Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ярилцлага

Metso Монголд хамгийн сайн тохирно

Финландад төвтэй “Metso” компани дэлхийн улс орнуудад уул уурхай болон барилгын чанартай тоног төхөөрөмж, үйлчилгээгээрээ бүрэн танигдсан компани юм. Монголын компаниудын хувьд ч “Мetso” “хуучин танил” нь гэж хэлж болно. Мөн эрчим хүч, дахин боловсруулах чиглэлийн үйлдвэрийн тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг байна. Монголын уул уурхайн салбарт дэвшилтэт технологи шингэсэн тоног төхөөрөмж ус агаар мэт хэрэгтэй байгаа энэ үед “Metso”-гийн Хятад дахь салбарын төлөөлөлтэй тус компанийн технологийн давуу тал, үр ашгийн талаар ярилцлаа.  


“Мetso” дэлхийн уул уурхайн салбарынханд танигдсан нэр хүндтэй компани. Өнөөдөр хэр далайцтай үйл ажиллагаагаа явуулж байна вэ?

“Metso Mining and Construction” компанийн Уул уурхайн хэлтсийн Ерөнхий менежер ЦИ СОНГ:


-“Metso” Финландад төвтэй үндэстэн дамнасан компани юм. Одоогоор бид 50 оронд салбартай, 30 мянган ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Өнгөрсөн жилийн байдлаар 6 тэрбум еврогийн борлуулалт хийсэн. Компани дотроо гурван том бүрэлдэхүүн хэсэгт хуваагддагийн  нэг нь “Metso” уул уурхайн компани. Энэ нь мөн уул уурхайн ба барилгын тоног төхөөрөмж гэж хоёр хуваагддаг. Future Mongolia 2012 үзэсгэлэнд “Меtso”-гийн Хятад дахь салбар оролцож байна. Бээжинд төвтэй энэ салбар нь Хятад төдийгүй Хойд Солонгос, Тайвань, Монголын зах зээл, үйл ажиллагааг хариуцдаг. Хятад дахь салбар 400 гаруй ажилтантай. Тяньжинд нэг үйлдвэртэй. Энэ үйлдвэрт голдуу HP500 болон түүнээс бага маркийн бутлуур хийдэг.

“Меtso” уул уурхайн тоног төхөөрөмжийн компанийн Хятад, Монгол, Хойд Солонгос, Тайвань зэрэг дөрвөн орны зах зээлд хийсэн борлуулалтын хэмжээ өнгөрсөн онд 200 сая евро хүрсэн. “Меtsо” олон төрлийн бүтээгдэхүүн  үйлдвэрлэдгийг мэдэх байх. Бутлуурын машин, баяжуулах үйлдвэрийн иж бүрэн тоног төхөөрөмж, баяжуулах үйлдвэрийн халаалт дулааны асуудлыг шийдэх үүрэгтэй тоног төхөөрөмж, уурхайн хүдрийг тээвэрлэх, дамжуулах тоног төхөөрөмж нийлүүлдэг. Бутлах тоног төхөөрөмж нь манай борлуулж буй нийт тоног төхөөрөмжийн 55 хувийг эзэлж байна. Үлдсэн хувийг баяжуулах тоног төхөөрөмж, барилгын тоног төхөөрөмж болон засвар үйлчилгээ эзэлдэг. 

Манай компани Финландын нийслэл дэх олон улсын биржид бүртгүүлж, хувьцаагаа гаргасан. Бид Монголын барилга, уул уурхайн зах зээлийг олон жил сонирхож байна.

Монгол дахь компаниуд танай технологийг аль хэдийнэ сонирхоод эхэлчихсэн болов уу. Эсвэл Монголын уул уурхайн томоохон төслүүдэд технологио нэвтрүүлэх яриа хэлэлцээрийг танай компани төр болон хувийн хэвшлийн байгууллагуудтай амжилттай эхлүүлчихсэн байж болох юм. Энэ талаараа тодруулахгүй юу?

