь явч үзэх юм бол: Ашигт малтмалын маш их хэмжээгээр өсөн нэмэгдсэн эрэлтийн үр дүнд нийлүүлэлт болон бүтээгдэхүүний үнэ мөн тэр хэмжээгээр өсөн нэмэгджээ. Энэ хэмжээгээр уул уурхайн үндэстэн дамнасан томоохон компаниудын зах зээлийн үнэ цэнэ, ашиг орлого их хэмжээгээр нэмэгдсэн байна.
Тухайлбал, PWC- ээс гаргасан судалгаанд уул уурхайн томоохон 40 компанийн орлого 34 хувиар өсч, 400 тэрбум долларт хүрсэн бол үйл ажиллагааны ашиг 43 хувиар, татварын дараах цэвэр ашиг 156 хувиар буюу 100 тэрбум ам.доллараар тус тус өссөн үзүүлэлттэй гарчээ. Эдгээр компанийн зах зээлийн үнэ цэнэ (market capitalisation) дунджаар 26 хувиар өссөн байна.
Эрдэс баялгийн бүтээгдэхүүний эрэлт нийлүүлэлт 2004 оноос эрчимтэй өссөн ба цаашид тогтвортой өсөх хандлагатай байна. Үүний үр дүнд дэлхийн уул уурхайн салбарт шинэ тэсрэлт (boom) болж байгаа бөгөөд энэ нь өмнө тохиолдож байсан тэсрэлтүүдээс цаг хугацааны хувьд тогтвортойгоор удаан хугацаанд үргэлжилж байна. Үүнийг дэлхий нийтээрээ Super Cycle буюу Супер мөчлөг хэмээн хүлээн зөвшөөрөөд байна. Нэгэнт мөчлөг эхэлчихсэн тул хэсэгтээ үргэлжлэх төлөвтэй байна. Үүнийг дагасан уул уурхайн компаниудын их хэмжээний ашиг орлого, ашигт малтмалын нөөцийн эрчимтэй уруудалт, хүрээлэн буй орчны доройтол нь баялгийг эзэмшигч улс орнуудыг уул уурхайн хууль эрх зүйн тогтолцоондоо шинэтгэл (reform) хийх замаар нөхөн сэргээгдэхгүй байгалийн баялгаас хуваалцах бодлого боловсруулахад хүргээд байна.
Зарим улс орнууд татварын шинэтгэлийг хийгээд эхэлчихсэн бөгөөд заримаас товч дурдвал:
Австрали улс эрдэс баялгийн нөөцийн түрээсийн татвар (Mineral Resources Rent Tax)-ыг шинээр бий болгож, төмрийн хүдэр болон нүүрсний орлого 30 хувийн татвар ногдуулах хууль баталжээ. Энэтхэг улс дотоодын төмрийн үйлдвэрлэлээ өргөжүүлэх зорилгоор энэ оны хоёрдугаар сараас төмрийн хүдрийн экспортын татвараа өсгөсөн бол нутгийн захиргааны түвшиндээ мөн энэ төрлийн татварыг шинээр гаргахаар ажиллаж байна. Чили уул уурхайн онцгой татвар (Specific Tax on Mining)-ын хууль 2010 онд шинээр баталсан.
Уг хуулиар 50000 тонноос дээш зэс үйлдвэрлэсэн аж ахуйн нэгжид 4-14 хувийн татвар ногдуулах ба хувь хэмжээ тухайн жилийн компанийн ахиу ашгаас хамаарч өөрчлөгдөх юм. Хятад улс эрдэс баялгийн татвар (China Resources Tax)-ыг шинээр бий болгосон ба ашигт малтмалын төрлөөс хамаарч 1 тонн тутамд 0.3-60 юанийн татвар ногдуулж байна. Казахстан улсын хувьд илүү ашиг (Excess Profit Tax)-ийн 25 хувийн татвар ногдуулдаг. Мексик улс мөн энэ төрлийн 17 хувийн тэгшитгэсэн татвар (The Flat Tax)-ыг 2008 оны нэгдүгээр сараас авч эхэлсэн ба хуулийн зорилго нь уул уурхайн компаниудын өндөр ашгийг ард иргэддээ түгээх, тэгшитгэх юм. Өмнөд Африкийн бүгд найрамдах улс төрийн өмчийн уул уурхайн компаниудыг хэд хэдээр шинээр үүсгэн байгуулж байна. Чили болон Бразил 2013 оноос үйлдвэржилтийнхээ бодлогын хүрээнд уул уурхайн хууль тогтоомжууддаа өөрчлөлт оруулахаар зэхэж байна.
