Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ярилцлага

Уул уурхайгаас иргэдэд “наалдсан” юм алга

Өмнөговь аймгийн Ноён сумын идэвхтэн байгаль хамгаалагч Б.Тулгазана “Монгол орны өмнийн говийн экологийн бүс нутагт уул уурхайн хөгжлийг нөлөө багатай төлөвлөх” төслийн дунд хугацааны уулзалтад малчдаа төлөөлөн оролцохоор иржээ. Нутгийнхаа аргаль, янгир, ирвэсийг тоо ширхэгээр нь мэдэх энэ жирийн малчин эр төслийнхөнд үнэ цэнтэй санал олныг хэлсэн. Уулзалтын үеэр Б.Тулгазана гуайтай товчхон ярилцсан юм.

Танай нөхөрлөл байгаль хамгаалах чиглэлээр ямар ажил хийж байна вэ? Хэзээнээс үйл ажиллагаагаа эхлэв?


Манай нутгийн малчин иргэд 2001 онд анх нийлээд үйл ажиллагаагаа эхлүүлсэн юм. 2003 оноос албан ёсны тамга тэмдэгтэй нөхөрлөл болсон. Миний хувьд бүлгийн ахлагч, идэвхтэн байгаль хамгаалагч. Цалин хөлс авдаггүй.
Бид Монголын ирвэс хамгаалах сантай хамтарч ажилладаг. Дэлхийд ховордоод байгаа уулын цоохор ирвэс, аргаль, янгир үэрэг ан амьтдаа хамгаалах үйл ажиллагаа явуулдаг. Цоохор ирвэс дархан цаазтай амьтан болохоор мал руу дайрсан ч хөнөөж болохгүй. Ирвэст бариулсан малыг тоолж, хэрвээ даатгалд хамрагдсан бол хохирлыг нь төлүүлэх зэрэг ажил хийдэг. Сүүлийн үед хариуцлагагүй уул уурхай манай нутагт хэрээс хэтрээд байна.

Ноён суманд уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг хэдэн компани байна вэ?

Манай суманд 2008 оноос өмнө ашигт малтмалын 53 лиценз олгосон байсан. Бид хөөцөлдөж, санал гомдол тавьсны үр дүнд 43 болгож бууруулсан. Үүнээс идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 4-5 хайгуулын компани, ашиглалтын лиценз авахаар эрчимтэй ажиллаж байгаа 2-3 компани бий. Тэдгээр компани нүүрсээ олборлоод эхэлвэл байгаль орчинд маш хүнд нөхцөл байдал үүсэх аюул тулгараад байна.

Тухайлбал, ямар хүнд нөхцөл үүсэхээр байна вэ?

Манай сумын баруун захад нүүрсний ашиглалт явуулж байгаа гурван том компани бий. Түүний тоосжилт, хөрсний элэгдэл маш их болж байна. Ялангуяа салхин дор нь байдаг манай сумын бүс нутагт харьцангуй их тоос буудаг. Саяхны судалгаагаар манай сумд хүний гараар тарьсан болон байгалийн бутлаг ургамлууд бүгд өвчилсөн байна гэсэн дүгнэлт гарсан. Агаарын дутагдал, хуурайшилтаас болж ингэж өвчилсөн юм билээ. Хөрсний эвдрэлээс ихсэхээр ургамал ургахаа болино. Ургамал ургахгүй болохоор тэнгэрээс хур бороо татах нь багасдаг. Сүүлийн жилүүдэд хур бороо багатай, гандуу, шороо шуурах нь ихсээд байна.

Уул уурхайн үйл ажиллагаанаас танай сум болон зэргэлдээх сумын иргэдэд наалдаж байгаа эдийн засгийн үр өгөөж хэр байна вэ?