Таван жилийн өмнөөс “Оюутолгой” компанитай хамтарч ажиллаж байна. “Оюутолгой” компанид тоног төхөөрөмж нийлүүлдэг. Энэ төсөлд МР1000 загварын бутлуур гурван ширхэг, VTM 1250 загварын бутлуур зургаан ширхэг, хөвүүлэн баяжуулалтын технологийг одоогоос дөрвөн жилийн өмнө нийлүүлсэн. Мөн хөдөлгөөнт бутлуурын машин 2010 онд нийлүүлсэн. “Оюутолгой” компани зам тавих ажилдаа ашиглахаар хөдөлгөөнт бутлуурын дөрвөн машин авч байсан юм. Бид одоо нийлүүлсэн тоног төхөөрөмжийнхөө засвар үйлчилгээ, сэлбэг эд ангийг нийлүүлэх үйлчилгээг үзүүлж байна.

Танай компани ойрын хугацаанд Монголын ямар төслүүд дээр хамтарч ажиллах боломжтой гэж бодож байна вэ?

Яг одоохондоо “Оюутолгой” бол хэрэгжиж байгаа хамгийн том төсөл. Ийм төсөлд бид тоног төхөөрөмж нийлүүлж байгаа. Өөр гадаад, дотоодын компаниудтай ярилцаж байна.  Гэхдээ зөвхөн яриа хэлэлцээрийн шатанд байна. Манай инженер мэргэжилтнүүд харилцагч компаниуддаа шинэ төслүүд танилцуулах, тоног төхөөрөмж нийлүүлэх саналаа өгөх байдлаар байнга холбоотой ажилладаг.

“Мetso”-той ижилхэн тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг маш олон компани байна. Монголын зах зээлд ч тэдгээр компанийн зарим нь нэвтэрсэн. Тиймээс танай компанийн бусдаас ялгарах гол давуу тал нь юү вэ?


“Меtso”-гийн зорилт зөвхөн хамгийн чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр хязгаарлагддаггүй. Бидний бас нэг зорилт бол байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй ажиллах. “Меtsо”-гийн технологийн төвийн мэргэжилтнүүдийн хийдэг үндсэн ажил нь бараа бүтээгдэхүүний чанарын баталгаанаас гадна байгаль орчинд хэрхэн ээлтэй байх, тухайлбал нүүрсхүчлийн хий бага ялгаруулах, эрчим хүч бага зарцуулахыг үндсэн зорилтоо болгодог.  
Бидний одоогийн хийж буй босоо бутлуур хуучнаасаа 30-40 хувийн цахилгааны хэмнэлттэй. Мөн дээр нь бидний нийлүүлж буй босоо бутлуур зах зээлд нийлүүлэгдэж буй ийм төрлийн бутлуураас хамгийн том нь. “Мetso”-гийн тоног төхөөрөмжийг ачиж буулгахад хялбар, засвар үйлчилгээ бага шаарддаг. Сэлбэг хэрэгсэл ч бага шаарддаг. Шалтгаан нь тоног төхөөрөмжийн металын чанарыг сайжруулсантай холбоотой. Ерөнхийдөө Монголын уурхайнууд сум суурингаас хол оршдог учир засвар, инженерийн үйлчилгээ хүрэхэд их хол байдаг. Гэсэн ч “Меtsо”-гийн засвар үйлчилгээ найдвартай. Бид 100 жилийн түүхтэй компани. Түүхэн хөгжлийнхөө явцад салбартаа тэргүүлэгч олон компанийг өөртөө нэгтгэсэн.

“Меtsо”-гийн технологи нь зэс, төмрийн хүдэр болон бусад металын хүдэр боловсруулалтад илүү давуу талтай. Мөн цахилгаан станцад хэрэглэх тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлээ сайн хөгжүүлсэн. Цахилгаан, дулааны станцад хэрэглэдэг бараа бүтээгдэхүүнээс нүүрсний тээрмийг дурдаж болно. Энэ нь нүүрсийг нунтаг болгоод уурын зуух руугаа үлээж оруулдаг тоног төхөөрөмж юм. Хятадын Антайбао-гийн 300 МВт, 600 МВт, 1200 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станцуудад бид нийт 100-гаад ширхэг нүүрсний тээрэм нийлүүлсэн.  Энэ төхөөрөмж маань станцын зуухны хэсэгт байрлах юм. Мөн станцын зуухнаас гарч буй утааны хүхэрлэгийг шүүж багасгах тоног төхөөрөмж үйлдвэрлэн нийлүүлдэг.

