Европын холбооны улс орнууд 2030 он гэхэд цөмийн 150 станцаа бүрэн хаах төлөвтэй байгааг “ГлобалДата” байгууллага мэдээлжээ. Гэхдээ АНУ, Хятад зэрэг улс орон цөмийн эрчим хүчний хэрэглээг хязгаарлах бодлого төдийлөн байхгүй байгаа ажээ. Тухайлбал АНУ өөрийн улсад үйл ажиллагаа явуулж буй цөмийн станцуудын 71-ынх нь ажиллах хугацааг 20 жилээр сунгажээ. Ердөө таван цахилгаан станцыг дунд хугацааны дотор хаахаар шийдвэрлэжээ. АНУ-ын тухайд цөмийн станцыг нэмж байгуулахгүй бол ирээдүйд эрчим хүчний хомсдолд орж болзошгүй тухай “Женерал Электрик” компанийн төлөөлөл ярьж байсан юм. Тиймдээ ч АНУ цөмийн станцуудаа хаах тухайд зоригтой алхам хийж чадахгүй байж болох юм.
Харин Европын тухайд эсрэгээр цөмийн эрчим хүч “баяртай” гэсэн бодлогыг эрчимтэй хэрэгжүүлэх болжээ. Энэ нь өнгөрсөн оны гуравдугаар сарын 11-нд Японд болсон цүнамийн үеэр Фүкүшимагийн цөмийн цахилгаан станцад гарсан ослоос үүдэлтэй билээ. 2030 он хүртэл хаагдах цөмийн станцуудын 69 хувь нь Европт байдаг ажээ. Эдгээр станцуудын зөвхөн Европт орших хэсгийнх нь эдийн засгийн үнэлгээ нь 81.4 тэрбум ам.доллартай тэнцэж байгааг “ГлобалДата” мэдээлжээ.
Тухайлбал Франц 21.5 тэрбум долларын өртөг бүхий станцаа хаах ажээ. Харин Их Британи 18.7 тэрбум доллар, Орос 13.4 тэрбум ам.долларын “хөрөнгөө” хаах төлөвтэй байна. Гэхдээ энэ нь нэлээд урт хугацаанд хэрэгжих алхам юм. Европын улс орнуудын зарим нь цөмийн эрчим хүчнээс бүрэн ангижирсан улс болохоор төлөвлөж буйг бид мэдэх билээ. Тухайлбал Герман, Бельги улс 2030 он гэхэд, харин Швейцарь 2034 он гэхэд цөмийн эрчим хүчнээс бүрэн ангижрахаар төлөвлөжээ.
Б.Төгс