Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Хятад Австралид нүүрсний “магнат” байгуулна

Австралид үйл ажиллагаа явуулдаг Хятадын нүүрсний томоохон олборлогч “Yancoal Australia” компани Австралийн “Gloucester” нүүрсний компанийн 78 хувийг эзэмшилдээ авахаар болжээ.  “Yancoal” Австралийн нүүрс олборлогч томоохон компанийг худалдаж авахаар болсноо өнгөрсөн оны сүүлээр зарлаж байсан юм. Гэхдээ худалдааны тохиролцоог Австралийн тал эцэслэн батлаагүй байсан юм. Харин энэ удаад Австралийн Засгийн газар хоёр компанийн худалдааны тохиролцоог өчигдөр эцэслэн баталжээ. Энэхүү худалдааны үр дүнд “Yancoal”-ын толгой компани Хятадын төрийн өмчийн “Yanzhou coal” компани “Gloucester”-ийн 78 хувийг, 13 хувийг Сингапурын “Noble”, үлдсэнийг “Gloucester” эзэмших юм байна. 

“Deloitte” компани Yancoal нь харилцагч компанийн нэгж хувьцааг 9.35-9.48 доллараар худалдаж авна гэж тооцжээ. “Gloucester” компанийн хувьцаа өнгөрсөн баасан гаригийн байдлаар Австралийн хөрөнгийн бирж дээр 6.87 доллар байсан бол өнөөдрийн байдлаар нэгж хувьцааны үнэ нь ялимгүй унаж 6.82 доллараар худалдаалагдаж байна. Компаниудын худалдаа бүрэн дууссаны дараа Австралийн хөрөнгийн биржид “Gloucester” бус “Yancoal” гэсэн нэрийн дор хувьцаа худалдаалагдах юм байна.

“Gloucester”-ийг өөртөө нэгтгэснээр “Yancoal”-ын нүүрсний геологийн нөөц 3.5 тэрбум тонн, ашигтай нөөц нь 700 сая тонн болж нэмэгдэж буй ажээ. “Yancoal” компани одоогоор жилдээ 12 сая тонн нүүрс олборлож буй бол 2016 онд олборлолтоо 33 сая тоннд хүргэх төлөвтэй байна. Хоёр компани нэгдсэнээр Австралийн New South Wales мужид 11 орд газар эзэмшдэг, найман тэрбум долларын хөрөнгө бүхий нүүрсний томоохон магнат бий болох тухай “Gloucester” компанийн тэргүүн Жэймс Маккензи хэлжээ. Зарим шинжээч хоёр компани нэгдсэний дараа зах зээлийн үнэлгээ нь 4-5 тэрбум ам.доллартай байх таамгийг дэвшүүлээд байна. Гэхдээ энэхүү худалдааны хамгийн гол онцлог нь Хятадын төрийн өмчийн компани Австрали дахь нүүрсний хамгийн үлэмжид тооцогдох компанийг шинээр байгуулж буйгаараа онцлог юм. Харин Хятадын тал энэхүү худалдааны тохиролцоог хараахан эцэслэн батлаагүй байна.

Б.Төгс