Мetso Minerals International Trade компанийн Барилгын салбарын хэлтсийн Ерөнхий менежер ЗИЦИАНГ ЛИ:


-Миний хувьд Улаанбаатарт анх удаа ирлээ. Монгол дэд бүтцийн хувьд маш их ирээдүйтэй санагдлаа. Ирээдүйд маш их бүтээн байгуулалт Монголд өрнөнө гэж бодож байна. Тиймээс “Меtsо”-гийн хөдөлгөөнт бутлуурын үйлдвэрийн бутлуур болон шигшүүр Монголын зах зээлд маш их эрэлттэй бүтээгдэхүүн юм. Меtsо компани Хятадын зах зээлд 30 жил барилгын маш олон тоног төхөөрөмж нийлүүлсэн. Жишээлэхэд, Хятадын “Саншиа” цахилгаан станцын барилгын ажилд маш олон тоног төхөөрөмж нийлүүлсэн. Мөн хурдны зам болон хурдан галт тэрэгний замын бүтээн байгуулалтыг дурдаж болно. Хятад хурдны замын нийт уртаараа АНУ-ын дараа, дэлхийд хоёрдугаарт орж байна. Удахгүй дэлхийд тэргүүлэх байр эзлэх болов уу. Хурдан галт тэрэгний замын бүтээн байгуулалт ч мөн адил. Хурдны галт тэрэгний төмөр замын урт нь ч гэсэн дэлхийд тэргүүлэх хэмжээнд хүрээд байна. Энэ бүх үйл ажиллагаанд “Меtsо”-гийн бутлуур, шигшүүрийг байнга хэрэглэдэг.

“Меtsо”-гийн  IPCC  хөдөлгөөнт карьер /бутлуур, шигшүүр/ нь байгаль орчинд хор хөнөөл багатай, эрчим хүч бага зарцуулдаг шинэ бүтээгдэхүүн. Хуучин уламжлалт карьерт чулуугаа ачааны машинаар зөөж аваачиж буталдаг байсан. Шинэ карьерт энэ явц байхгүй. Ингэснээр зөөвөрлөж буй машинаас гардаг утаа, тоос зэрэг байгаль орчинд үзүүлэх хортой нөлөөлөл арилж буй юм. Мөн автомашины түлшний хэрэгцээ ч шаардлагагүй болохын зэрэгцээ илүү аюулгүй, найдвартай ажиллагаатай. Энэ төрлийн өмнөх үеийн карьертай харьцуулахад эрчим хүчний зарцуулалтыг 30 хувиар бууруулсан. Үйлдвэрийн гаргаж буй чулууны өртөг ч гэсэн 30 хувиар буурсан. Энэхүү хөдөлгөөнт карьер ирээдүйд Европын зах зээл дээр эрчим хүчний хэмнэлттэй, хорт утааны ялгаруулалт багатайн хувьд шинэ стандарт болох байх. Хөдөлгөөнт карьер Монголын зах зээлд ч гэсэн хөлөө олж, хүмүүст танигдаж, өргөнөөр хэрэглэгдэнэ гэдэгт итгэлтэй байна.

Metso Mining and Construction компанийн Үйлчилгээ хариуцсан Ерөнхий менежер ТОМАС БАЙ:

-Бусад орны хэрэглэгчидтэй харьцуулахад Монголын үйлчлүүлэгчид маань техник тоног төхөөрөмж, засвар үйлчилгээ, сэлбэг хэрэгслийн найдвартай байдлыг илүүтэй шаарддаг. Цаг агаарын эрс тэс уур амьсгалтай Монголд өвөл нь -40 хэм хүрдэг учир найдвартай ажиллаж, эвдрэл бага гардаг байхаас гадна солих сэлбэгийг байнга шаарддаг юм. “Оюутолгой” төсөлд бид маш олон үйлчилгээ үзүүлсэн. Шаардлагатай сэлбэг хэрэгслээр ч цаг тухайд нь хангаж байгаа. Бид тоног төхөөрөмж нийлүүлж буй байгууллагадаа инженерийн албаны хүмүүсээ тогтмол ажиллуулж, үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ ажилчид нь засвараа бие даан хийхэд зориулж сургалт явуулдаг. “Оюутолгой”-д хөдөлгөөнт карьер нийлүүлсний дараа 2010 оны аравдугаар сараас 2011 оны аравдугаар сарын хооронд хоёр инженер газар дээр нь ажиллан, цаг тухайд нь засвар үйлчилгээ хийхийн зэрэгцээ монгол ажилчдыг сургасан. “Оюутолгой”-н хувьд  тодорхой хэмжээний сэлбэг хэрэгслийг байнгын нөөцөд байлгадаг.