Бид хууль эрх зүйн орчиндоо шинэтгэл хийх цаг нь болжээ
Монгол улс дэлхийн уул уурхайн салбарынхны анхаарлын төвд хэдийнэ оржээ. Дэлхийн уул уурхайн томоохон гигантууд Монголд хөрөнгө оруулахаар хошуурцгааж байна. Яагаад хошуурах болов? Нэгдүгээрт буюу хамгийн гол шалтгаан бол бид дэлхийн хоёр дахь том эдийн засагтай Хятад улстай хил залгаа оршиж байна. Хятад улсын эдийн засгийн эрчимтэй өсөлтийн улмаас тус улс үндсэндээ ашигт малтмалын бүтээгдэхүүнээр цангаж байна. Монгол улсын хувьд Хятадтай хамгийн ойрхон ашиглалтад ороход бэлтгэгдсэн дэлхийн хамгийн том олборлоогүй сайн чанарын нүүрс болон алт зэсийн орд хилээс ердөө 300 километрийн радиуст оршиж байна. Хоёрдугаарт, Монгол улсын байгалийн баялгийн потенциал, геологийн бүрэн судлагдаагүй байдал, өдрөөр өсөн нэмэгдэж буй байгалийн баялаг өөр нэг шалтгаан болж байна. Гуравдугаарт, Монгол улс татварын ачаалал багатай улсуудын нэг болсон ба хөрөнгө оруулалтын орчин сайжирсан зэрэгтэй холбоотой. Fraser-ийн хүрээлэнгээс 2011 онд гарсан Бодлого Боломжийн Индекс 2007 оныхоос 20 гаруй хувиар өсч, нийт 79 орноос 54-д бичигдэж, өнөөгийн байдлаар 13 орноор урагшилсан үзүүлэлттэй гарчээ. Дээрх шалтгаануудын улмаас уул уурхайн салбарын бөөгнөрөл буюу “mining cluster” Монголд хэдийнэ эхэлчихээд байна. Тухайлбал, Ухаахудагийн төслийн ажлууд бүгд гэрээ (contract mining)-ний дагуу явагдаж байна.
Энэ бөөгнөрөл (Mining cluster) нь уул уурхайн хөгжлийг шинэ шатанд гаргадаг ч тухайн улсын ашигт малтмалын нөөцийг богинохон хугацаанд ашиглаад дуусгах аюултай. Ашигт малтмалын нөөцөө богино хугацаанд дуусгасан, үлдсэн зүйлгүй хоосон хоцорсон Науру (Nauru), Зимбабве (Zambia)-ийн гашуун туршлага түүх болон бичигджээ. Монгол улс эрдэс баялгийн нөөцөөрөө Австрали, АНУ, Хятад зэрэг улсуудтай харьцуулахад тийм ч баялаг орон биш юм. Ашигт малтмалын баялаг бидэнд байна, эрэлт хангалттай байгаа учраас гээд экспортоо улам нэмэгдүүлээд байж болохгүйг анхаарах хэрэгтэй. Хэрэв бид төмөр зам, гаалийн асуудлаа (bottlenecks) шийдчихвэл Монгол улсын бүх баялгийг маш богино хугацаанд шавхах худалдан авах чадвар сайтай эрэлт ердөө 300 километрийн цаана тулж ирчихээд байна.
Монгол улсын хувьд ашигт малтмалын экспорт 100 хувь урд хөрш рүү чиглэгдэж байна. Бидэнд үүнээс өөр сонголт байхгүй. Дэлхий нийтээрээ Хятад улсын түүхий эдийн ханган нийлүүлэгчид болсон цаашид ч энэ байдал үргэлжлэх төлөвтэй байхад бид урд хөршдөө бус өөр гуравдагч оронд нийлүүлнэ гэдэг бараг боломжгүй зүйл юм. Урд хөршийн маань эрэлт хэр байгаа билээ, худалдан авах чадвар хэр хүчтэй байгааг тооцоолох хэрэгтэй. Хятад, АНУ зэрэг улс нүүрсний их хэмжээний нөөцтэй ч түүнийгээ нөөцлөх бодлого баримталж, худалдан авах чадвар сайтай байгаадаа тулгуурлан импортлох бодлого баримталж байна. Тухайлбал Хятадын нүүрсний нөөц 221 тэрбум тонн бөгөөд жилийн хэрэглээ нь 3 орчим тэрбум тонн. Эсрэгээр Хятад нүүрсний импортоо зогсоож, дотоодоосоо хангана гэвэл тэдэнд 70 жилийн нөөц хангалттай байгааг бас тооцох хэрэгтэй.
Дэлхийн улс орнууд уул уурхайн татварын шинэтгэл (reform)-ийг аль хэдийнэ хийгээд эхэлчихжээ. Энэ төрлийн баялгийн эзний зан төлөвийг ч уул уурхайн үндэстэн дамнасан компаниуд хүлээн зөвшөөрөөд эхэлчихсэн тул бид ч мөн татварын шинэтгэл хийх цаг хэдийнэ болжээ. Маш их шүүмжлэлд өртөж байгаад унасан Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн татварыг эс тооцвол 2006 оноос хойш уул уурхайн салбарын хууль эрх зүйн орчинд өөрчлөлт оруулсангүй. Гэхдээ татварын шинэтгэлийг хийхдээ Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн татвар шиг цочмог хийхгүйгээр судалгааны үндсэн дээр хэлэлцээр, санал асуулгын дүнд өөрчлөх зүйтэй. Тухайлбал, Австралийн Засгийн газар эрдэс баялгийн нөөцийн түрээсийн татварын хуулиа 2 жил хэлэлцүүлсний эцэст батлуулж байна. Дашрамд дурдахад Windfall Tax Монгол улсыг уул уурхайн салбарт эсрэгээр сурталчилж, олон хүмүүст танигдахад түлхэц болсон төдийгүй уул уурхайн салбарын нэг төрлийн жишээ (case study), түүх болон бичигджээ. Монгол улс энэ төрлийн татварыг эхний ээлжинд нүүрс, ураны экспорт дээр цаашлаад төмрийн хүдрийн экспорт дээр ногдуулах эсвэл аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг ах ахуйн нэгжүүдэд нэмэгдүүлэх ажлыг эхлүүлэх нь зүйтэй юм.