Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ярилцлага

Байгалийн эрдэс баялаг үүрдийн орлого биш учраас зөв хадгалж, зарцуулах нь өнөө үеийнхний үүрэг

Азийн хөгжлийн банк 1966 онд бүс нутгийн эдийн засгийг дэмжих, ядууралтай тэмцэх зорилгоор байгуулагдсанаас хойш эдүгээ 67 орон тус банкинд гишүүнээр элсээд байна. Манай улс ч тэдний нэг нь. Азийн хөгжлийн банк манай улсад үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш ядуурлыг бууруулах, дэд бүтцийн байгууламжийг сайжруулах төслүүдэд төвлөрөн ажиллаж иржээ. Манай улсын хувьд уул уурхайн салбар хөгжихийн хэрээр эдийн засаг ихээхэн өсч буй ч тогтвортой, нийтэд хүртээмжтэй эдийн засаг Монголд нутагших хүртэл хол байна. Азийн болон Монголын эдийн засгийн талаар Азийн хөгжлийн банкны Ахлах эдийн засагч Ян Хансэн, эдийн засагч Л.Амар нартай ярилцлаа.

Ярилцсан Б.Төгсбилэгт

Азийн хөгжлийн банк Монголд үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш ямар төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн бэ?

Ян Хансэн: Азийн хөгжлийн банк (АХБ) 1991 оноос Монголд үйл ажиллагаагаа хэрэгжүүлж эхэлсэн. Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд бид энэ улсын анхдагч бөгөөд хамгийн том албан ёсны хандивлагч байгууллага байж ирлээ. Эхний арван жилд Монгол улсыг зах зээлийн эдийн засагт шилжих, мөн үүнд чиглэсэн суурь бүтцийг бий болгоход АХБ тусламжаа голлон чиглүүлж ирсэн. Харин сүүлийн арван жилд ядуурлыг бууруулахад гол анхаарлаа хандуулж, санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх, нийгмийн чиглэлийн төрийн үйлчилгээг шинэчлэн өөрчлөх, хотуудын дэд бүтэц, үйлчилгээг сайжруулах, орон нутгийн болон улс хоорондын зам харилцааг хөгжүүлэх, мөн хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих бодлого явууллаа. 

АХБ дараагийн таван жилд Монгол улстай түншлэх стратеги, бодлогын баримт бичгээ саяхан эцэслэн баталлаа. Энэ стратегийн дагуу нийгмийн чиглэлийн салбарууд тухайлбал, эрүүл мэнд, боловсрол болон дэд бүтцийн салбарууд, тэр дундаа зам тээвэр, эрчим хүч, хотын дэд бүтцийн хөгжлийг сайжруулахад АХБ чиглэж ажиллах юм. Үүний зэрэгцээ худалдаа, эдийн засгийн харилцааг бэхжүүлэх замаар бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлд тусламж, дэмжлэгээ үргэлжлүүлэх болно.

Саяхныг хүртэл Монгол улс АХБ-наас зөвхөн хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж авах эрхтэй улс байсан. Монгол улсын эдийн засаг сайжирч, зээл эргэн төлөх чадвар сайжирсантай холбогдуулж, 2011 онд ангилал нь дээшилж, АХБ-ны хөнгөлөлттэй зээл, тусламжаас гадна энгийн эх үүсвэрээс санхүүжилт авах боломжтой болсон. Ингэснээр нийт үзүүлэх боломжтой санхүүжилтын хэмжээ ч ихээхэн нэмэгдэж байгаа юм.

Л.Амар: АХБ-ны энгийн эх үүсвэр гэж олон улсын санхүүгийн зах зээлээс татсан эх үүсвэрийг хэлж байгаа юм. АХБ-ны зээлжих зэрэглэл  “ААА” буюу хамгийн өндөр учраас энэ эх үүсвэрийн зардал буюу хүү маш бага байдаг. Иймд, эргээд бид харилцагчдадаа ийм бага хүүтэй зээл, санхүүжилт авах давуу байдал бий болгож өгдгөөрөө онцлог юм. Сүүлийн жилүүдийн зах зээлийн нөхцөл байдлаас шалтгаалж “ААА” зэрэглэлтэй байгууллага, улс орон цөөрсөн нь манай банкинд давуу байдал олгож, маш хямдхан эх үүсвэр босгох боломжтой болсноор бид урьдынхаасаа ч илүү хөнгөлөлттэй нөхцөлөөр энгийн эх үүсвэрээс санхүүжилт олгох орчин бүрдүүлээд байна. Манай хөнгөлөлттэй зээл ойролцоогоор жилийн 1-1,5 хувийн хүүтэй, 30 орчим жилийн хугацаатай байдаг.