Манай компани Тяньжинд агуулахтай. “Оюутолгой”-д нийлүүлсэн тоног төхөөрөмж овор хэмжээ ихтэй төдийгүй сэлбэг хэрэгсэл нь ч овор ихтэй. Тиймээс Монголд хамгийн ойр орших далайн боомт Тяньжинаас тоног төхөөрөмжөө авчирдаг. Ирээдүйд Улаанбаатарт, эсвэл Оюутолгойн төслийн талбай дээр агуулах байгуулж, байнгын хэрэгцээт сэлбэг хэрэгслээ хадгалах бодолтой байгаа. Монголын зарим хэрэглэгчдийн техник, тоног төхөөрөмж “Меtsо”-гийнх биш байж болох юм. Тэгсэн ч тэдний хэрэглэж буй зарим эд анги “Меtsо”-гийнхтой ижил байдаг. Ийм нөхцөлд бид тэдгээр эд ангийг нийлүүлж ажиллахад бэлэн байна.

“Metso” засвар үйлчилгээний чанарт анхаардаг юм байна. Гэхдээ техник болсон хойно эвдрэх магадлал өндөр шүү дээ. Ялангуяа Монголын эрс тэс цаг уурын нөхцөлд?

“Меtsо”-гийн дэлхий даяар хэрэгжүүлж байгаа бас нэг үйлчилгээг энд хэлэхийг хүсч байна. Энэ нь манай компанийн нийлүүлсэн тоног төхөөрөмжийн хэрэглэгдэх “амьд” хугацаанд бүх талын үйлчилгээг хариуцаж ажиллах үйлчилгээ юм. Энэ үйлчилгээг бид Бразил, ОХУ-ын байгалийн хүнд нөхцөлд байгаа уурхайнуудад үзүүлдэг. Энэ үйлчилгээгээр техник тоног төхөөрөмжийн тохиргоог хийж өгнө. Сэлбэг эд ангийг нийлүүлнэ, газар дээр нь байрлуулж, суурилуулж өгнө. “Меtsо”-той гэрээ байгуулсан нөхцөлд хэрэглэгч тухайн тоног төхөөрөмжийг арчлах мэргэжилтэн заавал бэлтгэх шаардлагагүй. Сэлбэг эд ангийг ч бэлтгэх шаардлагагүй болдог. Гэрээний төлбөр тооцооны хувьд гарч буй бүтээгдэхүүнээсээ ашгаа хуваарилах зарчмаар хамтарч ажилладаг. Зарим тоног төхөөрөмжийн компаниудын хувьд хэрэглэгч худалдаж авахаас гадна бүх засвар үйлчилгээгээ хариуцдаг. “Меtsо” бол ийм биш. “Меtsо”-той урт удаан хугацаанд хамтран ажиллах гэрээ байгуулсан нөхцөлд өөрөө сэлбэг авах, засвар үйлчилгээний хүнтэй байх шаардлагагүй. Энэ үйлчилгээг улс орон, компаниуд их сонгож байгаа. Африк, Бразил, ОХУ, Швед улсууд авдаг. BHP, Рио Тинто, Вале зэрэг компани ч гэсэн тоног төхөөрөмжөө голцуу энэ зарчмаар авч байгаа.

