Дэлхийн уул уурхайн салбарт тэргүүлж буй олон улсын стандарт, шилдэг программ хангамжуудыг Монголын уул уурхайн компаниудад үр өгөөжтэйгээр нэвтрүүлж байгаа “Майкромайн” компани өөрийн нэрэмжит сургалтын лабораторийг ШУТИС-ийн Уул уурхайн инженерийн сургууль дээр байгууллаа. Тавдугаар сарын 23-нд болсон лабораторийн нээлтийн ёслолд “Майкромайн” компанийн Монгол дахь менежер Ц.Төгөлдөр, ШУТИС-ийн Уул уурхайн инженерийн сургуулийн захирал, профессор, доктор Л.Пүрэв, ШУТИС-ийн Уул уурхайн инженерийн сургуулийн Уурхайн технологийн багийн тэргүүлэх профессор С.Цэдэндорж нарын багш, сургалтын албаны ажилтнууд оролцсон юм.
Гаднаас хөрөнгө оруулалт татаад уул уурхайг хөгжүүлэхэд мэдээж чадварлаг боловсон хүчин, мэргэжилтэн чухал. Энэ үүднээсээ “Майкромайн” компани жил болгон харилцагчдынхаа дунд сургалт, семинар зохион байгуулж байдаг. Шилдэг программыг эзэмших, түүн дээр ажиллаж сурах бололцоо нөхцлийг бүрдүүлж өгөх зорилгоор энэхүү лабораторийг байгуулсан гэдгийг нээлтийн ёслолд оролцогчид онцолсон.
Лабораторид бэлтгэгдсэн оюутнууд сурч мэдсэн зүйлээ шууд ажлын байранд ашиглаад явах боломтой аж. Өөрөөр хэлбэл, оюутнууд яг уурхай дээр ажиллаж байгаа мэт байдлаар дадлагын ажлаа хийх боломж нөхцөлийг бүрдүүлжээ.