АХБ-д гишүүнчлэлтэй улсын дийлэнх нь Азийн бүс нутгийн гишүүн орнууд байдаг. Гишүүн бүр банкинд хувь эзэмшихийн сацуу төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн томилох замаар банкны удирдлагад оролцдог. Монгол улсад үйл ажиллагаа явуулж эхэлсэн 1991 оноос хойш АХБ хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн хэлбэрээр нийт нэг тэрбум гаруй ам.долларын санхүүжилт олгосон.

Азийн хөгжлийн банкнаас жил бүр “Азийн хөгжлийн төлөв” судалгааг гаргадаг. Энэ оны судалгаа өнгөрсөн сарын дундуур гарлаа. Сүүлийн судалгаагаар Азийн эдийн засгийн байдал энэ онд ямар байх төлөв харагдаж байна вэ ?


Ян Хансэн: Бид энэ судалгаандаа Азийн хөгжиж буй улс орнуудыг хамруулан авч үздэг. Европын бүсийн орнууд улсын өрийн хямралтайгаа тэмцэж байна. Азийн  хөгжиж буй улс орнуудын худалдааны голлох түншүүд болох АНУ, Япон, Европын улсууд зэрэг аж үйлдвэржсэн хүчирхэг эдийн засаг бүхий голлох орнуудын зогсонги байдал нь Азийн бүс нутгийн хөгжлийг хойш татаж байна. Эдгээр улс төсвөө хямгадаж, дотоод эрэлт нь сул байгаагаас эдийн засгийн өсөлтийн хурд нь саарч, 2012 онд ердөө 1.1 хувь, 2013 онд 1.7 хувийн өсөлттэй байх төлөвтэй байна. Үүнээс шалтгаалж Азийн хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлт энэ жил 6.9 хувь болж, багахан саарах (өнгөрсөн онд 7.2 хувьтай байсан) ч ирэх жил буцаж 7.3 хувийн өсөлтөд хүрэх тооцоог АХБ хийсэн. Азийн хөгжиж буй улс орнуудын өсөлт дотоодын эрэлтээс үүдэлтэй байх төлөвтэй байна. Тус бүс нутгийн атаархал төрүүлэм хурдацтай өсөлтөд Европын орнуудын өрийн хямрал ойрын хугацаандаа томоохон эрсдэл үүсгэж байгаа юм. Евро бүсийн хямрал нь Азийн хөгжиж буй орнуудын хувьд хөгжингүй орнуудад чиглэсэн экспортоос хамаарах хамаарлаа бууруулж, эдийн засгийн тулгуураа дотоод болон бүс нутгийн эрэлтэд чиглүүлэх шаардлагыг улам тодхон анхааруулж байна.

Монгол улс АХБ-ны ангиллаар Зүүн Азид харьяалагддаг. Зүүн Азийн эдийн засгийн өсөлт түрүү жил 8 хувьтай байсан бол энэ онд 7.4 хувьтай болж буурах төлөв гарсан. Энэ нь БНХАУ-ын эдийн засгийн өсөлт буурч байгаатай холбоотой.

Азийн эдийн засаг дэлхийн эдийн засгийн гол найдвар байж болох юм гэдэгтэй Та санал нийлэх үү?


Ян Хансэн:
АНУ, Европын орнууд, Япон зэрэг хүчирхэг эдийн засагтай орнуудын нөхцөл байдал дэлхийн эдийн засгийг хойш чангаасан өнгөрсөн оны хэв маяг ирэх хоёр жилд ч хадгалагдах төлөвтэй байна. Ялангуяа, Евро бүсийн орнуудын эдийн засаг 2012 онд уналттай тулгарах янзтай. Аж үйлдвэржсэн эдийн засагтай хөгжингүй орнуудын эдийн засгийн өсөлт 2011 онд дөнгөж 1.2 хувьтай байсан бол энэ жил түүнээс ч дордож 1.1 хувь, 2013 онд 1.7 хувь болж нөхцөл байдал арай дээрдэх тооцоо гарсан. АНУ-ын хувьд төсвийн алдагдал, ажилгүйдлийн түвшин өндөр байгаа нь хүндрэл үүсгэж байна.