Уул уурхайн буянаар өөдөлж дэвжлээ гээд хэлчих зүйл ер нь ховор доо. Багийн төв дээр ганц нэг байшин барьсан, хурдан морины уралдаан, баяр наадмыг тэтгэсэн зэрэг бага сага зүйл дуулддаг. Тэвдэж явахад тэвнээр тусал гэдэг шиг сандарсан үед санхүүгийн жижиг тусламж үзүүлэх үе бий. Гэхдээ яг иргэдэд хандсан, цаашдын аж амьдралыг дээшлүүлэхэд чиглэсэн зүйл ер нь байхгүй дээ. Уул уурхайг хөгжүүлэхгүй, ашигт малтмалыг огт ашиглахгүй гэсэн ойлголт байж болохгүй л дээ. Хамгийн гол нь хууль журам нь хоорондоо уялдаатай байж, уул уурхайг хариуцлагатай хөгжүүлэх хэрэгтэй гэж бодож байна.

Манай сум төвөөсөө алслагдсан, зам муутай, бартаа ихтэй учраас аялал жуулчлал хөгжих боломж тааруу. Хоёр хилийн боомттой ойрхон. Малын түүхий эдээ Хятад руу зөөсөөр байгаад өөрт наалдсан юмгүй л амьдарч байна. Уул уурхайгаас олсон орлогоор орон нутагтаа жижиг дунд үйлдвэрлэл байгуулж, малын гаралтай түүхий эдээ өөрсдөө боловсруулах хүсэл байдаг. Манай улс тавин сая малтай, гурван сая хүрэхгүй хүн амтай байж махаа гаднаас авахдаа тулж байна. Үүнийг шийдэхийн тулд уул уурхайгаас олж байгаа орлогоороо малчдаа дэмжин махыг шууд нийлүүлэх арга хэмжээ авах хэрэгтэй юм.

Таныг АНУ-д туршлага судлаад ирсэн гэж сонссон. Ямар шугамаар явсан бэ?

2001 онд Дэлхийн шилмэл малны үзэсгэлэн худалдаанд оролцохоор АНУ-д очсон. АНУ-ын эх газрын мужууд болох Өмнөд Дакота, Колорадогоор 10 хоног аялсан. Дакота муж цаг агаарын хувьд манайхтай их төстэй юм билээ. Бэлчээр хамгаалах, нар салхины эрчим хүчийг ашиглах туршлагаас нь судалж, Монголдоо хэрэгжүүлмээр санагдаж байсан. Мөн уул уурхай эрхлэхээсээ өмнө байгальдаа маш их анхаардаг нь жирийн иргэний нүдээр харахад л мэдрэгдэж байсан. Зэлүүд талд хашаа хашаад салхин дээд талд нь мод тарьчихсан. Нар салхины жижиг хэмжээний эрчим хүчний байгууламж барьчихсан. Энэ ямар учиртай эд вэ гээд асуухаар “Энд 4-5 жилийн дараа уурхай, нефьтийн цооног барих гэж байгаа” гэсэн хариулт өгч байсан. Олон жилийн өмнөөс байгаль орчны асуудлаа эхэлж зохицуулаад үйл ажиллагаа явуулдаг нь харагдаж байгаа юм.

Манайд бол уул уурхайн асуудлыг шийдэх төрийн бодлого зохицуулалт нь өрөөсгөл учраас өнөөдөр ийм зөрчилтэй байдалд хүрчихээд байгаа юм болов уу гэж ойлгодог. Манай улсын хууль тогтоомж шинэчлэгдэж байгаа нь сайн хэрэг. Түүнийг бидэнд сайн ойлгуулж сурталчилж өгөх хэрэгтэй байна. Зурагтаар нэг улс төрч гараад л би ийм хууль санаачиллаа, зохицууллаа гээд л байдаг. Тэр нь бидэнд үнэхээр хэрэгтэй юм уу, амьдралын хөрсөн дээр буусан хууль байж чадаж байна уу гэдгийг мэргэжлийн хуульч, хөндлөнгийн шинжээч нар тайлбарлаж өгөөсэй гэж хүсдэг дээ.
 
О.Хосцэцэг