Монгол
улсын нутаг дэвсгэр дээр ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшиж
байгаа компанийн толгой компани бусдад хувьцаагаа зарах бол түүнээс
Монгол улс татвар авах тогтолцоо руу орж байна. Энэ талаар Сангийн яамны
Төсвийн бодлогын газрын дарга Б.Батжаргалаас тодруулга авлаа. Ер
нь бол Стратегийн аж ахуйн нэгжүүдэд гадаадын хөрөнгө оруулалтыг
зохицуулах тухай хуулийн төсөл болон татварын асуудал хоёр агуулгын
хувьд уялдах ёстой. Энэ тал дээр хууль санаачлагчидтай Сангийн яам
ажиллаж эхлэхээр төлөвлөж байна. Үүнээс гадна зөвхөн Татварын тухай
хуульд өөрчлөлт оруулаад зогсохгүй Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт
оруулах зайлшгүй шаардлагатай болж байна. Яагаад гэхээр асуудлыг
лицензтэй нь холбох хэрэгтэй. Ингээд Ашигт малтмалын тухай хуульд
оруулах нэмэлт, өөрчлөлт болон Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын
тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг бэлдчихсэн байгаа.
Дөрвөн
улстай байгуулсан Давхар татварын хэлэлцээрийг цуцлах, мөн нэр бүхий 10
гаруй улстай байгуулсан Давхар татварын хэлэлцээрт өөрчлөлт оруулах
гээд нийт гурван том багц асуудлыг Сангийн яам бэлдчихсэн байна.
Гадаад
дахь хэлцлүүдээс татвар авна гэдгийг энгийнээр “Саусгоби Ресурс”
компани дээр тайлбарлаж өгөөч. “Айвенхоу Майнз” компани “Саусгоби
Ресурс” дахь 57.6 хувийн хувьцаагаа “Чалко”-д 900 сая ам.доллараар зарах
хэлцэл хийгдэж байна. Энэ боловсруулсан хуулийн төслөөр тэр 900 сая
ам.доллараас татвар авна гэж ойлгож болж байна уу?Яг тийм.
Capital Gain буюу хөрөнгөөс олсон олз гэж ойлголт байдаг. Өөрөөр хэлбэл
тэр 900 сая доллараар зарагдаж байгаа хөрөнгө өмнө нь 500 сая доллар
байсан. 500 сая доллар байсан хөрөнгөө бусдад 900 сая доллараар зарж
байгаа бөгөөд зөрүү 400 сая доллар дээр бид татвар авна гэсэн үг.
Давхар
татварын хэлэлцээргүй улсад бүртгэлтэй байвал бид 20 хувийн татвар,
хэлэлцээртэй улсад бүртгэлтэй байвал хэлэлцээрт тогтоосон 5 юм уу, 10
хувийн татвар авна.
Бирж дээр гараагүй жижиг компаниудын дунд
хувьцаагаа том компанид үнэ хүргэж зарах үзэгдэл идэвхтэй ажиглагдаж
байна шүү дээ. Тэр компаниудад ч гэсэн энэ татвар үйлчлэх үү? Тийм.
Хоорондоо хэн нь хэндээ худалдаж байгаа нь хуулийн хувьд сонин биш.
Хийгдсэн хэлцэл болгондоо зохих татвар төлнө гэсэн үг.
Тэгвэл тухайн хувьцаагаа зарж байгаа компанийн ашиг хувьцаагаа үнэд хүргээд ямар ашиг олж байна гэдгийг яаж тодорхойлох вэ?Энэ
бол бүх улс орнуудад адилхан мөрдөгдөж байгаа зарчим. Татвар төлөгч
өөрөө мэдүүлэх ёстой. Хэрвээ мэдүүлээгүй бол тэр хувьцаагаа зарж олсон
орлогоо бүгдийг нь хураалгадаг. Мэдүүлсэн бол түүнийг нь шалгах үүрэг
Татварын албанд ногдоно. Компаниуд өөрсдөө л мэдүүлэх үүрэгтэй байдаг.
Тэр
гадна болж байгаа хэлцлээс татвар авна гэдэг дэлхийд тийм түгээмэл биш,
хэрэгжүүлэхэд их хэцүү гэж санхүүгийн салбарын мэргэжилтнүүд хэлж байна
л даа?Түрүүн 2009 оноос хойш судалгаа хийсэн гэж хэлсэн.
