Олон нийтийн сүлжээ “Фэйсбүүк" IPO хийнэ гэсэн мэдээ өнгөрсөн жилээс цацагдсан юм. Хэрэв хувьцаагаа олон нийтэд санал болгож, хувьцаат компани болвол компанийн зах зээлийн үнэлгээ 100 тэрбум ам.долларт хүрнэ хэмээн шинжээчид бичиж байв.
Өнгөрсөн баасан гаригт Америкийн “Насдак” хөрөнгийн бирж дээр“Фэйсбүүк" амжилттай IPO хийлээ. IPO-гийн нэгж хувьцааны үнэ 38 ам.доллар байсан бөгөөд 421,2 сая ширхэг хувьцаа зарж, 16 тэрбум ам.доллар босгожээ. Баасан гаригийн хаалтын ханш нь 38,23 болж, 0,61 хувиар өссөн байна. Тухайн өдрөө 45 доллар хүртэл өссөн бол зах зээлийн үнэлгээ нь 104,81 тэрбум ам.доллар болжээ. Харьцуулж үзвэл Монгол улсын ДНБ-ээс ойролцоогоор 10 дахин том хэмжээтэй компани болсон гэсэн үг.
“Стандарт энд Пүүрс” агентлагийн гаргадаг АНУ-ын хамгийн том 500 компанийг багтаасан S&P 500 индекст орсон байна. Уг индексийн жагсаалтад хоёрдугаарт орж байгаа аж. Он гарсаар АНУ-ын биржүүд дээр 67 компани IPO хийсэн бөгөөд “Фэйсбүүк” анхны өдрийн арилжаагаар дээрх компаниудын дундаж арилжаанаас 7,2 хувиар илүү хувьцаа арилжаалагдсан байна.
“Фэйсбүүк"-ийн IPO хийж босгосон 16 тэрбум доллар нь Америкийн түүхэнд хоёрт орох том үнийн дүн юм. Америкийн машин үйлдвэрлэгч “Женерал Моторс” 2010 оны арваннэгдүгээр сард 15,8 тэрбум ам.доллар босгосон амжилтыг “Фэйсбүүк" эвджээ. Одоо “Фэйсбүүк”-ийн өмнө төлбөрийн картны “Visa Inc” компанийн 17,9 тэрбум ам.долларын хөрөнгө босгосон IPO бичигдэж байна. Мөн Америкийн хөрөнгийн биржүүд дээр бүртгэлтэй хамгийн сайн 10 компанийн 6 нь интернэт болон технологийн компаниуд байгаа нь энэ чиглэлийн компаниуд ямар хүчирхэг байгааг харуулж байна хэмээн Блүүмбэрг агентлаг мэдээлжээ.
Үүнээс гадна “Фэйсбүүк”-ийн IPO-д 30 гаруй зөвлөх компани оролцсон байна. Morgan Stanley, JPMorgan Chase & Co, Goldman Sachs-аар ахлуулсан Bank of America Corp., Barclays Plc, Allen & Co., Citigroup Inc., Credit Suisse Group AG, Deutsche Bank AG гээд дэлхийн хамгийн том, нэр нөлөө бүхийн хөрөнгө оруулалтын банкууд уг IPO-д оролцсон нь бас нэг дуулиан болж байна. Гэхдээ дээрх зөвлөхүүд нийлээд 176 сая ам.долларын хөлсийг хувааж авах юм. Энэ мөнгө нь “Фэйсбүүк”-ийн босгосон 16 тэрбум долларын ойролцоогоор 1,1 хувь гэсэн үг. Зөвлөх банкуудын хувьд дээрх хөлс нь тэдний авдаг дундаж хөлснөөс бага аж.
“Фэйсбүүк”-ийн хувьд олон үзүүлэлтээр гол өрсөлдөгч “Гүүгл”-ийг хол хаясан гэхэд болно. “Гүүгл” 2004 онд нэгж хувьцаагаа 85 доллараар үнэлэн 1,9 тэрбум доллар босгож байсан. Тухайн үедээ зах зээлийн үнэлгээ нь 23 тэрбум доллар болж байжээ. Харин найман жилийн дараа буюу өнөөдөр “Гүүгл”-ийн нэгж хувьцаа 600 ам.доллар хүрч, зах зээлийн үнэлгээ нь 195 тэрбум доллар болоод байгаа юм. “Фэйсбүүк”-ийн хувьд IPO хийсний дараах зах зээлийн үнэлгээ нь “Гүүгл”-ийн өнөөдрийн зах зээлийн үнэлгээний талтай тэнцэж байна. 2020 он гэхэд “Фэйсбүүк”-ийн зах зээлийн үнэлгээ 920 тэрбум долларт хүрнэ гэж тооцоолжээ. Ингэвэл дэлхий дээрх хамгийн өндөр үнэтэй компани болж хувирах юм. Бусад интернэт компаниудын зах зээлийн үнэлгээ “Фэйсбүүк”-тэй харьцуулахад хамаагүй бага байгаа юм. Yahoo корпорацийн үнэлгээ 18.79 тэрбум доллар байгаа бол Amazon.com-ынх 96.3 тэрбум, Microsoft-ынх 29.27 тэрбум, eBay Inc-+ийнх 49.53 тэрбум, Linkedin Corporation-ынх 10.23 тэрбум доллар байна.
Үүнээс гадна зарим хөрөнгө оруулагчид “Фэйсбүүк”-ийн үнэлгээнд жаахан дурамжхан байгаа аж. Тэд “Фэйсбүүк”-ийг байж болох дээд хэмжээнд нь тултал үнэлсэн гэж үзжээ. Palisade Capital Management-ийн Хөрөнгө оруулалтын дэд захирал Dan Veru “Лемоны шүүсийг шавхсаны дараа хорчийсон хальс үлддэг. Фэйсбүүк яг л тийм болсон. Уг нь арай доогуур үнэлсэн бол хоёр дахь зах зээл дээр илүү өгөөжтэй байж, ханш нь өсөх байсан байх” хэмээн ярьжээ.
“Фэйсбүүк” 2004 оны хоёрдугаар сард байгуулагдсан. 2009 оны дөрөвдүгээр сард 200 сая хэрэглэгчтэй байсан бол энэ жилийн тавдугаар сарын нэгний байдлаар 901 сая байнгын хэрэглэгчтэй болсноос 270 сая орчим нь Facebook хуудсыг байнга “манаж” байдаг байна. Монгол улсын хувьд Фэйсбүүк хэрэглэгчдийн тоо сүүлийн байдлаар 319 мянга болжээ.
С.Болд-Эрдэнэ