Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн 12-р хуралдаан Бээжин хотноо энэ сарын 6-7-ны өдрүүдэд зохиогдож өндөрлөлөө. Энэхүү чуулга уулзалтад манай улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцсон үеэр Хятадын Ерөнхийлөгч Ху Жинтаотай уулзаж санал солилцжээ. Хятадын төрийн тэргүүн энэ үеэр “Танай улстай цаашид эрдэс баялаг болон санхүүгийн салбарын хамтын ажиллагаагаа улам сайжруулж бэхжүүлнэ гэж харж байна. Цаашид хөрш хоёр улс маань уул уурхай, барилга угсралт - дэд бүтэц, санхүүгийн салбарын хамтын ажиллагааг дэмжиж ажиллана гэдэгт найдаж байна” гэжээ.
Өнгөрсөн жилийн байдлаар хоёр улсын худалдааны эргэлт 6.3 тэрбум ам.долларт хүрчээ. Энэ нь 2010 оны үзүүлэлтээс 84.3 хувиар өссөн дүн ажээ. Хятад улс нь одоогоор Монголын хамгийн том экспортын зах зээл, мөн хамгийн гол хөрөнгө оруулагч болоод буй юм. 2011 оны байдлаар манай улс Хятад руу 4.37 тэрбум ам.долларын бүтээгдэхүүн гаргажээ. Үүний дийлэнхийг нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр, газрын тосны экспорт эзэлж байна. Энэ нь улсын нийт экспортын 91.3 хувийг эзэлжээ.
Б.Төгс