Монголын хувьд өргөн уудам газар нутагтай. Ихэнх уурхайнууд суурин газраас хол. Ийм нөхцөлд энэ үйлчилгээ бүр ч илүү хэрэгцээтэй юм. Өнгөрсөн жил ОХУ-ын нэгэн зэсийн уурхайтай бид таван жилийн хугацаатай, 200 сая еврогийн гэрээ хийсэн. Гэрээний хүрээнд АНУ-аас 180 мэргэжилтэн ирж, тоног төхөөрөмжөө байрлуулан засвар үйлчилгээг хийж байгаа. “Меtsо” гэрээнийхээ дагуу бүх сэлбэг хэрэгслийн угсралтыг хариуцна. Засвар үйлчилгээг хариуцна. Уурхайн хувьд зөвхөн бүтээгдэхүүнээ гаргахад анхаарч, ашгаасаа “Меtsо”-той хуваалцах л үлддэг юм.

Мөн уурхайн бүх урсгалыг эрчим хүчний илүү хэмнэлттэй, илүү үр ашигтайгаар шинээр өөрчлөн зохион байгуулах “PTI” үйлчилгээг бид шинээр нэвтрүүлж эхэлсэн. Мэдээж тухайн уурхайн бүх тоног төхөөрөмж “Меtsо”-гийнх байх албагүй. “Меtsо”-гийн баяжуулах үйлдвэрийн олон тусгай инженер энэхүү “PTI” төслийг хариуцаж явуулдаг. Эхлээд манай мэргэжилтнүүд газар дээр нь очиж дүгнэлтээ гаргана. Тухайн уурхайд тохиромжтой өөрчлөлтүүдийг хийснээр бүтээмж 50-60 хувиар нэмэгдэх нь бий. Ийм нөхцөлд бид харилцан тохиролцсоны үндсэн дээр ашгаа 30:70 ч юмуу байдлаар хуваарилдаг. Уурхай өөрөөсөө бэлэн мөнгө гаргах шаардлагагүй. Энэ үйлчилгээ өмнөх үйлчилгээнээсээ юугаараа ялгаатай вэ гэвэл, эхний үйлчилгээний хувьд зөвхөн “Меtsо”-гийн бараа бүтээгдэхүүн байгаа тохиолдолд хэрэгжүүлдэг. Харин “PTI” үйлчилгээгээр “Меtsо” тоног төхөөрөмжийн өөрчлөлтийг бүрэн хариуцаж, зарим тоног төхөөрөмжийг өөрөөсөө болон гадны эх үүсвэрээс нийлүүлж ашгаа хуваарилдаг. “Меtsо” өрмийн тоног төхөөрөмж үйлдвэрлэдэггүй. Жишээ нь “PTI” үйлчилгээний явцад өрмийн тоног төхөөрөмж уурхайд шаардлагатай бол “Сандвик” ч юмуу “Атлас”-аас аваад нийлүүлж өөрчлөн сайжруулж болох юм.

Танай компани цаашдаа зах зээлээ өргөжүүлэх талаар өөр ямар зорилттой ажиллаж байна вэ?

ЦИ СОНГ: 
2015 он хүртэлх таван жилийн төлөвлөгөө бий. Бид Future Mongolia үзэсгэлэнд оролцож байгаа нь төлөвлөсөн зорилтоо биелүүлэхийн тулд хийж буй эхний алхам. Монголын тухайд эн тэргүүнд төлөөлөгчийн газартай болно. Мөн барилга, уул уурхайн салбарын бараа бүтээгдэхүүнээ сурталчилна. Бид үйлчилгээгээ хэрэглэгчдэдээ найдвартай хүргэх болно.  Монгол Хятад хоёр улс адилхан хөгжиж байгаа орон ч зах зээл, санхүү эдийн засгийн нөхцөлөөрөө арай ялгаатай. Тийм ч учраас Хятадад байгаа “Меtsо”-д Монголын зах зээлийг хариуцуулдаг. Өнгөрсөн оны ТУЗ-ийн шинээр гаргасан шийдвэрээр, Хятадад үйлдвэрлэж байгаа сэлбэг хэрэгсэл, эд ангийг нэмэгдүүлж байгаа. Хятад руу чиглэсэн хөрөнгө оруулалтаа ихэсгэж байна. Үүнийг дагаад Хятад дахь “Меtsо”-гийн баг илүү туршлагатай, боловсронгуй болно. Энэ хүмүүс Хятадын зах зээлийн эргэн тойрон дахь “Меtsо”-гийн хэрэглэгчдэд үйлчилгээ үзүүлнэ.

