хоёр долоо хоногийн туршид эрчимтэйгээр буураад байсан эрдсийн түүхий эдийн үнэ өнөөдөр багагүй хувиар өслөө. Учир нь өнөө өглөө Европын холбоо Испанийн банкны салбарт зориулж 100 тэрбум еврогийн зээл олгохоор шийдвэрлэжээ. Түүнчлэн дэлхийн хоёр дахь том эдийн засаг болох Хятадын импорт өнгөрсөн тавдугаар сард өнгөрсөн оны мөн үеийнхтэйгээ харьцуулахад 12.7 хувиар, мөн экспортын хэмжээ 15 хувиар дээшилсэн нь эрдсийн зах зээл сэргэхэд нөлөөлжээ. Өнөөдрийн байдлаар нэг тонн зэсийн үнэ Лондоны металын бирж дээр 2.5 хувиар дээшилж бараг 7500 ам.долларт хүрчээ.
Энэ нь зэсийн хувьд сүүлийн дөрвөн сард байгаагүй огцом өсөлт болж байна. Харин газрын тосны хувьд Брэнт маркийн бүтээгдэхүүний үнэ 100 ам.доллар/баррель-аас давжээ. Энэ сарын 4-ны байдлаар Брэнт маркийн газрын тосны үнэ 96 ам.доллар/баррель болтлоо унаад байсан юм. Газрын тосны үнэ хэт өсөх нь инфляцийг хөөргөдөх аюултай ч, эсрэгээр хэт буурах нь эдийн засаг ихээхэн уналттай байгаагийн урьдач дохио болдог. Гэхдээ өнөөдрийн байдлаар энэхүү дохио арилах хандлагатай болж эхэллээ. Харин АНУ-ын “WTI” маркийн газрын тосны үнэ өнөөдөр 85.2 ам.доллар/баррелийн үнэтэй байна. Түүнчлэн ОХУ-ын “Уралс” маркийн газрын тосны үнэ харьцангуй буугаад байгаа бөгөөд энэ сарын эхний байдлаар 100 ам.доллар/баррельд үнэ нь хэлбэлзэж буй юм.
Б.Төгс