Төсвөө танах нь эдийн засгийн өсөлтөд тун ч сөргөөр нөлөөлөх юм. Дотоодын эрэлт нь сэргэвэл энэ сөрөг нөлөөллийг бууруулах талтай ч өсөлтийг хямралын өмнөх үеийн түвшинд хүргэж сэргээх эрч хүч дутмаг байна. Европын бүс нутгийн хувьд өнгөрсөн оны эдийн засгийн таагүй байдал энэ онд ч үргэлжлэх хандлагатай байна. Төсвийн хувьд “бүсээ чангалах” арга хэмжээнээс шалтгаалж Европын бүс нутаг эдийн засгийн уналтад орох болов уу гэж ихэнх эдийн засагчид үзэж байгаа. Японы хувьд, 2011 оны гуравдугаар сард болсон газар хөдлөлтийн уршгийг арилгахтай холбоотой гарсан эдийн засгийн идэвхжил нь 2012 онд хүчээ авах төлөв ажиглагдаж байгаа нь сэргээн босгох үйл ажиллагаа, төсвийн зарлага нэмэгдсэнтэй уялдаатай. Гэтэл Азийн хөгжиж буй орнуудын эдийн засгийн хөгжил цаашдаа өндөр хэвээр байх төлөв харагдаж байна.

Хятадын эдийн засгийн өсөлтийн хувь хэмжээг тус улсын Засгийн газар энэ жил 7.5 хувь, дараагийн таван жилд дунджаар 7 хувьтай байна гэж зарласан. Гэвч энэ нь санхүүгийн томоохон байгууллагуудын гаргасан дүнгээс зөрж байгаа нь ямар учиртай вэ? Хятадын эрэлт буурах уу?

Ян Хансэн: Өнгөрсөн оны хувьд БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн ард экспорт биш, харин их хэмжээний хөрөнгө оруулалт, хэрэглээний өсөлтөөс үүдэлтэй дотоодын эрэлт байсан юм. Бидний хийсэн тооцооллоор Хятадын эдийн засгийн өсөлт бага зэрэг саарч 2012 онд 8.5 хувь, 2013 онд 8.7 хувь байх дүнтэй гарсан. Өнгөрсөн жилүүдийнхтэй адилаар 2012 оны бодит өсөлт эрх баригчдын төлөвлөж байгаагаас бага зэрэг өндөр байх хүлээлттэй байна. Үл хөдлөх хөрөнгө, ялангуяа дэд бүтцэд оруулах хөрөнгө оруулалт 2012-2013 онд хурдацтай өсөх тооцоотой байна. Одоогийн хэрэгжүүлж буй Засгийн газрын үйл ажиллагааны таван жилийн төлөвлөгөөний дагуу 2012 онд 7 сая орон сууц барихаар байгаа нь хувийн сектороос үл хөдлөх хөрөнгийн салбарт оруулж буй хөрөнгө оруулалт буурч байгааг нөхөн тэнцвэржүүлэх талтай. Цаашид дэд бүтцэд оруулах хөрөнгө оруулалт өндөр байх төлөвтэй байгаа нь БНХАУ-ын байгалийн нөөц баялаг импортлох эрэлтийг нэмэгдүүлсээр байх болно. АНУ-ын эдийн засгийн сэргэлт удаашралтай байгаа, Европын холбооны улсууд дахь төсвийн болон өрийн асуудлууд, Японы эдийн засгийн уналт зэрэгтэй холбоотой гадаад эрэлт тогтворгүй байгаа нь БНХАУ-ын хувьд эрсдэл үүсгэж байгаа юм.

Энэтхэгийн хувьд Азийн төдийгүй дэлхийн эдийн засгийн “хурдасгуур хүч” болон тодорч байх шиг байна. Энэ улсын эдийн засаг Монголд хэрхэн нөлөөлөх бол?

