Европ дахь өрийн хямралын нөлөөгөөр газрын тосны үнэ унасаар байна. Грек, Францын сонгуулийн үр дүнд Еврогийн бүсийн эдийн засаг өөрчлөгдөх магадлал их болоод байгаа юм. Одоогийн байдлаар газрын тосны үнэ 106.80 ам.доллар/баррель, харин АНУ-ын WTI маркийн газрын тосны үнэ 90.72 ам.доллар байгаа нь өчигдрийн үнэлгээтэй харьцуулахад бараг хоёр ам.доллараар буурсан үзүүлэлт юм. Газрын тосны үнэ энэ сарын эхээр баррель нь Брэнт маркийнх 111 ам.доллар/баррель, WTI маркийнх 97 ам.доллар/баррель байсан юм. Энэ хэрээр газрын тосны үнэ ойрын зургаан сарын хугацаан дахь хамгийн доод түвшиндээ хүрэхэд ойрхон байна. Өнгөрсөн арванхоёрдугаар сарын дундуур газрын тосны үнэ 104.7 ам.долларт хүрч байсан нь энэ хугацаан дахь хамгийн доод үнэ билээ.
Нөгөөтэйгүүр Саудын Араб, Ирак, Ливи зэрэг орон энэ онд газрын тосны үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх төлөвтэй байгаа ажээ. Хэрэв Ираны цөмийн хөтөлбөрийг энхийн зорилготой болохыг шинжээчид тогтоовол тус улсын газрын тосны олборлолт ч эргээд хэвийн байдалдаа орж мэдэх юм. Гэвч тус улсын цөмийн хөтөлбөр энхийн зорилготой юу аль эсвэл ийм нэрийн дор өөр сэдэлтэйгээр хөгжиж байна уу гэдэг нь эргэлзээтэй хэвээр байгаа юм. Иранд цөмийн зэвсэг үйлдвэрлэхүйц хэмжээний ураны баяжмал илэрснийг НҮБ-ын Цөмийн агентлагийн шинжээчид илрүүлснээ өнгөрсөн долоо хоногт мэдэгджээ. Үүнээс гадна өнгөрөгч долоо хоногт Багдад хотод НҮБ-ын Аюулгүйн зөвлөл болон Герман улсын төлөөлөл Ираны талтай хоёр дахь удаагийн хэлэлцээр хийжээ. Уг хэлэлцээрээр талууд нэгдсэн тохиролцоонд хүрч чадаагүй бөгөөд талууд ирэх сарын 18-нд Москва хотод дахин уулзаж хэлэлцээрээ үргэлжлүүлэхээр болсон байна.
Газрын тосны үнэ ийнхүү сүүлийн сар гаруй хугацаанд аажмаар буурахын хэрээр ОХУ ч газрын тосны экспортоо ирэх сарын 1-нээс эхлэн 28.8 ам.доллар/тонн-оор бууруулж 419.8-448.6 ам.доллар/тонн болгохоор болоод буй юм. Харин нэг тонн бензины экспортын татвар нь энэ сард 403 ам.доллар/тонн байгаа нь ирэх сард 377.8 ам.доллар/тонн болж буурах юм.
Б.Төгс