Ингэж судлаад их том тайлан гаргасан. Бид бусад орны туршлагыг ч их
нарийн судалсан. Чиний хэлээд байгаа шиг бусад улсад түгээмэл биш байдаг
гэдэг нь худлаа мэдээлэл. Бусад улсуудын Татварын хуульд тухайн улсаас
эх үүсвэртэй орлогоос татвар авах заалтууд байна. Түүнийгээ хэрэгжүүлдэг
бүхэл бүтэн тусдаа алба ч хүртэл байна. Манайд бол одоогоор уул уурхайн
алба дөнгөж байгуулагдаж байгаа болохоор хүн хүч дутуу. Тийм болохоор
бид олон улсын туршлагыг судалж байгаад татварын албанд хамгийн ачаалал
багатай тэр хувилбарыг сонгож байгаа.
Өөрөөр хэлбэл хоёр гадаад
компани хоорондоо хувьцаагаа худалдаж байгаа ч гэсэн дам утгаараа тухайн
худалдагдаж байгаа компанийн үнэлгээний 50 хувь нь Монголд байгаа
компанитай холбоотой бол бид татвар авна. 50 хувь хүрэхгүй 40 хувь байх
юм бол бид оролцохгүй. Жишээ нь гадаадад бүртгэлтэй “Саусгоби Ресурс”
компани Монголд бүртгэлтэй “Саусгоби Сэндс” компанийн 40 хувийг эзэмшиж
байсан бол бид “Чалко”-той хийж байгаа хэлцлээс нь татвар авахгүй гэсэн
үг. 50 буюу түүнээс дээш хувийг эзэмшиж байгаа бол Монгол улс татвар
авна. Сонирхол нь манай улсад илүү тусч байна аа гэсэн үг. Энэ бол уул
уурхайн хөгжсөн бүх улсад байгаа татвар.
Компани хооронд
хийгдэж байгаа хэлцлээс ингэж татвар авах юм бол хувь иргэдэд ямар нэгэн
холбоотой юу? Би “Саусгоби Ресурс”-ын хувьцааг хямдхан авчихаад өндөр
үнээр зарж ашиг олоход бас ийм зарчмаар татвар төлөх үү?Энэ
бол аль хэдийнэ хуулиар зохицуулагдчихсан. Бид Аж ахуйн нэгжийн орлогын
албан татварын тухай ярьж байна. Хувь хүний орлогыг орлогын албан
татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахгүйгээр хуулийн зохицуулалт
нь байгаа. Хувь хүн хувьцаанаас олсон олзоо өөрөө мэдүүлж татвараа
төлөх ёстой. Хэрэв төлөөгүй бол зарсан хувьцааныхаа орлогыг тэр чигт нь
хураалгаад дээр нь торгууль тогтоолгоно.
Ингэж татвар ногдуулах нь хөрөнгө оруулагчдыг үргээх нэг хэрэгсэл болохгүй юу?Үргээхгүй.
Яагаад гэхээр дэлхийн бүх улс орон ийм татвар авч байна. Авахын
зэрэгцээ хоорондоо татвараа булаацалдаж байна. Бид байдаг тоглоомын
дүрэм рүү орж ирж байгаа болохоос биш гайхамшигтай шинэ содон юм
хийчихсэн зүйл байхгүй. Хуучин ийм процесс манайд төдийлөн явагддаггүй,
явагдаж эхэлж байсныг нь бид барьж авч чаддаггүй байсан. Одоо бол энэ
хууль гарснаар өөр болно.
Монгол улсын хууль Монгол улсын нутаг дэвсгэр дээр үйлчилнэ. Гадаад дахь хэлцлүүдэд бид нөлөөлж чадах уу?Гэхдээ
лицензээр нь дамжуулж сонирхлыг нь барина шүү дээ. Монголд байгаа
лицензтэй наймааг гадаадад хийхдээ Монгол улсын Засгийн газраас
зөвшөөрөл аваагүй, түүнийгээ мэдүүлээгүй байх юм бол тэр компанийн буруу
болно. Монгол улсад лиценз эзэмшиж байгаа компанийг эзэмшдэг компани
ямар нэг хэлцэл хийх гэж байгаа бол Засгийн газарт мэдэгдэж, түүнийхээ
дагуу татвараа төлнө. Түүнээс биш бид шууд лицензийг нь хүчээр хурааж
авах гээд байгаа юм биш.
Лиценз бол тухайн компанийн ашиг сонирхол.
Энэ ашиг сонирхлоор нь дамжуулж тухайн хэлцлээс олж байгаа олз дээр нь
татвар ногдуулах гээд байгаа юм.
С.Болд-Эрдэнэ