Ян Хансэн: Энэтхэгийн эдийн засгийн хувьд 2010 онд өсөлт нь 8.7 хувийн байсан бол 2011 онд бага зэрэг буурч 6.9 хувь болсон. Үүнийг тус улсын тогтмол өндөр хувьтай байгаа инфляцитай тэмцэх зорилгоор мөнгөний бодлогоо чангаруулсан,  мөн дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал сул байгаатай холбон тайлбарлаж болно. Эдийн засгийн өсөлт нь аажмаар нэмэгдэж 2012 онд 7.0 хувь, 2013 онд 7.5 хувьтай байх төлөв ажиглагдаж байна. Хэдийгээр Энэтхэгийн эдийн засаг хөгжиж буй Ази дахь эдийн засгийн өсөлтийн томоохон хүчин зүйл мөн боловч Монголын эдийн засагт нөлөөлөл төдийлөн байхгүй болов уу. Хоёр улсын хооронд гадаад худалдааны харилцаа бага шүү дээ.

Уул уурхайн салбар өндөр хөгжсөн улс орны тоонд Индонезийг дурдаж болно. Гэхдээ Индонез уул уурхайн түүхий эдийн экспортод 25-50 хувийн татвар ногдуулахаар шийдвэрлээд байна. Та үүнийг юү гэж үзэж байна вэ?

Ян Хансэн: Би Индонезийн энэ шийдвэр дээр тодорхой дүгнэлт хэлж чадахгүй байна. Ер нь бол уул уурхайн салбарт оролцогч бүх талдаа ашигтай байхуйц тогтвортой гэрээ байгуулан ажиллах нь чухал байдаг.

Азийн хөгжлийн банкны эдийн засагчийн хувьд Азийн улс орнуудын эдийн засгийн байдлаас олон зүйл ажиглагддаг байх. Манай орны эдийн засгийн тухайд хурдацтай өсөлт айсуй гэж их ярих болжээ. Гэхдээ энэхүү өсөлттэй эдийн засгийг хүртээмжтэй, олон талт болгохын тулд бид юү хийх ёстой вэ?

Ян Хансэн: Ажил эрхлэлтийг нэмэгдүүлж, ажлын байрыг бий болгож байж эдийн засгийн өсөлтийг нийтэд хүртээмжтэй болгох боломжтой болдог. Монгол улсын экспортын орлогын 90 гаруй хувь нь уул уурхайн салбараас эх үүсвэртэй. Түүнчлэн улсын төсвийн орлогын 30 орчим хувь, дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ) 20 орчим хувийг уул уурхайн салбар бүрдүүлж байхад уг салбарын бий болгосон шууд  ажлын байр нь нийт ажиллах хүчний 2 хүрэхгүй хувь болж байна. Үүнээс үзэхэд Монгол улсын дунд болон урт хугацааны зорилт нь ажлын байрыг олноор бий болгох явдал болоод байна. Төсвийн тогтвортой байдал, макро эдийн засгийн тэнцвэрийг алдагдуулахгүйгээр нийтэд хүртээмжтэй өсөлтийг дэмжсэн бодлого явуулахын тулд төрийн удирдлага төсвийн зардлыг зам тээвэр, эрчим хүчний дэд бүтэц, цэвэр, бохир усан хангамж, боловсрол, эрүүл мэнд зэрэг ажлын байрыг олноор бий болгодог урт хугацааны хөрөнгө оруулалтад  хандуулах шаардлагатай байгаа юм. Мөн бизнесийн орчныг сайжруулж, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжсэн бодлого явуулснаар иргэдийг урт хугацаанд ажлын байраар тогтмол хангах нөхцөлийг бүрдүүлж чадах юм.

Нэмж хэлэхэд, эдийн засгийн өсөлтийг олон талт, нийтэд хүртээмжтэй болгоход Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн хэрэгжилтийг сайтар хангах нь шууд бус замаар маш чухал үүрэгтэй. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар төсвийн зардлыг хэт нэмэгдүүлэхгүй байх зарчимтай. Төсвийн зарлагын замбараагүй өсөлт макро эдийн засгийн тэнцвэрийг алдагдуулдаг. Өөрөөр хэлбэл дотоод эрэлт нь ихээхэн нэмэгдсэнээр инфляцийг хөөрөгддөг. Энэ нь эргээд зээлийн хүүгийн хэмжээг нэмэгдүүлэх, цаашлаад төгрөгийн ханшийн савлагаа, чангаралт нь компаниудын дотоод зардал ихсэх нөхцөл болдог. Энэ нь ажлын байрыг хамгийн их нэмэгдүүлдэг жижиг дунд үйлдвэрлэлийг зах зээлээс шахан гаргадаг. Иймд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн хэрэгжилт маш чухал.