Монголын зах зээлийн хувьд таван жилийн өмнөөс “Оюутолгой”-гоор дамжин бид мэдэх болсон. Монголд салбар компаниа байгуулж, засвар үйлчилгээ, борлуулалтын мэргэжилтнүүдээ ажиллуулна. Ойрын хугацаанд Монголын уул уурхай, барилгын тоног төхөөрөмжийн салбарт чанартай найдвартай үйлчилгээгээ хүргэхийг зорьж байна.

“Меtsо”-гийн технологид түшиглэсэн Монголын уул уурхайн салбарын боломжийг та хэрхэн харж байна вэ?

Хэдийгээр Финландын компани ч гэлээ “Metso”-гийн технологи бүх орны технологийг нэгтгэсэн байдгийг тэмдэглэх хэрэгтэй. Үйлдвэр ч гэсэн дэлхийн бүх орноор тархан байрласан. Манай салбар 50-иад оронд байна. ТУЗ болон хамгийн том хувьцаа эзэмшигч маань Финландад байгаа. 

Монгол орны цаг агаар, газар зүйн байршлаас шалтгаалан эн тэргүүнд хэрэгтэй тоног төхөөрөмж нь эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй байхыг шаарддаг. Хямд төсөр, амархан эвдэрдэг тоног төхөөрөмж тохирохгүй. Найдваргүй, өндөр технологид түшиглээгүй тийм технологи цаг агаарын ширүүн нөхцөлтэй оронд амархан эвдэрдэг. Тэр нь хэмнэснээсээ илүү их зардал гаргаж үйлдвэрийн үйл ажиллагаанд доголдол учруулна.  Ийм нөхцөлд боломжийн үнэ ханштай, илүү найдвартай, ямар нэгэн саад тотгоргүй үйлчилгээ үзүүлдэг, найдвартай өндөр технологийн тоног төхөөрөмж шаардлагатай юм. Энэ чиглэлээр “Меtsо” хамгийн найдвартай, байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй, засвар үйлчилгээ бага шаарддаг технологитой. Үүгээрээ ч дэлхийд түлхүү танигдсан. Энэ л үүднээс Монгол шиг алслагдсан, цаг агаарын хэцүү нөхцөлтэй газарт “Меtsо”-гийн тоног төхөөрөмж тохиромжтойг хэлэх байна. “Меtsо”-гийн ажилтны хувьд би энэ зах зээлд итгэлтэй байгаа. Монгол орны байгаль, цаг уурын нөхцөл байдал манай бараа бүтээгдэхүүнийг хэрэглэхэд илүү тохиромжтой байх болно гэдэгт бид итгэлтэй байна.

Мэдээж Монголын хөрш зэргэлдээ орнуудын хувьд ижил төстэй хямд төсөр бараа үйлдвэрлэж байгаа. Би “Меtsо”-гийн  ажилтан гэдгээрээ бахархдаг. Манай компани чанартай бараа бүтээгдэхүүн нийлүүлдэг тул сайн үйлчилгээ үзүүлдгээрээ үргэлж бахархдаг. Дэд бүтэц хөгжсөн, дулаан цаг ууртай оронд “Меtsо”-гийн бүтээгдэхүүн бусдаас нэг их ялгарахгүй байж мэдэх юм. Гэтэл хэт хүйтэн, эрс тэс уур амьсгалтай, далайн түвшнээс хэт өндөр газарт бол “Меtsо” бусад компаниас давуу нь харагддаг. Манай үйлчилгээний хувьд хэрэглэгчидтэйгээ шууд тулж ажилладаг. Уул тааралдвал уулыг хагалж зам гаргана, гол тааралдвал гүүр тавьж хэрэглэгчдээ  хүрээд зогсохгүй хэрэглэгчийнхээ ажлыг сайжруулна. Манай амжилт бол хэрэглэгчийн амжилт. Манайх ийм л зарчим баримталж ажилладаг. 

Б.Төгсбилэгт