Л.Амар:
Мэдээж эдийн засгийг төрөлжүүлж, суурийг нь өргөжүүлэх, олон улсад өрсөлдөхүйц бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгох нь эдийн засгийн тогтвортой өсөлтийг урт хугацаанд хангах нэн түрүүний зорилтын нэг юм. Эдийн засгийн төрөлжилт нь гадаад зах зээл, хүчин зүйлсийн сөрөг нөлөөллийг саармагжуулж өгдөг давуу талтай. Төсвийн чанд сахилга батаас гадна олон улсад өрсөлдөхүйц дотоодын салбар болон бүтээгдэхүүнээ тодорхойлж тэдгээрт хөгжүүлэх шаардлагатай дэд бүтцийн байгууламж, бизнес эрхлэх хууль эрх зүйн орчин, төрийн үйлчилгээ, санхүүгийн үйлчилгээ болон макро эдийн засгийн таатай нөхцөл зэргийг бүрдүүлж өгөх нь чухал ач холбогдолтой.

Та уул уурхайн салбарын орлогын экспорт, ДНБ-д эзлэх хувь өндөр байгааг ярианыхаа эхэнд дурдсан. Гэхдээ уул уурхайн орлогын экспорт, ДНБ-д эзлэх хувь цаашид багасахгүй нь тодорхой гэж хэлж болохоор байгаа. Ийм нөхцөлд уул уурхайн салбараас орж ирэх орлогыг ямар салбарт зарцуулах хэрэгтэй вэ?

Ян Хансэн: Нийгмийн гишүүн бүрийн тэгш оролцоо, боломж, бололцоог хангасан хүртээмжтэй өсөлтийг дэмжсэн төсвийн бодлого хэрэгжүүлэхийн тулд төсвийн зарлагыг урт хугацааны хөрөнгө оруулалтад чиглүүлэх өөрчлөлтийг шаардаж байгаа юм. Монгол улсад урт хугацааны, дэд бүтцийн хөрөнгө оруулалтын зардал ДНБ-ий хэмжээтэй харьцуулахад маш өндөр байдаг. Зөвхөн зүүн тийш тавих төмөр замын төсөлд шаардлагатай хөрөнгө оруулалт гэхэд ДНБ-ий хэмжээтэй тэнцэж байгаа. Энэ нь Монголын бусад орноос онцлогтой гэж хэлж болох нэг шинж нь юм. Иймд, энэ харьцангуй их санхүүжилт шаардаж байгаа дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй.

Мөн боловсрол, эрүүл мэнд буюу хүний капиталдаа чиглэсэн хөрөнгө оруулалт хийх нь чухал шаардлагатай байна. Монголын эдийн засгийн дунд хугацааны хөгжилд ихээхэн саад тотгор болох хүчин зүйл нь шаардлагатай мэргэжлийн боловсон хүчнээр дутах явдал юм. Боловсон хүчний хувьд дан ганц уул уурхайгаас гадна бусад олон салбарт шаардлагатай байгаа шүү дээ.

Төсвийн хэт их тэлэлт, тэр дундаа Хүний хөгжлийн сангаас нийт хүн амд хавтгайруулан олгож байгаа  бэлэн мөнгө нь  инфляцийн дарамтыг бий болгож, эдийн засгийг гадны сөрөг нөлөөлөл, хэлбэлзэлд эмзэг мэдрэмтгий болгож байна. Нийгмийн халамжийн тухай хуулинд өөрчлөлт оруулан, бэлэн мөнгө хавтгайруулан олгож байгааг халж, орлогыг орлуулан тооцох аргаар тодорхойлсон эмзэг буюу зорилтот бүлгийг чиглэсэн халамжийн бодлогыг саяхан нэвтрүүлсэн нь бага орлоготой иргэдийг үр дүнтэй дэмжих,  төсөвт дарамт багатай нийгмийн хамгааллын тогтолцоотой болох чиглэл рүү хийсэн томоохон алхам болсон.

Үргэлжлэлийг Mongolian Mining Journal-ийн ¹005  дугаараас уншина уу.